Ажилгүй иргэдийг сургалтад үнэгүй хамруулна
Нийслэлийн хөдөлмөрийн газраас өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
Хөдөлмөрийн яам, Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний төв, Нийслэлийн хөдөлмөрийн газраас "Хөдөлмөр эрхлэлтийн сургалтын хөтөлбөр"-ийг хэрэгжүүлж байгаа юм. Тус хөтөлбөрийн хүрээнд мэргэжил олгох, ур чадвар эзэмшүүлэх үнэгүй сургалт зохион байгуулах гэж байна. Сургалтад хамрагдсан, төгсөгчдөд улсын хэмжээнд баталгажуулсан, гэрчилгээ олгох юм.
Уг сургалтад ажилгүй иргэн, сургууль завардсан залуус, ажилгүйдэлд өртөж болзошгүй иргэд хамрагдаж болох бөгөөд 7-45 хоногийн хугацаатай аж. Барилгын засал чимэглэл, өрөгч угсрагч, краны оператерчин, үсчин гоо сайханч, худалдагч зэрэг хамгийн эрэлтэй 40 гаруй мэргэжлээр сургалт явуулах аж.
Сургалтад хамрагдахыг хүссэн иргэд өргөдөл, хорооны тодорхойлолт, дүүргийн хөдөлмөрийн хэлтэсийн мэдэгдэл, иргэний үнэмлэхийн хуулбартайгаа ирж, Нийслэлийн хөдөлмөрийн газарт бүртгүүлэх юм.