Мэргэжлийн боловсрол, сургалтын 10 байгууллагад иж бүрэн тоноглолтой автобусны түлхүүр гардуулж өглөө.
2013.08.26

МСҮТ-үүдэд автобус хүлээлгэн өглөө

Монголын мянганы сорилтын сангийн Мэргэлжийн боловсрол, сургалтын төвийн хүрээнд Мэргэжлийн боловсрол, сургалтын 10 байгууллагад иж бүрэн тоноглолтой автобусны түлхүүр гардуулж өглөө.

Ёслолын арга хэмжээ “Hyundai Motors Showroom”-д болсон бөгөөд Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав, АНУ-ын МСК-ийн суурин төлөөлөгчийн үүрэг гүйцэтгэгч Бурак Инан нарын албаны хүмүүс оролцсон юм.

Монголын мянганы сорилтын сангийн Мэргэжлийн боловсрол, сургалтын төсөл нь Мянганы сорилтын сангаас хэрэгжүүлж буй зургаан төслийн нэг бөгөөд нийтдээ 50.2 сая ам.долларын санхүүжилтийг зарцуулсан байна.

Үүнээс 30 орчим сая ам.долларыг бодлого эрхзүйн орчинг боловсронгуй болгох, удирдлагын болон санхүүжилтийн шинэ механизмыг хөгжүүлэх, сургалтын агуулга хөтөлбөрийг шинэчлэх, багш мэргэжилтнүүдийн мэдлэг ур чадварыг дээшлүүлэх зэрэг зүйлст зориулан Улаанбаатар хот болон 16 аймгийн Мэргэжлийн боловсрол, сургалтын 28 байгууллагад олгожээ.

Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв

Тус төслийн хамгийн том ололт нь эдийн засгийн тэргүүлэх салбарын ажилтан, мэргэжилтнийг бэлтгэх тухайлбал, барилга, уул уурхайн салбарын жишиг сургуулиудыг байгуулсан явдал байлаа. Төслийн хэмжээнд нийтдээ 200 орчим төрлийн үйл ажиллагаа, арга хэмжээ хэрэгжүүлсний дотор 50 гаруй сургууль хамрагдаж, нэг сургуульд 200 саяас 3.6 тэрбум төгрөгийн материаллаг хөрөнгө оруулалтыг хийжээ.

Сургалтын байгууллагын материаллаг орчинг сайжруулах ажлын хүрээнд бүсийн арга зүйн зургаан төв, салбарын жишиг сургуулиуд буюу нийт 10 МСҮТ-ийг автобусаар хангаж байгаа юм.

 Автобус хүлээн авсан сургуулиуд:

1.    “Дархан Өглөө” политехникийн коллеж
2.    Орхон аймаг дахь МСҮТ
3.    Дундговь аймаг дахь МСҮТ
4.    Завхан аймаг дахь МСҮТ
5.    Дорнод аймаг дахь МСҮТ
6.    Архангай аймаг дахь МСҮТ
7.    Говьсүмбар аймаг дахь МСҮТ
8.    Үйлдвэрлэл урлалын политехникийн коллеж
9.    ЭМШУИС-ын Эрүүл мэндийн технологийн сургууль
10.    Монгол Солонгосын политехникийн коллеж