Найрамдал төвийн 35 жилийн ойд 620 хүүхэд цуглав
Олон улсын хүүхэд багачуудад нөхөрлөх боломжийг олгодог газар бол хүүхдийн Найрамдал төв юм.
Тус төвийнхөн 35 насныхаа ойгоор хөрш зэргэлдээ орны болон олон улсад хаалттай гэдэг Ардчилсан солонгос улсын хүүхдүүд Найрамдал төвийнхөнд баяр хүргэхээр хүрэлцэн ирсэн байна. Энэ удаагийн баярын арга хэмжээнд 620 гаруй хүүхэд хүрэлцэн ирсэн байна.
УИХ-ын Гишүүн, Хүний Хөгжил, Нийгмийн Хамгааллын Сайд С.Эрдэнэ “Үе үеийн олон мянган хүүхдийг хүмүүжүүлж гаргасан. Анхны амрагчид нь бүгдээрээ нас биед хүрсэн улс орондоо ихийг хийж бүтээгээд явж байна ингээд бодохоор найрамдал төвөөр маш олон иргэд хүмүүжиж гарч байгаа. Цаашдаа ч олон мянган хүүхдийг амрааж, улсын хөгжилд томоохон үүрэг гүйцэтгэнэ гэдэгт эргэлзэхгүй байна” хэмээн нээлтийн үеэр хэллээ.
Олон улсын найрамдал төвийнхөн хүүхдийн сурч мэдэх, хөгжих, орчин нөхцөлийг бүрдүүлэх чиглэлд олон зүйлийг төлөвлөж байна.
Олон улсын найрамдал төвийн захирал Т.Түвшин “2500 хүний суудалтай спортын том цогцолбор удахгүй баригдахаар энэ оны төлөвлөгөөнд тусгагдсан. Мөн 350 хүний суудалтай усан бассейн удахгүй ашиглалтад орж, хүүхдэд зориулсан мини парк байгуулахаар төлөвлөж байна. Найрамдал төвийн нутаг дэвсгэрт байгаа бүх л газраа хүүхдийн хүмүүжилд зориулан ашиглах болно” хэмээн хэллээ.