М.Сономпил: Амгалан дулаан станц ашиглалтад орсноор 86 уурын зуух хаагдана
“Амгалан” дулааны станцын бүтээн байгуулалт, барилгын ажил өчигдрөөс эхэлж байна.
Тус арга хэмжээний нээлтийн ажиллагаанд Эрчим хүчний сайд М.Сономпил, Төрийн нарийн бичгийн дарга Д.Дэлгэрцогт, Нийслэлийн Засаг даргын орлогч Н.Гантөмөр, Эрчим хүчний зохицуулах хорооны дарга С.Отгонбаяр, “Тавантолгойн цахилгаан станц” төслийн удирдагч М.Энхсайхан болон тус төслийн ашиглалтын өмнөх захиргааны дарга Б.Баттөмөр, төслийн ажлыг гүйцэтгэх Хятадын машин инженеринг корпорацийн ажилтнууд оролцсон байна.
“Амгалан” дулааны станцыг түлхүүр гардуулах нөхцөлөөр барьж байгуулах бөгөөд одоо газрыг 70 хувь чөлөөлснөөр барилга байгууламжийн бүтээн босголтын ажлыг эхлүүлж байгаа
“Амгалан” дулааны станцыг түлхүүр гардуулах нөхцөлөөр барьж байгуулах бөгөөд одоо газрыг 70 хувь чөлөөлснөөр барилга байгууламжийн бүтээн босголтын ажлыг эхлүүлж байгаа нь энэ юм. Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын зүгээс газар чөлөөлүүлэх ажилд хамтран оролцож, Эрчим хүчний яамнаас томилсон Төсөл хэрэгжүүлэх нэгж газар дээр нь гүйцэтгэгч компанитай нягт уялдаатай ажиллаж байна.
Барилгын ажлын нээлтийн үеэр Эрчим хүчний сайд М.Сономпил “Амгалан дулааны станцын бүтээн байгуулалтыг богино хугацаанд гүйцэтгэхээр төлөвлөөд ажлаа эхэллээ. Ирэх оны өвлийн оргил ачааллын өмнө ашиглалтад оруулж нийслэлийн зүүн захын хэрэглэгчдийг халуун дулаанаар хангана.
Станцыг байгаль орчинд ээлтэй, хамгийн сүүлийн үеийн технологийн дагуу барьж өндөр үр ашигтай, техник технологи суурилуулахаар гэрээнд тусгасан. Тухайлбал, нам температурт буцламтгай шаталттай технологийн зуухыг суурилуулснаар агаарыг бохирдуулах исэл болон хүхрийн ялгаралт эрс буурна. Мөн ойр орчмын 86 уурын зуух энэ станц ашиглалтад орсноор татан буугдаж нийслэлийн агаарын бохирдол багасах юм” гэлээ.