УИХ-ын гишүүн, БОХХАА-н Байнгын Хорооны Дарга Г.Баярсайхан
2013.07.26

Улаанбаатар хот ирээдүйд эрчим хүч дулааны хомсдолд орж болзошгүй

Улаанбаатарчуудын цахилгаан дулааны хэрэгцээ үйлдвэрлэх хүчин чадлаасаа даваад олон жил болж байна. Энэ үед 2008 оноос хойш яригдсан тавдугаар цахилгаан станцын асуудал хүчтэй яригдаж байгаа.

Энэ онд төвийн бүсийн эрчим хүчний систем цахилгааны оргил ачаалал 875мВт хүрч, хүчин чадлаасаа хэтэрсэн тул ОХУ-аас 160-170мВт-г өндөр үнээр импортолж өвлийг өнгөрөөсөн. Өсөн нэмэгдэж буй эрчим хүчнийхээ хэрэгцээг хангахад хэд хэдэн шинэ станц шаардлагатай.

Эдгээрээс хамгийн өндөр хүчин чадалтай нь өдгөө долоо дахь удаагаа шаваа тавиад буй тавдугаар цахилгаан станц. Хамгийн сүүлийн шийдвэрээр тавдугаар цахилгаан станцыг Баянзүрх дүүрэгт Хөлийн хөндий гэдэг газар барихаар болсон.

Дөрөвдүгээр цахилгаан станц

Энэ шийдвэрийг байгаль орчин талаасаа асар их халтай гэж үзэн зөвшөөрлийг нь олгоогүй. Улаанбаатарчуудын ундны усны эх үүсвэр дархан цаазат Богд хан уулын бүсэд цахилгаан станц барих боломжтой эсэх асуудлын эцсийн шийдвэрийг БОНХ-ийн яамнаас гаргахаар болоод байгаа юм.

УИХ-ын гишүүн, БОХХАА-н байнгын хорооны дарга Г.Баярсайхан хэлэхдээ, Манай байнгын хороо чиглэл үүргийнхээ дагуу Эрчим хүчний сайд М.Сономпил болоод бусад албан тушаалтнуудыг байнгын хорооныхоо хуралдаан дээр урьж газрын сонголтын талаар албан ёсны мэдээлэл авсан.

Гишүүд өөрсдийнхөө байр суурийг илэрхийлсэн. Гишүүдийн дийлэнх нь үүнийг үргэлжлүүлээд явах нь зүйтэй гэсэн. Мөн байгаль орчны асуудал дээр онцгой анхаарах санал, үүрэг даалгаврыг өгсөн байгаа гэв.

Одоогоор төвийн эрчим хүчний системийн цахилгааны дөрөвний нэг, дулааны тавны гурвыг дөрөвдүгээр цахилгаан станц дангаараа хангадаг байна.