2013.08.15

М.Сономпил: Эрчим хүчний үнийг чөлөөлөх гэж яарахгүй

“Ярилцах танхим ” булангийн энэ удаагийн дугаарт УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд М.Сономпилыг урьж цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Эрчим хүчний салбар өвлийн бэлтгэлээ хэр хангаж байна вэ?

-Одоогийн байдлаар өвөлжилтийн бэлтгэл ажил 70 орчим хувьтай байна. Ирэх есдүгээр сарын 5-ны өдөр энэ ажлыг дуусгасан байх үүрэг өгсөн. Ингээд эрчим хүчний салбарын өвлийн бэлтгэл ажил аравдугаар сарын 1-ний өдөр гэхэд бүрэн дуусна. Эрчим хүч улс орны амин чухал салбар учраас өвлийн бэлтгэл ажилд онцгой анхаарч байгаа.

-Та өмнө нь эрчим хүчний салбарт нэгдсэн бодлого байхгүй байна гэж байсан. Эрчим хүчний экспертүүд ч энэ салбарыг хөгжүүлэх нэгдсэн бодлогыг яаралтай боловсруулах шаардлагатай гэж байгаа. Та ажлаа авснаас хойш энэ бодлогыг боловсруулахад хэрхэн анхаарч байна вэ?

-Анхаарч байгаа. Засгийн газрын хуралдааны үеэр энэ асуудлыг олон удаа хөндсөн. Өмнө нь Эрчим хүчний институт гэж бодлого боловсруулдаг 300 гаруй ажилтантай байгууллага байлаа. Энэ байгууллага 1997 онд тухайн үеийн Боловсрол, шинжлэх ухааны яаманд шилжиж Эрчим корпораци болсон.

Харин энэ жилээс эргээд Эрчим хүчний яамны харьяа болж байгаа. Эрчим корпораци Эрчим хүчний яамны харьяа болсноор энэ салбарыг хөгжүүлэх нэгдсэн бодлого боловсруулах бүрэн боломжтой болж байгаа юм. Тэгэхээр энэ ажил эхний шатандаа явж байна. Ойрын хугацаанд нэгдсэн бодлогоо боловсруулаад нэгтгэх юм.

-Амгалангийн дулааны цахилгаанстанцын газар чөлөөлөх ажил удааширч байна. Газар чөлөөлөхөд 26 тэрбум төгрөг зарцуулж иргэдэд хүссэн мөнгийг нь өгсөн ч гэсэн одоог хүртэл газраа чөлөөлөөгүй байгаа. Нөхөн олговрыг нь өгчихсөн юм чинь төр төмөр нүүрээ харуулаад албадан нүүлгэж болдоггүй юм уу?

Амгалангийн дулааны цахилгаан станцын газрыг чөлөөлөхөд нийслэлээс хүч хөдөлмөр гаргаж байгаа.

-Өнгөрсөн даваа гарагт “Бүтээн байгуулалтын цагаар энэ асуудлыг ярисан. Амгалангийн дулааны цахилгаан станцын газрыг чөлөөлөхөд нийслэлээс хүч хөдөлмөр гаргаж байгаа.

Энд 80 гаруй айл газар чөлөөлөхөөс одоогийн байдлаар ердөө наймхан айл л нүүгээд байна. Уг нь нөхөн олговрын мөнгийг хэд хоногийн өмнө шилжүүлсэн ч одоог хүртэл нүүхгүй байна. Дээр нь чөлөөлсөн газар дээр айл ирээд буусан тохиолдол ч гарсан. Энд буучихвал нөхөн олговор өгнө гэсэн ойлголттой байдаг юм шиг байна билээ.

-Хүчээр нүүлгэж болдоггүй юм уу. 80 өрхийн эрх ашгаас нэг сая өрхийнх илүү шүү дээ?

-Иргэд газраа чөлөөлөхийг хүлээгээд суугаад байхаар ажил урагшлахгүй учраас эхний ээлжинд хашаагаа барьж, суурийн нүхийг нь ухъя гэж шийдсэн. Иргэдийг нүүлгэлгүй барилгын ажлаа эхлэхэд эрсдэл гарч болзошгүй. Гэхдээ үүнээс өөр арга алга. Уг нь гүйцэтгэгч компани нь газраа чөлөөлж байж ажилдаа оръё гэж байгаа боловч хүлээх цаг байхгүй.

Тиймээс үнэхээр хүчний байгууллагуудыг ашиглаад газар чөлөөлөхгүй бол болохгүй нь ээ. Нийтийн эрх ашгийн үүднээс газар чөлөөлөх ажлыг түргэвчилнэ. Нэгэнт барилгын ажлаа эхэлчихвэл иргэд нүүнэ гэж бодож байна. Мэдээж хэрэг иргэд нүүж байгаа учраас шинэ газар олохоос эхлээд асуудал байсан байх.

-Өвлийн бэлтгэл ажил хуваарийн дагуу явж байгаа юм байна. Ер нь энэ өвөл цахилгаан дулаан тасалдахаас эхлээд эрчим хүчний салбарт ямар нэгэн асуудал гарахгүй гэж ойлгож болох уу?

-Тэгж ойлгож болно. Бид өвөлжилтийн бэлтгэлээ хангалттай базаасан. Манай улс өмнө нь ОХУ-аас 175 мВт-ын цахилгаан эрчим хүч импортолдог байсан. Харин өнөө жил 250 мВт болгон өсгөх талаар гэрээ хэлэлцээр хийж байна.

ОХУ-аас эрчим хүч нэмж импортлох боломжтой. Мөн Оюутолгойгоос Тавантолгой хүртэл холбосон шугамыг энэ сард хүлээж авах гэж байна. Тавантолгой Дундговь аймаг, Чойр дэд станцтай холбогдсон учраасганц ОХУ-аас эрчим хүч импортолдог байсан бол БНХАУ-аас давхар авах болж байгаа юм. Үүний үр дүнд улс орноо эрчим хүчээр тасралтгүй хангах бололцоотой юм.

-Тавдугаар цахилгаан станцын ажил юу болж байна вэ. Энэ онд гэхэд л хэд хэдэн удаа байршлыг нь өөрчилчихлөө?

-Тавдугаар цахилгаан станцын газрыг товлох гэж олон сарын хугацаа алдлаа. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл хөлийн голын хөндийд 15 жилийн хугацаатай газар олгосон байгаа. Газрын асуудлыг шийдвэрлэсний дараа байгаль орчны ерөнхий үнэлгээ хийхэд нарийвчилсан судалгаа хийх шаардлагатай байна гэсэн.

Энэ судалгаа хийгээд явж байна. Гэхдээ бид судалгааны дүн хүлээгээд суулгүй энэ долоо хоногтоо багтаад гүйцэтгэгч компанийг шалгаруулахаар болсон. Нэгэнт байгаль орчны ерөнхий үнэлгээгээр Хөлийн голын хөндийд цахилгаан станц барьж болохгүй гэсэн хариу гараагүй учраас ажлаа үргэлжлүүлэхэд асуудал гарахгүй.

-Хөлийн голын хөндийд шинэ цахилгаан станц барихаа болиод Багануурт барихаар болж байна гэсэн яриа гарч байсан?

-Хөлийн голын хөндийгөөс гадна Багануурт цахилгаан станц барих техник эдийн засгийн урьдчилсан үнэлгээ хийсэн байгаа. Т ав дугаар цахилгаан станцаас гадна Багануурт ч цахилгаан станц барих ёстой. Мөн тавдугаар цахилгаан станцын ТЭЗҮ бэлэн болсон. Энэ сарын 19-ний өдөр Шинжлэх ухаан технологийн зөвлөл хуралдаж ТЭЗҮ-г батлаад тавдугаар цахилгаан станцыг гэрчилгээг гардуулна.

-Тавантолгойд цахилгаан станц барих ажил ямар шатанд явж байгаа вэ?

Оюу толгойн хэрэглээ

-Тавантолгойг түшиглэсэн цахилгаан станц барих ажил урагштай байна. Одоогийн байдлаар байгаль орчны ерөнхий үнэлгээг хийж байгаа. Хуулийн зөвлөх компани болон санхүүгийн зөвлөх компаниудыг сонгосон. Оролцогч компаниудын саналыг ч авсан байгаа. Хамгийн сүүлд БНСУ-ын Сөүл хотод оролцогч компаниудын төлөөлөлтэй уулзсан.

-Том оврын цахилгаан станцууд ашиглалтад орох хүртэл гал алдахгүй байх нь чухал. Энэ хүрээнд хийж байгаа ажлуудын үр дүн ямар байна вэ?

-Бид өнгөрсөн жилийн арваннэгдүгээр сард ДЦС-4-ыг 100 мВт-аар өргөтгөсөн. Энэ нь цахилгаанаас гадна дулааныг ч нэмэгдүүлж байгаа. Энэ төслийн ажил ирэх жилийн тавдугаар сард дуусах ёстой. Мөн ДЦС-З-ыг ч өргөтгөж байна. Энэ ажил ч мөн эрчимтэй урагшилж байна. Эхний ээлжинд арванхоёрдугаар сарын 1 -ний өдөр ашиглалтад оруулахаар болсон.

-Сүүлийн үед усан цахилгаан станц барих эсэх талаар маргаан өрнөх боллоо. Зарим хүн усан цахилгаан станц манай улсад хэрэггүй, байгаль орчинд сөрөг нөлөөтэй гэж байна. Эрчим хүчний сайдын хувьд үүнийг юу гэж үзэж байна вэ?

-Усан цахилгаан станц манай оронд зайлшгүй шаардлагатай. Би өнгөрсөн зургаадугаар сарын эхээр Австри улсад айлчилсан. Вена хотын дундуур урсдаг Дунай мөрөнд зургаан усан цахилгаан станц барьсан байсан. Ер нь дэлхийн өндөр хөгжилтэй зарим орон

цахилгаан эрчим хүчнийхээ 90 орчим хувийг усан цахилгаан станцаар хангадаг юм. Хэрвээ усан цахилгаан станц байгаль экологид хор нөлөөтэй байсан бол ингэж олноор нь барихгүй байсан шүү дээ. Усан цахилгаан станц байгаль экологид эерэгээр нөлөөлдөг гэдгийг хэлмээр байна. Миний хувьд урсан өнгөрч буй усны энергийг авч үлдэх ёстой гэсэн байр суурьтай байдаг.

-Цахилгаан, эрчим хүчний үүнийг 2014 оноос чөлөөлнө гэж байгаа. Үнэ чөлөөлөх бэлтгэл ажлыг нь хэр хангаж байна вэ?
Манай өрхүүдийн 68 орчим хувь нь сард 150 кВт-аас бага цахилгаан эрчим хүч хэрэглэдэг.

-Эрчим хүчний үнийг чөлөөлөх талаар УИХ-ын 2011 оны 72 дугаар тогтоол байдаг. Бэлтгэл ажлын хүрээнд энэ онд эрчим хүчний салбарын хэмнэлт үр ашгийн жил болгон зарласан шүү дээ. Эрчим хүчний салбарынхан өөрсдөө хэмнэлт хийе, үр ашгаа дээшлүүлье гэсэн зорилго тавьсан. Мөн эрчим хүчний үнийг нэмэхгүй байх талаар анхаарч ажилласан.

Эрчим хүчний хэмнэлт үр ашгийн жилтэй холбогдуулан Эрчим хүчний хэмнэлтийн тухай хуулийг УИХ-д өргөн барьж байна. Энэ сарын 5-ны өдрөөс эхлэн эрчим хүчний үнийн зохицуулалт хийж тодорхой хэмжээгээр нэмэх шийдвэр гаргасан.

Энэ шийдвэрийг иргэд янз бүрээр хүлээн авч байх шиг байна. Энэ сард 150 кВт-аас дээш эрчим хүч хэрэглэж байгаа иргэд нэг кВт тутамд одоогийн үнээс 20 төгрөг нэмж төлнө. Манай өрхүүдийн 68 орчим хувь нь сард 150 кВт-аас бага цахилгаан эрчим хүч хэрэглэдэг. Энэ өрхүүд мөнгө нэмж төлөх шаардлагагүй.

-Иргэдийг эрчим хүчээ хэмнэдэг болгоход чиглэж байна шүү дээ?

-Тийм. Мөн энэ жил цахилгаан дулааны үнэ нэмэгдэхэд нөлөөлж байгаа нэг зүйл нь өвлийн ачааллыг хүндрэлгүй давахын тулд хоёр хөршөөсөө цахилгаан эрчим хүч импортолж байгаатай холбоотой юм. Импортоор авч байгаа эрчим хүчний үнэ өндөр байгаа. Тиймээс ийм зохицуулалт хийх зайлшгүй шаардлагатай байсан.

Тухайлбал БНХАУ-аас авч байгаа эрчим хүчний үнэ нэг кВт нь 200 төгрөгт хүрч байна шүү дээ. Тиймээс импортын эрчим хүч үнийн баланст нөлөөлсөн гэж ойлгож болно.

Үүнээс гадна эрчим хүчний үнийн зохицуулалт нь хэмнэлтийн үнийн тариф болохоос биш үнэ нэмээд байгаа зүйл биш. Мөн дулааны үнийг нэмэлгүй суурь хураамжтай болгосон. 3050 метр квадрат байранд амьдардаг өрхүүд сард 3000 төгрөгийн хураамж төлнө 50-100 метр квадрат орон сууцтай бол 5000 төгрөг, үүнээс дээш бол 10 мянган төгрөг төлөхөөр зохицуулсан.

Яагаад дулаан хэрэглэдэггүй зуны улиралд хүртэл суурь хураамж авч байна вэ гэвэл зуны улиралд дулаан түгээдэг компаниуд орлогогүй болчихдог учраас суурь хураамжаараа цалингаа нөхөж байгаа юм.

-Манай улсад ахуйн хэрэглээний цахилгааны үнэ үйлдвэрийн хэрэглээний үнээс бараг хоёр дахин хямд байдаг. Гэтэл дэлхийн ихэнх оронд үйлдвэрлэлээ дэмжих үүднээс энд хэрэглэж байгаа цахилгааны үнэ нь хямд, ахуйн хэрэглээний цахилгааны үнэ өндөр байдаг юм билээ. Үнийн энэ жишиг нь иргэдээс хэмнэлт хийхийг шаарддаг байх?

-Манай улсын цахилгааны тариф дэлхийн улс орнуудтай жишихэд нэг дахин бага үнэтэй байдаг. Нэг киловатт тутамд 20 төгрөг нэмэгдсэн ч гэсэн дэлхийн жишиг үнээс бага байгаа. Ер нь иргэд хэмнээд байвал энэ нэмэгдэл нэг их түвэг болохгүй. Харин эрчим хүч хэмнэдэггүй айл өрхүүдийн цахилгааны үнэ тодорхой хэмжээгээр нэмэгдэнэ.

-Манай улс цаашид гадны энэ жишиг рүү шилжих үү?

-Улс орны эдийн засаг жилээс жилд өсч байна. Айл өрхүүдийн амжиргааны түвшин ч үүнийг дагаад нэмэгдэж байгаа. Гэхдээ одоогийн байдлаар дэлхийн жишгийн үнийг даах боломж дундаж амьдралтай өрхүүдэд бага байна. Иймээс эрчим хүчний үнийг 2014 оноос чөлөөлнө гэж байгаа ч бидний хувьд үүнд яарахгүй байгаа. Хамгийн гол нь хэмнэлт л чухал.

-Эрчим хүчийг дотооддоо хэмнэх ёстой гэж байгаа. Эрчим хүч үйлдвэрлэгч компаниуд дотооддоо хэмнэлт хийхийн тулд өмнө нь байсан эрчим хүчний аудитын газар гэх мэт байгууллагыг сэргээх хэрэгтэй гэдэг. Хэрхэн хэмнэлт хийхийг энэ байгууллагын мэргэжлийн экспертүүд тодорхойлох юм биш үү?

-Энэ ажлыг яамны Хяналт шинжилгээ үнэлгээний газар хийх боломжтой. Хэмнэлт үр ашгийн жилтэй холбогдуулан Эрчим хүчний яамнаас бүх аж ахуйн нэгжүүдэд аудит хийсэн.

-Энэ жил нүүрсээ хэрхэн нөөцөлж байна вэ?

-Манай яам Монголбанктай хамтраад нүүрс нөөцлөхөд зориулж 25 компанид 80 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй урт хугацааны зээлийг олгосон. Өмнө нь манай компаниуд арилжааны банкуудаас өндөр хүүтэй зээл авч, зээлээ хугацаанд нь төлөх гэж бөөн юм болдог байсан. Бид эрчим хүчний үнийг тогтворжуулах, эрчим хүчний компаниудын хоорондын авлагыг барагдуулахын тулд энэ ажлыг хийсэн юм.

-Эрчим хүч үйлдвэрлэгч төрийн өмчит хувьцаат компаниудын ТУЗ-д хөндлөнгийн мэргэжлийн хүмүүс байхгүй байна гэсэн шүүмжлэл их гарч байна?

-Энэ компаниудын ТУЗ-д Төрийн өмчийн хороо, Сангийн яам, олон нийтийн төлөөлөл ордог. Мөн ТӨХК-иудын ТУЗ-ийг ТӨХ-ноос томилно шүү дээ.

-Энэ зун цахилгаан их тасарч байгаад иргэд бухимдалтай байх шиг байна?

-Эрчим хүчний салбарт бүтээн байгуулалтын ажил өрнөж байна. Мөн урсгал засварын ажил ч үргэлжилж байгаа. Үүнээс болж цахилгаан тасрах тохиолдол их гарах боллоо. Үүнд иргэдээс уучлал хүсч байна. Түүнчлэн барилгын ажил эрхэлж буй компаниуд эрчим хүчний кабель шугамуудыг санаандгүй таслах, гэмтээх тохиолдол их байгаагаас болж цахилгаан тасарч байгаа.

Тиймээс аж ахуйн нэгжүүдэд газар шорооны ажил хийхдээ болгоомжтой хандахыг анхааруулсан. Иймд цахилгаан тасарч байгаа нь эрчим хүчний хүрэлцээтэй бус засварын ажилтай холбоотой юм.

-Ярилцсанд баярлалаа.