Эрчим хүчний яамны хуралдаан
2013.08.20

ТЭЦ5-ын барилгын ажил удахгүй эхэлнэ

Их хотыг найдвартай цахилгаанаар хангах зорилготой ТЭЦ5-ын барилгын ажил удахгүй эхэлнэ.

Засгийн газраас барилгын ажил эхлүүлэх аж ахуй нэгжүүдийг сонгон шалгаруулахаар боллоо. Нийслэлийн Баянзүрх дүүргийн ургах наран хорооллын ард байрлахаар газар нь шийдэгдсэн. Улаанбаатар дулааны цахилгаан станц тав ашиглалтад орсноор 450 мВт хүчин чадалтай үр ашигтай дулаан эрчим хүч Улаанбаатар хотод нэмэгдэнэ.

Хоёр засгийн газар дамжин яригдаж байгаа төслийн урьдчилсан шалгаруулалтад оролцохоор хоёр компани шалгарч үлдээд байна. Энэ төслийн гүйцэтгэгчийг сонгох гэрээний нөхцөлийн хэлэлцээр хийх үүрэг бүхий ажлын хэсгийнхэн хоёр корпорацийн удирдлагатай уулзалт хийж тэдний саналыг нээлттэй сонслоо.

ТЭЦ5-ын зураг төсөл

Эрчим хүчний сайд М.Сономпил “Сонгон шалгаруулалт явагдсан талаарх мэдээллийг сонслоо. Шинэчлэлийн засгийн газар өнгөрсөн жилийн 9-р сарын 24-нд эдийн засгийн бүрэлдэхүүнийг өөрчлөөд ажилласан. Энэ хугацаанд засгийн газарт нийт долоо удаа танилцуулж газарзүйн байршлын болон бусад нилээн олон ажил гүйцэтгэсэн” хэмээн хэллээ.  

Ажлын хэсгийнхэн төслийн хүрээнд хийгдсэн болоод, хийгдэж буй ажлууд, станц барих газрын байршил өөрчлөгдсөнтэй холбогдуулан Азийн хөгжлийн банкны зөвлөхүүдтэй хийгдсэн санал зөвлөмж мөн шалгарч үлдээд байгаа хоёр компанид өгсөн мэдээллийг танилцууллаа.

Үүнд хөрөнгө оруулалт, үнэ тариф, барилгын ажлыг гүйцэтгэх хугацаа зэрэг багтсан байна. Эрчим хүчний сайдын хэлж байгаагаар сонгон шалгаруулалтыг энэ найман сард багтаан аж ахуй нэгжүүдийн саналыг үндэслэн хамгийн ашигтайг сонгоно хэмээн мэдэгдлээ.