Нийт хүүхдүүдийн 71 хувь нь цэцэрлэгт хамрагдана
Жил бүр эцэг эхчүүдийн сэтгэлийг зовоодог асуудал нь цэцэрлэгийн хүрэлцээ байдаг. Энэ жил нийт хүүхдүүдийн 71 орчим хувийг цэцэрлэгт хамруулах тооцоолжээ.
Нийслэлийн боловсролын газрын дарга Ц.Отгонбагана хэлэхдээ, “Бид хавар цэцэрлэгүүдийн хамран сургах тойргийг шинэчлэн тогтоож, цэцэрлэг бүр тойргийнхоо хүрээнд байгаа хүүхдүүдийн судалгааг нарийвчлан гаргасан. Судалгаандаа үндэслэн цэцэрлэгт хамрагдах хүүхдийн тоог нэмэгдүүлэхээр ажиллалаа.
Төрийн өмчийн 25 цэцэрлэгийн ашиглагдахгүй байгаа өрөөнүүдэд 32 анги нээж 1740 орчим хүүхэд хамруулах бололцоотой боллоо. Мөн төрийн болон төрийн бус өмчийн 29 цэцэрлэгт тусгай зөвшөөрөл олгосноор 1670 орчим хүүхэд авах боломжтой болсон. Одоо 2013-2014 оны хичээлийн жилд цэцэрлэгт хамрагдах хүүхдүүдийнхээ бүртгэлийг эцэслэн хийж байна гэлээ.
Тухайлбал, СБД-ийн 42 дугаар цэцэрлэгийн хувьд 200 орчим хүүхдийн зориулалттай хэдий ч энэ жил 358 хүүхдийг бүртгэхээр төлөвлөжээ. Харин нийт хүүхдүүдийн 50 хувь нь шинэ хүүхдүүд байхаар тооцоолж байна. Нэг ангид 25 хүүхэд суралцах стандарт байдаг хэдий ч 40 хүүхэд суралцана гэсэн үг юм.