Таван настай хүүхдүүдийг сургуулийн өмнөх боловсролд заавал хамруулна
Жил бүрийн намар эцэг эхчүүдийн анхаарлын төвд байдаг асуудал бол цэцэрлэгийн хүрэлцээ юм. Өнгөрсөн хичээлийн жил цэцэрлэгийн насны хүүхдүүдийн дөнгөж 69 хувийг хамруулж чадсан.
БШУ яамнаас энэ жилийн цэцэрлэгийн бүртгэлийг 8-р сарын 19-24-ны хооронд зохион байгуулахаар болжээ. Хоёр үе шат болгон бүртгэж байгаа шалтгаан нь өмнөх жилд хамрагдаж байсан хүүхдүүдээс энэ жил цэцэрлэгт хамрагдахгүй хүүхдийн тоог гарган тооцох зорилготой юм.
Эцэг эхчүүд хүүхдээ цэцэрлэгт шинээр бүртгүүлэхдээ хамран сургах тойргийн хүрээнд хандах ёстой. Гэхдээ энэ жил нийслэлийн хэмжээн дэх цэцэрлэгийн насны хүүхдийн 71-72 хувийг л хамруулж чадах юм байна.
45-р цэцэрлэгийн бага бүлгийн хүүхдүүд дүрслэх урлагын хичээл дээр
Нийслэлийн боловсролын газрын дарга Ц.Отгонбагана “Өнгөрсөн хавар бүх цэцэрлэгийн хамран сургах тойргийг шинэчлэн тогтоож бүх цэцэрлэгт нэгдсэн судалгаа гаргасан байгаа. энэ судалгаанд үндэслэн бүртгэлээ хийсэн. Энэ жил 5. 6 настай сургуульд орж байгаа хүүхдүүдийн ангид л элсэлт авна өөрөөр хэлбэл 20-60 хүүхдийг л нэмж авах боломж байгаа.
9-р сарын 1-д хоёр настай болон түүнээс дээш настай хүүхдүүдэд л шинээр элсэлт авахад бүртгэнэ. Хоёр нас хүрээгүй хүүхдийг цэцэрлэгт бүртгэж авахгүй. Үүнд эцэг эхчүүд ойлгож хандана гэж найдаж байна. 5 настай хүүхдүүдээ бид сургуулийн өмнөх боловсрол олгох үүднээс бүгдийг нь бүртгэж авна. 3,4 настай хүүхдүүдийн хувь боломж их муу байгаа. эмзэг бүлгийн буюу хорооноос заавал цэцэрлэгт хамруулах чиглэл бас өгч байгаа” хэмээн мэдэгдлээ.
Энэ жил эцэг эхчүүдэд хүндрэл учруулдаг дарааллын хүндрэл үүсэхгүй өмнөх жилүүдээ бодвол эмх цэгцтэй байхаар төлөвлөгджээ. Гэхдээ хамруулах хүүхдийн тоо төдийлөн нэмэгдээгүй учир эцэг эхчүүд хүүхдээ бүрдүүлж чадахгүй байх тохиолдол гарч мэдэх юм.
Цэцэрлэгт бүртгүүлэхдээ шинжилгээний хуудас эрүүл мэндийн бичгийг шаардахгүй харин орж ирсэн хойноо шинжилгээнд хамруулах юм байна.