Нийслэлийн Боловсролын газрын дарга Ц.Отгонбагана
2013.08.19

Ц.Отгонбагана: Цэцэрлэгийн бүртгэлийг хоёр шаттайгаар явуулна

Ийгл телевизийн Зочны цагт Нийслэлийн боловсролын газрын дарга Ц.Отгонбагана оролцлоо.

-Цэцэрлэгийн хүүхдийн бүртгэл ажлын талаар дэлгэрэнгүй мэдээллийг өгөхгүй юу?

-Бид өнгөрсөн хавар нийслэлийн цэцэрлэгүүдийн хамран сургах тойргийг шинэчлэн тогтоосон. Энэ ажлынхаа хүрээнд нийт цэцэрлэгүүд яг тухайн цэцэрлэг байгаа тойрогт нийт хэдэн хүүхэд байгаа талаарх судалгааг нэг бүрчлэн нарийвчлан гаргасан. Энэ сарын 19-28-ны хооронд цэцэрлэгүүд бүртгэлээ хийх гэж байна.

Нийслэлд 2-5 насны 99500 хүүхэд бий. Энэ хүүхдүүдийг бүгдийг нь авах бололцоогүй. Ойролцоогоор 71 орчим хувийг нь авах боломжтой. Бүртгэлийг явуулахдаа 19-23-ны хооронд зөвхөн өмнөх жилүүдэд суралцаж байсан хүүхдүүд, 26-28-ны өдрүүдэд шинээр авах хүүхдүүдээ бүртгэнэ.

-Цэцэрлэгийн тоог нэмэгдүүлэх боломж бололцоо муу байдаг уу? Шинээр цэцэрлэгт орж байгаа хүүхдүүдээс шинжилгээний бичиг шаарддаг. Энэ хэвээр үргэлжлэх үү?

-Өнөөдөр төрийн болон төрийн бус нийлээд 350 орчим цэцэрлэг байна. Цэцэрлэгүүдийн барилгынх нь хүчин чадлаар тооцвол 40 гаруй хувийг нь авах бололцоотой. Гэтэл бид төрийн өмчийн цэцэрлэгүүдийн хүчин чадлыг 1,7 дахин нэмэгдүүлсэн хүчин чадлаар авч байгаа.

Цэцэрлэгийн насны хүүхдүүдийн 71 хувийг авах боломжтой.

Өөрөөр хэлбэл 100 ортой цэцэрлэг дээр 170 хүүхэд гэсэн үг. Мөн төрийн бус өмчийн цэцэрлэгүүдийг нэлээн дэмжиж ажиллаж байна. Өнгөрсөн хугацаанд 29 төрийн бус цэцэрлэг тусгай зөвшөөрөл авсан. Энд 1670 хүүхдийг хамруулах боломжтой.

Энэ сарын 25-наас өмнө тусгай зөвшөөрлөө авах боломжтой 700-800 хүүхдийн хүчин чадалтай 25 орчим төрийн бус цэцэрлэгийн өргөдөл ирсэн. Бид 25-наас өмнө газар дээр нь очиж үзээд шинжээчийн баг ажиллан тусгай зөвшөөрөл олгох ажлыг хийнэ.

Энэ жил шинээр бүртгүүлж буй хүүхдүүдийг ямар нэгэн бичиг баримтын асуудлаар хүндрэл учруулахгүйгээр зохион байгуулна. Бүртгэл дууссаны дараа 28-31-ний хооронд дүүргүүд нэгдсэн зохион байгуулалттайгаар дүүргийн эрүүл мэндийн нэгдэл, өрхийн эмнэлэгтэйгээ хамтраад шинжилгээг нь хийлгэнэ.

-Багш нарын заах арга тал дээр энэ жил ямар өөрчлөлт, дэвшил гарч байгаа вэ?

-Багшийн ажлыг үнэлэх үнэлгээний ажил шинээр хийгдэж байна. Өмнө нь хүүхэд онц сайн авсан, хүүхдүүд нь олимпиадад оролцсон эсэхээр нь үнэлдэг байсан бол хүүхдийн хүмүүжил, сурлагад нь гарсан ахиц амжилтаар нь үздэг болж байгаа.

Багш зөвхөн хичээл заадаг биш тухайн анги дааж буй хүүхдүүдийнхээ эрүүл мэндийн асуудалд нь анхаардаг байх. Энэ бүгд ажлын үнэлгээнд нь орно.

Мөн нийслэлийн боловсролын газраас 2013-2014 оны хичээлийн жилийг бол ёс зүйн жил болгохоор төлөвлөж байна. Энэ хүрээнд нийслэлийн ёс зүйн хороог шинэчлэн байгуулна. Дүүрэг болгон дээр ёс зүйн хороо, дэд хороог байгуулах гэж байна.

-Сургууль цэцэрлэг дээр засварын ажил хэдэн хувьтай явагдаж байна вэ?

-Энэ жил жаахан оройтож эхэлсэн тал бий. Сургууль цэцэрлэгүүдийн бүх засварын ажлын саналыг авч, тэрэн дээр нь мэргэжлийн төсөвчид ажиллуулан төсвийг гаргасан. Нийслэлийн хурлаас их засварын ажлын төсвийг боловсруулахад 200 сая төгрөгийг гаргаж өгсөн.

Нэгдүгээр ангийн сурагчдыг анги хүрэлцэхгүй, авахгүй гэсэн зүйл байхгүй.

Тэгээд төсвөө бүх сургуулиудаар нэг бүрчлэн гаргасан. Нийт 8,6 тэрбум төгрөгийн засварын ажил шаардлагатайгаас БШУ-ы яамнаас 3,6 тэрбум төгрөгийг шийдэж өгсөн. Өнөөдрийн байдлаар хэсэгчилсэн их засварын ажлууд 60 гаруй хувьтай, урсгал засварын ажил 80 гаруй хувьтай явж байна.

Энэ сарын 20 гэхэд урсгал засвар, 25 гэхэд хэсэгчилсэн их засварын ажил бүрэн дуусна. Хичээлийн шинэ жилийн нээлтэд нөлөө үзүүлэхгүй томоохон ажлууд нь есөн сардаа үргэлжлээд хийгдэнэ.

-Монгол гуравдугаар сургуулийг нураах шийдвэр гарсан. Нураах болтол төсөв мөнгө нь хүрэлцэхгүйгээс хойшлогдоод байсан. Энэ асуудал яах гэж байгаа бол?

-Өнгөрсөн жилийн төсвийн төсөлд оруулахдаа гуравдугаар сургууль болоод нэлээд хэдэн сургууль цэцэрлэгийг нураах шийдвэрүүд гарсан. Гэтэл төсөвт зөвхөн байшинг нь барих төсөв суучихсан.

Энэ жил тендер зарлах болоход буулгах төсөв нь байхгүйгээс тендер зарлаж болохгүй нэлээд удсан. Нийслэлийн хурлаас буулгах зардлыг нь шийдэж өгч, гуравдугаар сургууль, 11 дүгээр сургуулийн буулгалт хийгдээд явж байгаа. Энэ жилдээ барилгын ажил нь эхэлнэ.

-Нэгдүгээр ангид орж буй хүүхдүүдийн сургууль танхимын хүрэлцээ ямар байгаа вэ?

-Өнгөрсөн жилүүдтэй харьцуулахад 3000 гаруй хүүхдээр илүү байгаа. Нэгдүгээр ангийн сурагчдыг анги хүрэлцэхгүй, авахгүй гэсэн зүйл байхгүй. Зургаан настай бүх хүүхдүүдээ авна.

Хамран сургах тойргийн хүүхдүүдээ аваад хүндрэлтэй сургуулиуд бас бий. СХД-ийн 65,66 дугаар сургуулиуд бараг дөрвөн ээлж рүү орох гэж байна.

-Эцэг эхчүүдийн зүгээс дүрэмт хувцасны үнэ хэтэрхий өндөр байна гэсэн шүүмжлэл бий. Дүрэмт хувцасны талаар?

-Боловсролын тухай хуулиар дүрэмт хувцасны загварыг аймаг, нийслэлийн боловсролын газар баталдаг. Бид хавар дүрэмт хувцасныхаа загварыг баталсан. Баталсан загварыг үйлдвэрлэх асуудлыг Засгийн газар дээр яриад, үндэсний үйлдвэрлэгч нар материалаас нь оёж дуусах хүртэл хийж байгаа.

Шинэ дүрэмт хувцас хуучнаасаа хоёр, гурав дахин илүү чанартай.

Дүрэмт хувцасныхаа загварыг гаргахдаа хүүхдийнхээ нас, биеийн онцлогт тохирсон, бат бөх, чанартай байх гээд олон зүйлийг мэргэжлийн хүмүүс оролцож баталсан.

Энэ дагуу үйлдвэрлэлээ хийж, үйлдвэрлэлийн шатанд нь загвар баталсан хүмүүс нь хяналтаа тавиад явж байна. Энэ сарын 25 гэхэд бага ангийнхны, есдүгээр сарын 20 гэхэд дунд ангийнхны, 10 дугаар сарын 25 гэхэд ахлах ангийнхны дүрэмт хувцас бэлэн болно.

Үндсэн формын хувьд хуучин зах зээл дээр нийлүүлэгддэг, үйлдвэрлэгдэж байсан хувцаснаас 2500-15000 төгрөгийн зөрүүтэй байгаа. Энэ нэг талаас инфляцийн асуудал бий. Нөгөө талаасаа чанарын хувьд хоёр, гурав дахин илүү. Шинэ дүрэмт хувцсыг гурван жил хэрэглэх боломжтойг үйлдвэрлэгчид хэлж байгаа.

-Ном сурах бичгийн тухайд ямар байна вэ?

-Энэ жил сурах бичгийг шинээр боловсруулж гаргасан. Бага ангийн хүүхдүүдийн сурах бичиг дүүргүүд дээр очсон. Зарим сургууль дээр очсон, сурах бичиг бол үнэгүй. Ахлах, дунд ангийнхны сурах бичгийн 40 хувь нь үнэгүй бусад нь түрээсээр болон худалдаж авахаар очдог. Сурах бичиг хугацаандаа бүрэн хангагдана.

Энэ жилийн нэг онцлог бол хуучин зөвхөн хүүхдийнхээ сурах бичгээр хичээлээ заадаг байсан бол энэ жил зургаа, 11 дүгээр ангийн хичээлүүдийн багшийн сурах бичиг гарч байгаа. Цаашид бүх ангийн сурах бичгүүдийг сурагчийн сурах бичгээс гадна багшийн сурах бичиг гэж тусдаа гарна. Энэ ажил дараа дараачийн жилүүдэд үе шаттайгаар хийгдээд явна.