Ж.Эрдэнэбат: Өөрсдийнхөө алдааг ухаараад сөрөг хүчнээ сонсох хэрэгтэй
Өнөөдөр нэг жилийн дотор эдийн засаг тогтворгүйжиж ам.долларын ханш хямралын үеийнх хүртэл нэмэгдэж төсвийн алдагдал ихсэж гадаадын хөрөнгө 60-40 хувь буурч байгаа нь Шинэчлэлийн Засгийн газрын ажлаа хийж чадахгүй шоудалт нь ихэссэнтэй шууд холбоотой гэж сөрөг хүчин үзэж байгаагаа мэдэгдсэн.
Үүсээд байгаа нөхцөл байдалд сөрөг хүчин, эрх баригч АН-ынхан өөрсдийн байр суурийг ийн илэрхийлжээ.
УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат:
-Эрх баригчид маань сөрөг хүчнийхнийг дандаа худлаа хэлдэг мэтээр хардгаас болж ийм байдал үүсчихлээ. Өмнөх Засгийн газрын алдаатай үйл ажиллагаанаас болж ийм нөхцөл байдал үүслээ гэж тайлбарлах юм.
Өөрсдийнхөө алдаатай үйл ажиллагааг залруулж хэлэх шалтаг байхгүй учраас өмнөх рүүгээ түлхчихээд байдаг ч юм бил үү.
Яг үнэндээ өмнөх Засгийн газарт хамтарч ажиллаж, өнөөдөр дангаараа төр барьж байгаа биз дээ. Өөрсдийнхөө алдаатай үйл ажиллагааг залруулж хэлэх шалтаг байхгүй учраас өмнөх рүүгээ түлхчихээд байдаг ч юм бил үү. Үнэндээ бол төрөөс явуулж байгаа алдаатай бодлогын үйл ажиллагаанаас болж байгаа.
Дэлхийн эдийн засагтай холбож ярих хэрэггүй. Дэлхийн эдийн засаг сэргэчихсэн байхад, Монголд хямралын тухай ярьж байна. Дэлхийн эдийн засаг хямарч байх үед энэ бүхнээс хэрхэн гарах, ард иргэдээ хохирол багатай, багахан өртүүлэх вэ гэдгийг өмнөх Засгийн газар сайн хийж чадсан.
Эрх баригчид улс орноо боддог л юм бол өөрсдийнхөө алдааг ухаараад сөрөг хүчнээ сонсох хэрэгтэй. МАН-д эх орныхоо эрх ашгийн төлөө ажиллаж байсан олон хүн бий. Тэдэнтэй хамтран ажиллаж, тэднээс суралц гэж хэлмээр байна.