Архангай аймгийн Хайрхан сумын Их бодь цагаан суваргын тахилгын наадмаас
2013.07.30

Хууль сурталчлах ажлаа Хайрхан сумаас эхэллээ

Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны газар, хэлтсийн албан хаагчид болон  Нийгмийн Халамж үйлчилгээний ерөнхий газар, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Хүүхдийн төлөө үндэсний газар, Сэргээн Засалт Хөгжлийн Үндэсний төв зэрэг харьяа агентлагуудын  төлөөлөл 2013 оны 7 дугаар сарын 20-ноос эхлэн хөдөө орон нутгийн иргэд, хөдөлмөрчдөд салбарын үйл ажиллагааг сурталчлах албан томилолтоор ажиллаж байна. Энэхүү томилолтын эхлэлийг Архангай аймгийн Хайрхан сумаас эхэлсэн.

Хайрхан сум Архангай аймгийнхаа зүүн хойд хэсэгт хангайн бүсэд оршдог.  Анх 1923 онд Ардын засгийн шийдвэрээр Цэцэрлэг мандал уулын аймаг байгуулагдаж, Саруул гүний хошуу, Цунхайлан уулын хошуу хэмээн нэрлэгдсэнээр Хайрхан сумын эхлэл тавигдсан түүхтэй юм байна.

Үүний дараа Монгол улсын бага хурлын 1931 оны хоёрдугаар сарын 7-ны өдрийн 5 дугаар тогтоолоор Батцэнгэл уулын хошуунаас тасарч, Хайрхан сум хэмээсэн нь тус сумыг  бие даасан орон нутгийн засаг захиргааны нэгж болгожээ. 

Архангай аймгийн Хайрхан сумын төв Улаанбаатар хотоос 460 км, Аймгийн төвөөс 176 км зайд оршдог. Нутгийн ихэнх хэсэг нь уулархаг, урд ба баруун талаараа ойгоор бүрхмэл,  Гунжийн нуруу, Жарантайн нуруу, Хөх чулуу, Норжингийн даваа зэрэг байгалийн үзэсгэлэнт газруудтай. 

Түүнчлэн сумын хойт захаар урсдаг Хануйн гол 175 км, сумын төвийн зүүн урдуур урсаж буй Хүнүйн гол, Жарантай, Бух, Жаргалант, Могойн голуудын цутгалан нийлж 335 км үргэлжлэн урссаар Сэлэнгэ мөрөнд цутгадаг байна.

Архангай аймгийн Хайрхан сум

Хайрхан сумд нийгмийн хамгааллын салбарын үйл ажиллагааг сурталчлах томилолтын эхний өдөр буюу 7 дугаар сарын 21-ний өдөр тус суманд   жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Их бодь цагаан суварганы тахилгын наадам тохиолоо. 

Нутгийн уул, ус нутгийн шүтээн хайрхануудаа баясган тахиж, эрийн гурван наадмаар  зон олноо цэнгэн хөгжөөх Их бодь цагаан суварганы тахилгын наадам өдгөө 7 дахь жилдээ зохион байгуулагдаж байна. 

Хайрхан нутгаас төрж гарсан олон алдартнуудын төлөөлөл нь ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ юм. Тэрбээр нутгийнхаа шүтээн Их бодь цагаан суваргыг анх төрөлх нутагтаа бүтээж, жил бүр тахилгын наадам хийдэг уламжлал тогтоожээ.

Харин энэ жилийн тахилгын наадмын үеэр  нийгмийн хамгааллын салбарын үйл ажиллагааг сурталчилсан  нутгийн иргэд, наадамчид мэдээ, мэдээлэл авах олон давуу талтай болгосон.      

Энэ жилийн тахилгын наадам анх удаа Хайрхан сумын төвд болсон нь урд жилүүдийхээс илүү өргөн дэлгэр болсон. Их бодь цагаан суварганы тахилгын наадамд Монгол Улсын харцага Г.Батбаяр, аймгийн хурц арслан О.Гантулга нарын тэргүүтэй улс, аймгийн цолтой хүчит 96 бөх, 6 насны шандаст хурдан хүлгүүд уралдаж наадамчин олноо  баясгалаа.

ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ

Нар, хур тэгшрэн, наадамчин олныг баясгасан Их бодь цагаан суваргын тахилгын наадам хоёр өдрийн турш үргэлжилсэн. Наадмын хүчит бөхийн барилдааны шөвгийн дөрөвт Улсын харцага Г.Батбаяр, аймгийн хурц арслан О.Гантулга, аймгийн арслан Шинэбаатар, аймгийн начин Д.Амгаланбаатар нар үлдэж, аймгийн начин Д.Амгаланбаатар түрүүлж, Монгол улсын харцага Г.Батбаяр үзүүрлэлээ.

Харин хурдан морины уралдааны их насны түрүү магнайг Архангай аймгийн Эрдэнэмандал Алаг-Уулын хар, аман хүзүүнд Хайрхан сумын Өгөөмөр багийн Батсүмбэрэлийн хүрэн, айргийн гуравт Эрдэнэмандал сумын уяач Баярбаатарын хээр, айргийн дөрөвт Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын уяач Жавхлантөрийн хээр, айргийн тавд Хайрхан сумын  уяач Бэхболдын халтар морь хурдаллаа.

Мөн Азарганы уралдааны түрүү магнайд Булган аймгийн Сайхан сумын уяач н.Эрдэнэбаатарын хүрэн азарга, аман хүзүүнд Архангай аймгийн Өлзийт сумын уяач Гансүхийн хээр, айргийн гуравт Орхон аймгийн уяач Баатархүүгийн хүрэн халзан, айргийн дөрөвт Архангай аймгийн алдарт уяач Хайрхан сумын Одсүрэнгийн хар, айргийн тавд Эрдэнэмандал сумын уяач Баасансүрэнгийн Хүрэн азарга хурдаллаа.

Наадамчин олныг баясгасан шандаст хурдан хүлгүүдийн уралдаан шүдлэн насны морьдоор үргэлжилсэн. Шүдлэн насны морьдын түрүү магнайд Хөвсгөл аймгийн Их-Уул  сумын  уяач Батхуягийн Хар, аман хүзүүнд  Улсын их хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, ХАХНХ-ын сайд С.Эрдэнийн хүрэн,

айргийн гуравт Архангай аймгийн Цэцэрлэг сумын уяач Адъяабазарын хар, айргийн дөрөвт Архангай аймгийн Батцэнгэл сумын уяач Болдбаатарын хээр, айргийн Тавд Архангай аймгийн Эрдэнэмандал сумын уяач Тогтохбаярын хул морьд орж ирлээ. 

Нутгийн уул, ус  шүтээн хайрхануудаа баясган тахиж, эрийн гурван наадмаар  зон олноо цэнгэн хөгжөөх Их бодь цагаан суварганы тахилгын наадам долоо дахь жилдээ зохион байгуулагдаж байна.

Харин шандаст хурдан хүлгийн хамгийн хийморлог, одтойд тооцогддог соёолон насны морьдын уралдааны түрүү магнайг Архангай аймгийн Хайрхан сумын уяач Баатарболдын сартай хүрэн, аман хүзүүнд Хөвсгөл аймгийн Их-Уул сумын уяач Даваадоржийн хүрэн,

айргийн гуравт Архангай аймгийн Хайрхан сумын уяач Энэбишийн хул, айргийн дөрөвт Архангай аймгийн Хайрхан сумын Болдбаатарын борлог, айргийн тавд Архангай аймгийн Эрдэнэмандал сумын уяач Лхагвадоржийн хүрэн халзан орсон.

Хязаалан насны түрүү магнайг Орхон аймгийн уяач Отгонбаярын хүрэн, аман хүзүүнд Хөвсгөл аймгийн Их-Уул сумын уяач Хуягбатын хонгор халзан, айргийн гуравт Орхон аймгийн уяач Отгонбаярын шувуун хүрэн,

айргийн дөрөвт Хөвсгөл аймгийн Тариалан сумын уяач Бадамзулын алаг, айргийн тавд Архангай аймгийн Цэцэрлэг сумын уяач Бямбанямын саарал морь хурдалж наадамчин олныг баясгалаа.

Хурдан хүлгийн хамгийн бага нас болох дааганы түрүү магнайд Хөвсгөл аймгийн Тариалан сумын уяач Батцогтын суман, аман хүзүүнд Архангай аймгийн Хайрхан сумын уяач Алтангэрэлийн сартай хүрэн, айргийн гуравт Архангай аймгийн Цэцэрлэг сумын уяач Алаг-Уулын борлог алаг,

айргийн дөрөвт Архангай аймгийн Эрдэнэмандал сумын уяач Есөн-Өрлөгийн хүрэн халзан, айргийн тавд Орхон аймгийн Норовжамцын цавьдар халзан даага хурдалж, унасан хүүхэд, уясан эзнээ баярлууллаа.