Ө.Энхтүвшин: “Хоёр ч сонгуулийн дүнгийн дараа огцрох саналаа тавьсан ч Удирдах зөвлөл, Бага хурлын гишүүд хүлээж аваагүй...”
УИХ-ын гишүүн, МАН-ын дарга Ө.Энхтүвшин
2013.08.07

Ө.Энхтүвшин: “Хоёр ч сонгуулийн дүнгийн дараа огцрох саналаа тавьсан ч Удирдах зөвлөл, Бага хурлын гишүүд хүлээж аваагүй...”

Өчигдөр Тусгаар тогтнолын ордонд 14 цагаас МАН-ын дарга Ө.Энхтүвшин намын бага хурлын талаар хэвлэлийн хурал хийсэн. Уг хэвлэлийн хурлын дараа түүнтэй уулзаж зарим зүйлийг тодруулсан юм.

-Өнөөдрийн энэ хэвлэлийн хурлыг хийсэн зорилго юу байв?

-Ер нь намын бага хурал болсны дараа ийм хэвлэлийн бага хурлыг дандаа хийдэг. Тэр уламжлалынхаа дагуу хийж байгаа юм. Намын бага хурал маань ямар асуудлыг хэлэлцэв, ямар шаардлагаар хуралдав, яаж шийдвэрлэв гэдэг талаар мэдээлэл өгдөг. Тэр дагуу хийж байна.

-Тэгэхээр өчигдөр нилээд олон цаг хуралдах шиг болсон. Энэ хурлаар яг ямар ямар шийдвэрүүдийг гаргав? Гол шийдвэрүүдээс нь яриач?

-Гол шийдвэр гэвэл намын даргын илтгэлүүдийг  шийдвэрлэсэн. Энэ нэг жилийн дотор МАН яг юу хийв, сонгуулиудад ямар дүнтэй, яаж оролцов гэдгийг тал бүрээс нь ярилцсан. Ямар ахиц ололт байв, улс төрийн ямар амаргүй нөхцөлд ажиллав гэдгийг шүүн ярьсан.

Хамгийн гол нь алдаа юу байв. Тэр алдаагаа яаж засах, эндээс авах сургамж юу байв, цаашдын зорилтыг яаж тодорхойлох гэдэг дээрээ тогтож ярьсан. Энэ намыг шинэчилье гэсэн хөдөлгөөн үүсээд байгаа. Энэ бол зүйтэй.

Ер нь манай намын түүхэнд, намыг шинэчлэх хөдөлгөөн байнга гарсаар ирсэн. Энэ хөдөлгөөний илтгэлийг бас сонссон. Тэр нөхдүүд маань юу бодоод, яаж шинэчилье гэж үзэж байгаа юм гэдгийг сонссон. Хяналтын хорооныхоо илтгэлийг мөн сонссон.

Тэр нь энэ 2 сонгуульд, намын удирдах зөвлөл, бага хурлын гишүүд, энэ хариуцлагатнууд, яаж оролцов гэдгийг ярьсан юм. Тэгээд хамгийн гол шийдсэн зүйл нь намын ээлжит 27 дугаар их хурлаа зарласан. Үүнийг 10 дугаар сарын 27, 28-ны өдрүүдэд хуралдуулахаар шийдвэр гаргасан байгаа.

-Таны илтгэлд нам яагаад сонгуулиар ялагдаад байгаа вэ гэдэг асуудлыг их хөндсөн байсан. Үүний шалтгаан гишүүд нь МАХН, МАН гээд хоёр салсан гэсэн, иймэрхүү утгатай зүйлийг ярьж байсан ш дээ. Тэгэхээр энэ дээр та ямар байр суурьтай байна?

-Тийм. МАХН-ыг бүртгэж, тэр нам үүссэн явдал нь гарцаа байхгүй сонгуулийн хувьд нөлөөлсөн. Яагаад гэвэл манай нам уг нь МАХН гэдэг нэртэй байсан. Тэр үеийн батлахтай хүмүүс байж байгаа. Дараа нь МАН болж уугуул нэрээ сэргээж авсан. Түүний дараахан удалгүй сонгуулиуд болсон.

Энэ сонгуульд ялангуяа ахмадууд маань энэ хоёр намын ялгааг төдийлөн сайн ойлгоогүйгээс болоод саналаа МАХН-д өгсөн. Энэ явдал МАН-ын авах саналыг багасгасан. Үүнээс болж гурван сонгуульд амжилтгүй оролцоход энэ маань бас нэг хүчин зүйл болсон.

Зөвхөн ганц хүчин зүйл биш олон хүчин зүйлүүдийн нэг нь энэ байсан гэдгийг өчигдөр ярьсан. Тийм учраас цаашдаа энэ чиглэлээр, ялангуяа энэ хоёр намын учрыг ойлгохгүй яваа тэр хүмүүстээ хүргэх, ойлгуулах энэ ажлыг хийх нь зүйтэй гэдэг дээр санал бодлоо нэгтгэсэн.

-Сайнтай муутай олон зүйлийг шүүж, тунгаасан хурал болсон гэж та сая ярьлаа. Тэгэхээр энэ жилийн явуулсан намын бодлогын хамгийн буруу зүйл нь юундаа байсан юм бол. Ер нь та сайн зүйлийг болоод буруу зүйлийг нь юу гэж харж байна. Жишээ татаад яривал?

-Жишээлбэл энэ хоёр сонгуульд гаргасан ноцтой алдаа энэ гэж хүмүүс тодорхой зүйлийг хэлээгүй. Ер нь улс төрийн амаргүй нөхцөлд боллоо гэдгийг тэмдэглэж ярьсан. Сонгуулиуд хүч тэнцвэргүй боллоо. Тухайлбал, сүүлийн Ерөнхийлөгчийн сонгуульд гэхэд төрийн байгууллага бүхэлдээ Ардчилсан нам, түүнээс нэр дэвшигчийн төлөө ажиллалаа.

Сүүлийн Ерөнхийлөгчийн сонгуульд гэхэд төрийн байгууллага бүхэлдээ Ардчилсан нам, түүнээс нэр дэвшигчийн төлөө ажиллалаа.

Түүнээс энэ нь хуулиараа хориотой. Шүүх, Цагдаа, Прокурор, Авилгалтай тэмцэх газар, Шударга өрсөлдөөний байгууллага,Сонгуулийн ерөнхий хороо бүгд нэг талд үйлчиллээ. Бас хэвлэл мэдээллийн хэрэгсэл, мөн түүгээр явсан сурталчилгаа сурталчилгаа тэнцвэргүй байсан. Бүгд нэг талд үйлчилсэн.

Хөрөнгө санхүүгийн хувьд сонгуульд оролцох боломж туйлын тэнцвэргүй байлаа. Ялангуяа МАН-д хандив санхүүжилт өгөх бизнесмэнүүдийг байнга мөрдөж мөшгөлөө. Тийм учраас Ардчилсан нам өөрсдийнхөө эрх ашгийг урвуулан ашиглаж, санхүүгийн давуу талыг бий болголоо.

Ийм амаргүй нөхцөл байдалд сонгууль боллоо гэдгийг би илтгэлдээ хэлсэн. Цаашдаа сонгууль үнэхээр ийм нөхцөл байдлаар явж болохгүй. Үндсэн хуулийн дагуу тэгш эрхтэй, тэнцвэртэй явах боломжийг хангаж өгөх талаар бид ажиллах ёстой. Энэ талаар цаашдаа улсын их хурал дээр ярих болно гэдгийг хөндөж ярьсан байгаа.

-Таны ярианаас сонсоход МАН-ын байр суурь ерөнхийдөө буурчихсан юм уу даа гэсэн дүгнэлтэд хүрээд байна. Тэгэхээр энэ байр суурийг эргүүлээд яаж дээшээ болгох вэ?

-МАН-ын байр суурь, сонгуульд авч байгаа дүн буурч байгаа гэдгийг би хэлээд байгаа юм биш. Үүнийг угаасаа сонгуулиудын дүн тэгж хэлээд байгаа юм. 2012 оны УИХ-ын сонгуульд МАН 22,31 хувийн санал авч байсан, дараа нь орон нутгийн сонгуульд 10 илүү хувийн санал авч байсан. Сая Ерөнхийлөгчийн сонгуульд 6,5 хувийн санал авч байна гэдэг чинь угаасаа буурч байна гэсэн үг. Үүнийг сонгуулийн дүн хэлээд байгаа юм.

-Намын даргын хувьд та намынхаа гишүүдийн энэ үйл ажиллагааг яг юу гэж дүгнэж байгаа вэ? Энэ жил хийсэн үйл ажиллагаанд нь онцлоод хэлэх дорвитой ажил байна уу?

-Намын жирийн гишүүдийн хувьд үнэхээр урьдын адил хийе, бүтээе,сонгуульд ялуулъя гэсэн эрмэлзэлтэй зүтгэлтэй байгаа. Намын олон түмэн тэгж л ажиллаж байгаа.

Алдаа хаанаас гараад байна гэхээр намын олон түмнээс биш, гол нь энэ намыг удирдаж байгаа хэсэг, өөрөөр хэлбэл намын толгой цээжинд байгаа хэсэг хүмүүсээс үүдэлтэй гэсэн дүгнэлтийг хийж байгаа.

Гол нь авч яваа бид бүхнээс энэ дутагдлыг хайх ёстой. Намын олон түмнээс тэр дутагдал доголдлыг хайна гэсэн ойлголт байхгүй.

-Та сая хэвлэлийн бага хурал дээр онцолж байсан. Намын удирдлагууд төлөөллийн шинжтэй байгаа. Тэгээд энийг толгойлсон байгууллага байлгая гэж.Тэгэхээр ийм байхын тулд юуг хийх хэрэгтэй гэж та үзэж байна?

-Тэр намын удирдлагууд биш, намын удирдах зөвлөл гэдэг байгууллага байгаа юм. Манай намд намын их хурал, намын их хурлаас байгуулагдсан 310 хүнтэй намын бага хурал байна. Намын бага хурал нь төлөөллийн дээд байгууллага. Намын бага хурлаасаа 31 хүнтэй намын удирдах зөвлөлийг сонгож байгаа юм.

Энэ маань өөрөө намын бага хурлын багасгасан хувилбар болчихоод байна. Төлөөллийн байгууллага болчихоод байна. Намын удирдах зөвлөл гэдэг нь төлөөллийн байгууллага биш, энэ бол намын бодлогыг боловсруулж байдаг намын уураг тархи байх ёстой.

Эндээ байнга ажилладаг, чадварлаг байгууллага байх ёстой. Одоо төлөөллийн байгууллага болчихоод ерөнхийдөө тоо нь ихэдчихээд байна. Тийм учраас үүнийгээ тоог нь цөөрүүлээд чадваржуулъя, жинхэнэ уураг тархи болгож ажиллуулъя гэсэн саналыг дэвшүүлсэн. Миний саналыг дэмжиж байгаа.

-Тэгэхээр бага хурал ч бай, их хурал ч бай зарлагдаад явагдсаныхаа дараа заавал нэг шийдэлд хүрэх ёстой юм болов уу гэж бодож байна. Тэгэхээр өчигдрийн бага хурлын гол шийдэл нь юу байв?

 -Өчигдрийн бага хурлын гол шийдвэр намын27 дугаар их хурлаа зарлах явдал байсан. Тэрийгээ 10 дугаар сарын 27-нд гээд зарлалаа, төлөөлөгчдийнхөө тоог 1134 гээд тогтлоо. Бага хурлаас тогтоох ёстой тогтоолоо мөн энэ 1134 төлөөлөгчийг яаж сонгох вэ гэдэг журмаа батлах ёстой байсан баталлаа.

-Их хурлаар ямар асуудлуудыг ярилцах вэ гэдгийг хэлэлцсэн үү?

-Ярьсан. Намын ээлжит их хурлаас улс төрийн тайлан, удирдах зөвлөлийн тайлан, мандатын комиссын илтгэлийг авч хэлцэнэ. Хяналтын хорооны тайланг авч хэлэлцэнэ.

Намын мөрийн хөтөлбөр, дүрэмд оруулах өөрчлөлтийг авч хэлэлцэнэ. Зохион байгуулалтын асуудлыг авч хэлэлцэнэ. Тэрийгээ урьдчилаад ярьсан. Тэр дагуу ажлын хэсгүүд гарна.

-Ер нь намын гишүүдийн зүгээс таныг одоо юу гэж дүгнэж байгаа вэ? Ямар хандлага ажиглагдаж байна?

-Намын гишүүдээс хүн нэг бүр юу гэж үзэж байгааг хэлэхэд хэцүү шүү дээ. Олонх нь дэмжиж байгаа л гэж ойлгож байгаа. Дэмжиж ч байгаа учраас намайг хоёр сонгуулийн дүнгээр огцоръё гээд асуудлыг намын удирдах зөвлөл, намын бага хуралд тавихад  хүлээж авсангүй.

Та ачаагаа хөнгөлөх болоогүй байна. Ачаагаа цааш нь үргэлжлүүлээд үүр. Намын их хуралдаа бэлдэх ажлыг зохион байгуул. Та чадна гээд шийдвэрээ гаргаж байна л даа. Тэр үүднээсээ, тэр итгэл байна гэж үзэж байна.