С.Бямбацогт: Намаа ялагдсан үед гоочилж, орхихыг хариуцлага хүлээж байна гэж ойлгож болохгүй
УИХ-ын гишүүн С.Бямбацогт
2013.08.07

С.Бямбацогт: Намаа ялагдсан үед гоочилж, орхихыг хариуцлага хүлээж байна гэж ойлгож болохгүй

УИХ-ын гишүүн, МАН-ын бүлгийн дэд дарга С.Бямбацогтыг “Ярилцах танхим” булангийн энэ удаагийн дугаарт зочноор урьж цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-МАН-ын Бага хурал өчигдөр /уржигдар/ боллоо. Бага хурлаар юу болж өнгөрсөн бэ?

-Манай намын ээлжит наймдугаар Бага хурал өчигдөр болж амжилттай өндөрлөлөө. Хуралдаанаар хэлэлцэх ёстой асуудлуудаа хэлэлцэж, шийдэх зүйлээ шийдвэрлэлээ. Өмнөх бага хурал­тай харьцуулбал стандарт бус шийдвэрүүд гаргаагүй, асуудлаа хууль, дүрмийн хүрээнд шийдвэрлэсэн хурал болсон.

Энэ Бага хурлаар бид намын 27 дугаар Их хурлаа товлолоо. Энэ хуралд оролцох төлөөлөгчдийнхөө тоог ч гаргаж, төлөөлөгчийн сонгох журмыг баталлаа. Үндсэн асуудал нь намын даргын улс төрийн илтгэлийг авч хэлэлцсэн.

-Ө.Энхтүвшин даргын өөрийн хүсэлтээр огцрох хүсэлтийг намын Удирдах зөвлөл яагаад хүлээж аваагүй юм бэ?

-Ө.Энхтүвшин дарга “Намын өмнөх дарга нар Бага хурлын үеэр ажлаа өгч болж байсан юм чинь би ажлаа өгөөд шинэ даргаа сонгоё” гэсэн. Гэхдээ намын Удирдах зөвлөл, Бага хурлын гишүүд энэ саналыг хүлээж аваагүй.

Намын дүрэм зөрчсөн зүйлийг дахиж хийхгүй гэж шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл намын Их хурлаараа намын даргаа сонгодог, Их хурлын үеэр намын дарга ажлаа өгдөг байя гэж байгаа юм.

Тиймээс удирдлагууд нь намын дүрмийн дагуу өмнөх ажлаа ёс төртэй хүлээлгэж өгье, шинэ удирдлагуудаа жирийн гишүүд дундаасаа тодруулъя гэсэн шийдвэр гаргасан.

-Олон нийт МАН-ын дараагийн даргаар хэд хэдэн хүнийг нэрлэж байна. Энд  таны нэр ч орсон байгаа. Үүнийг та юу гэж үзэж байна вэ. Ер нь Ардын намыг ямар хүн удирдах ёстой вэ?

-Шинэ удирдлагыг удахгүй болох намын Их хурлын үеэр тодруулна. Намын дарга болох, удирдлагад сонгогдох хүсэлтэй олон хүн байгаа. Намын удирдлагуудыг тодруулахын тулд санал асуулга явуулна. Ялангуяа намынхаа жирийн гишүүд дэмжигчдийн санал бодлыг сонсоно.

Манай нам түүхэнд байгаагүй хүнд үетэй нүүр тулж байгаа ч сонгогчид бидэнд итгэсэн хэвээр байна.

Намын удирдлагын асуудал бол чухал асуудал биш. Харин намын үзэл баримтлал, үйл ажиллагаа, бодлого, зорилго зэргийг шинэчлэх шаардлага байна уу, үгүй юү, намын өнөөгийн нөхцөл байдлыг мэдрэх, цаашид хэрхэн шинэчлэгдэх ёстой вэ гэдэг асуудлыг эхний ээлжинд тодруулах ёстой.

Үүн дээр тулгуурлаж дараагийн алхмаа хийнэ. Тиймээс намын дарга гэдэг бол хамгийн сүүлд яригдах асуудал юм. МАН-ыг дараагийн сонгуулиудад ялалтад хөтлөх чадвартай, өнөөгийн хүнд байдлаас гаргах хүн манай намд олон бий. 

-Намын Удирдах зөвлөлийн албан тушаалаас цөөнгүй хүн татгалзаж байна. Та энэ албан тушаалаасаа татгалзсан уу?

-Би намын Удирдах зөвлөлийн албан тушаалаас татгалзаагүй. Намын дүрмийн дагуу Их хурлаар дараагийн Удирдах зөвлөл сонгогдож хуучин Удирдах зөвлөлийн бүрэн эрх дуусгавар болно. Тэр хүртэл намын бодлого үйл ажиллагаа тасралтгүй хэвийн үргэлжлэх ёстой.

Намын нөхцөл байдал хүнд байгаа энэ үед бид үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж, ачаагаа үүрнэ. Хоёрхон сарын дараа ажлаа өгөх учраас Удирдах зөвлөлийн гишүүнээс татгалзсан, татгалзаагүй ялгаа байхгүй. Энэ бол хариуцлага хүлээж байгаа алхам биш.

Намаа ялагдсан үед нь орхиод явахыг хариуцлагаа хүлээж байна гэж ойлгож болохгүй л дээ. Харин ч хамт байж  ялалтын төлөө ажиллах нь үүрэг хариуцлагаа ухамсарлаж байгаа хэрэг. Миний хувьд намын ялалтын төлөө ачаа үүрэхээс айхгүй.

-Өнгөрсөн Бага хурлын үеэр УИХ-ын гишүүн Ц.Нямдорж “Шинэчилье” хөдөлгөөний залуусыг загнасан гэсэн. Үүнийг та юу гэж үзэж байна вэ?

-Манай нам өнгөрсөн УИХ-ын сонгуульд ялагдал хүлээснээс хойш хүнд нөхцөлд ажиллаж байна. Эрх баригчид юм л бол хүчээр далайлгадаг болсон. Манай намын гишүүдийг хална, солино, хорино, цагдана гэдэг боллоо.

Гэтэл эрх баригчдын алдаатай үйл ажиллагаа, буруу шийдвэрийг эсэргүүцэж, тэмцэхийн оронд намынхаа дарга нарыг бороолж, намынхаа байрыг тойрч ажиллаж байгааг Ц.Нямдорж дарга шүүмжилсэн. Түүний энэ үйлдлийг би хувьдаа зөв гэж үзэж байна.

Яагаад гэвэл эрх баригчид Сүхбаатарын талбайн нэрийг өөрчилчихлөө. Ардын хувьсгалын үйл хэргийг үгүйсгэж байна. Энэ мэтчилэн олон хууль бус шийдвэр гаргаж байгааг эсэргүүцэж төв талбай дээр гэрээ бариад тэмцвэл иргэд хүлээж авна.

Мөн намынхаа гишүүд дэмжигчидтэй уулзаж асуудал юунд байна вэ гэдгээ хараад намаа ингэж шинэчилмээр байна гэвэл дэмжинэ. Гэтэл ийм байдлаар ажиллахгүй, байгаа онохгүй байна.

-Улс орны эдийн засгийн нөхцөл байдал сайнгүй байна. МАН сөрөг хүчний хувиар эрх баригчдад хэрхэн хяналт тавих вэ?

-Намын Бага хурлын үеэр гишүүд дэмжигчид УИХ дахь МАН-ын бүлэг тааруухан ажиллаж байна гэдэг шүүмжлэлийг хэлсэн. Үүнтэй зарим талаар санал нийлнэ. Гэхдээ энэ Засгийн газарт ажиллах боломжийг нь олгоё гэж бодсон юм.

МАН-ын бага хурал

Ажлаа эхлээд жил ч болоогүй байхад нь болохгүй, бүтэхгүй байна гэж чичлээд байж болохгүй. Ер нь өнгөрсөн хугацаанд бид Засгийн газарт ажил хийх боломж олгохын тулд хүлээцтэй хандсан юм. Гэхдээ буруу шийдвэр гаргасан тохиолдолд тухай бүрт нь шүүмжилж байсан.

Хамгийн гол нь бид хүлээцтэй байх хэрэгтэй гэдэг байр суурьтай байсан юм. Одоо энэ намрын чуулганаар Засгийн газар жилийн хугацаанд ямар ажил хийсэн бэ гэдэг зүйлийг хөндөнө. Сүүлийн үед манай улсын эдийн засаг, нийгмийн байдал хүндэрч дуугүй суухын аргагүй болж байна.

Тиймээс манай нам сөрөг хүчний хувиар үгээ хэлэх хэрэгтэй. УИХ дахь бүлгийн гишүүд төдийгүй МАН-ын гишүүд шат шатандаа байр сууриа илэрхийлж байх ёстой. Түүнээс биш бүх зүйлийг УИХ-д МАН-аас сонгогдсон гишүүд л шийдвэрлэх ёстой гээд өөрсдөө хойш суугаад байж болохгүй.

Манай намын гишүүд өөрсдийн оршин суугаа нийслэл, аймаг, дүүрэг, хорооныхоо сумын Засаг даргад болж бүтэхгүй байгаа зүйлийг хэлдэг байх хэрэгтэй. Хийх ажлаа өөрсдийн хэмжээнд хийж, даах хэмжээгээрээ ачаа үүрэх ёстой.

-Засгийн газрын өдийг хүртэл хийж хэрэгжүүлсэн ажлыг хэрхэн дүгнэж байна вэ. Засгийн газар Монголбанктай хамтран дэд хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байна. Энэ хөтөлбөрүүдийн үр дүнг хэрхэн харж байгаа вэ?

-Бидний хувьд шүүмжилж баалах биш Монголын эдийн засаг тогтвортой хөгжиж байгаасай гэдэг үүднээс асуудалд хандана. Зөвийг дэмжиж, бурууг шүүмжилж ажиллаж байна.

Эцсийн дүндээ Монгол Улс хөгжиж, иргэдийн амьдралын түвшин дээшлээсэй гэдэг бодлогыг л барьж ажиллана.

Ам.долларын ханш 1550 төгрөгт хүрчихсэн байна. Бизнес, эдийн засгийн байдал хүндрэлтэй байгаа. Томоохон орд газруудын ажил гацаанд орчихлоо шүү дээ.

-Ө.Энхтүвшин дарга “Манай намд итгэл үзүүлэгчдийн тоо сонгуулиас сонгуульд нэмэгдэж байна” гэж хэлсэн. Энэ ортой юу?

МАН-ын дарга Ө.Энхтүвшин

-Өнгөрсөн УИХ-ын сонгуулийн үеэр манай нам сонгогчдын 30 гаруй хувийн саналыг авсан. Орон нутгийн сонгуулиар 40 хувийн саналыг иргэдээс авлаа. Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр манай намд сонгогчдын 42 хувь нь итгэл үзүүллээ.

Манай нам түүхэнд байгаагүй хүнд үетэй нүүр тулж байгаа ч сонгогчид бидэнд итгэсэн хэвээр байна. Төрийн эрх мэдэл Ардчилсан намд байгаа хэдий ч манай нам сонгуульд амжилттай оролцсон. 

Цаашид илүү амжилт гаргах боломж бий. МАН өнгөрсөн 90 жилийн хугацаанд энэ улсын хөгжлийн жолоог залж байсан. Энэ үүргээ ухамсарладаг. Цаашид ч илүү үүрэг гүйцэтгэх боломжтой.

-Бага хурлын үеэр сүүдрийн Засгийн газар байгуулах талаар ярьсан гэсэн. Энэ ажил юу болсон юм бол?

-МАН-ын УИХ дахь бүлэгт тулгуурлаж хяналтын танхим байгуулж өнгөрсөн хугацаанд тодорхой үйл ажиллагаа явуулсан. Өөрөөр хэлбэл 19 яамыг хариуцсан гишүүн, байнгын хороодыг хариуцсан гишүүд хяналт тавьж ажиллаж байгаа. Одоо энэ ажлаа улам эрчимжүүлэх хэрэгтэй байна.