Засгийн ажил ирэх долоо хоногт жигдрэх бололтой
Засгийн газрын үйл ажиллагаа
2013.07.22

Засгийн ажил ирэх долоо хоногт жигдрэх бололтой

Ерөнхий сайд  долоо хоног бүр сэтгүүлчидтэй 30 минут, сар бүр аймгийн Засаг дарга нартай цахим уулзалт хийдэг.

Мөн сар бүр “Хариуцлага, хяналт, хэрэгжилт" нэртэй цахим хурал зохион байгуулж яамдын удирдлагуудыг, “Шинэчилж шийдье” нэртэй хэлэлцүүлэг хийж аль нэг салбарыг сонсдог.

Түүнчлэн “Өглөөний шинэ санаа" онлайн хэлэлцүүлэгт сайд нар долоо хоног бүр ээлжлэн оролцож иргэдийн санаа бодлыг хуваалцдаг. Засгийн газрын гишүүд долоо хоногт нэг удаа бөөнөөрөө сууж байгаад бүтээн байгуулалтын ажлаа танилцуулах гэх мэтээр нээлттэй ажилладаг байлаа.

Бүр нээлттэй ажиллах гээд ядчихсан гэх шүүмжлэл ч гардаг байв. Байв гэхийн учир нь, сайд нар амарсан гэдэг шалтгаанаар Засгийн газрын дээрх бүх үйл ажиллагаа зогсчихлоо. Засгийн газрын ээлжит хуралдаанаа ч хийсэнгүй.

Ерөнхий сайдын гаргасан шийдвэрийн дагуу сайд нар энэ сарын 15-наас арав хоногийн хугацаатай амарчээ. Тэгэхээр Засгийн газар энэ долоо хоногт ээлжит хуралдаанаа хийж, ирэх долоо хоногоос үйл ажиллагаагаа жигдрүүлэх бололтой.

Харин Шадар сайд  Д.Тэрбишдагва амралгүйгээр ар талаа хариуцан үлджээ. Тэрээр өнгөрсөн долоо хоногт дэд сайд нартай уулзаж сайд нарын амралтын хугацаанд хариуцлагатай ажиллахыг анхааруулсан юм. Мөн Гадаад харилцааны сайд Л.Болд гадаадаас ирэх зочид төлөөлөгчдийг угтаад амрах завгүй байгаа ажээ.