Иргэдийн оролцоог дэмжсэн шийдвэрийн төслийг дэмжлээ
Монгол Улсын Ерөнхийлөгчөөс санаачлан боловсруулсан "Үндэсний хөтөлбөр батлах тухай" УИХ-ын тогтоолын төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлтийг хэлэлцлээ.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнгөрсөн оны есдүгээр сарын 19-ний өдрийн №176 тоот зарлигаараа "Шууд ардчилал, иргэдийн оролцоогоор дамжуулан төвлөрлийг сааруулах үндэсний дунд болон урт хугацааны бодлогын баримт бичиг"-ийг батлан гаргасан юм.
Энэ баримт бичигт 2012-2022 он хүртэлх хугацаанд иргэдийн оролцоогоор дамжуулан төвлөрлийг сааруулах төрийн бодлогыг тодорхойлсон. Харин энэ удаа түүнийг хэрэгжүүлэх хөтөлбөр, төлөвлөгөөг нарийвчлан боловсруулжээ.
МУ-ын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж
Иргэд, иргэний нийгмийн байгууллагууд, сонирхлын бүлгүүд, нийгмийн бүхий л төлөөлөл орон нутгийнхаа болон төрийн шийдвэр гаргах явцад оролцох нөхцөл бүрдүүлэх, нөгөө талаас төрийн байгууллагууд иргэдийн саналыг заавал тусган шийдвэрлэх эрх зүйн хариуцлагын тогтолцоог бүрдүүлэхэд энэ хөтөлбөр чиглэсэн.
Ингэснээр иргэдийн оролцоо хуулийн заалт төдий тунхаглал байхаа болино. Тогтоолын төслийг Засгийн газрын гишүүд зарчмын хувьд дэмжиж, нэмж тусгах зургаан саналыг төсөл санаачлагчид хүргүүлэхээр Засгийн газрын хуралдаанаас тогтлоо.