Хөрөнгө оруулалтаа нэмэх хүсэлт тавьжээ
Уул уурхайн сайд Д.Ганхуяг энэ сарын 22-24-ний өдрүүдэд Австрали улсад ажлын айлчлал хийсэн. Уул уурхайн сайд Австрали улсад хийх ажлын айлчлалынхаа үеэр жил бүр зохион байгуулагддаг “Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачлага” олон улсын хуралд оролцлоо.
Энэхүү хурлын үеэр Уул уурхайн сайд олборлох салбарын ил тод байдал, уул уурхайн салбарын орлогын тэгш хуваарилалтын талаарх Монгол Улсын байр суурийг илэрхийлж цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар танилцууллаа.
Дээрх хурлын Олон улсын удирдах хорооноос Монгол Улсыг хариуцлагатай ил тод байдлын санаачлагыг амжилттай хэрэгжүүлж байгааг онцлон тэмдэглэсэн байна.
Мөн Австралийн Холбооны Засгийн газрын Эрдэс баялаг, Эрчим хүчний сайд Гэри Грэй, тус яамны Эрдэс баялагийн газрын захирал хатагтай Таниа Констэбл зэрэг албаны хүмүүстэй уулзаж, Монгол Улсад гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих, хөрөнгө оруулалтын орчинг тогтвортой болгох гээд олон сэдвээр санал солилцлоо.