Төсөвт үрэлгэн хандвал эцсийн үр дүн гарахгүй
Bloomberg телевизийн ярилцах цагийн зочноор УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн оролцлоо.
-Төсвийн тогтвортой байдлын тухай хууль хэрэгжиж эхэлсэн. Хүлээгдэж байгаа ямар бодитой өөрчлөлтийг авчирсан бэ?
Уул уурхай дагаад эдийн засагт өсөлт бий болсон, орлогын боломж сайжирсан энэ үед цаг үеэ олсон хууль гэж бодож байгаа. Өмнөх парламентын үед иргэдэд бэлэнчлэх сэтгэлгээ бий болгох, бэлэн мөнгө тараах хандлага бий болсон.
Мөнгөө зараад, мөнгөө иргэд рүү улс төрийн зорилгоор өгөх гэсэн үр ашиггүй, эцсийн үр дүн нь харагдахгүй ийм байдал хандлагуудыг энэ хууль хязгаарлаж өгч байгаа. Төсвийн нөөц, хуримтлалыг бий болгоход чиглэсэн хууль.
Бид ашигтай байхдаа хуримтлал бий болгоод төсөв хүндэрсэн үед тогтвортой байдлын сангаасаа авах ч юм уу олон зохицуулалтыг дагуулсан цаг үеийн нөхцөл байдалтай нийцсэн хууль болсон. Мөн төсвийн алдагдал, төсвийн зардлын өсөлтийг энэ хууль хязгаарлаж өгч байгаа.
-Таны хувьд бие даагч болсноороо өмнө нь намын гишүүнчлэлд хамрагдаж байх үеэсээ илүү тод хардаг болсон тийм зүйл байгаа юу?
Хувь хүний хувьд өөрчлөлт орсон зүйл байхгүй. Харин өөрийнхөө үзэл бодлыг илэрхийлэхэд бол гарсан.
Яагаад гэвэл одоо надад ямар нэгэн намын дарамт, шахалт байхгүй.
Намын, бүлгийн шийдвэрийг дагасангүй гэдэг зүйл байхгүй болсон учраас иргэдийн эрх ашгийг илэрхийлэх бололцоо бүрдсэн.
-Захиран зарцуулах эрхийг орон нутагт шилжүүлсэн нь хэр зөв алхам болсон бэ? Орон нутагт зөв зарцуулах чадавхи байгаа юу?
Хуулийн агуулгын талаас авч үзвэл зөв. Харин ёс суртахууны төлөвшил гэдэг юм уу төрийн албан хаагчийн хариуцлага хүлээх хуулийн орчин ямар байна вэ гэдэг нэг талаасаа бодох ёстой асуудал. Бидний ёс суртахууны төлөвшил ямар байна гэдгээс хууль яаж хэрэгжих нь шалтгаална.
Төсвийн шинэ хууль гарснаар иргэд хяналт тавих боломжтой болсон. Хяналт тавьж байгаа иргэдэд өгөх зөвлөгөө байна уу?
Өнөөдөр бие даагчдаар төсвийн байнгын хороог ахлуулж байгаа. Энэ нь бие даагч ард түмний төлөөлөл, ямар нэгэн намын дарамт шахалтгүйгээр ажиллана гэдэг бид нарын төсвийн шинэ хуулийн орчноо иргэдэд нээлттэй байх, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх талаас бодож, ярилцаж хийсэн асуудал.