Би “Хүн бол бурхан биш” гэсэн зарчмаар ажилладаг
-Өнөөг хүртэл зарим аймгийн Засаг даргыг томилоогүй байна. Гэтэл орон нутгийн төсөв хэлэлцэх хугацаа өнгөрчихлөө. Энэ байдал орон нутгийн цаашдын ажлыг цалгардуулахгүй юу?
-Энэ байдал аймгуудад хүндрэл авч ирнэ. Орон нутгийн төсвийг арванхоёрдугаар сарын 5-ны дотор аймгийн ИТХ-аар баталсан байх ёстой. Улмаар сумынхыг ИТХ нь бас хэлэлцэн, батлах ёстой.
Гэтэл өнөөдрийг хүртэл Иргэдийн хурал нь хуралдахгүй, Засаг дарга нар нь томилогдохгүй байгаа нь орон нутгийн төсвийг удаашруулж байна гэсэн үг. Энэ нь цаанаа ихээхэн хор уршигтай.
Өмнөх онуудынхтай адил төсөв байсан бол өнгөрсөн оны жишгээр үргэлжлүүлээд явах боломжтой. Гэтэл Төсвийн тухай хуулийн шинэчилсэн найруулга 2013 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжинэ гээд заачихсан шүү дээ.
Тиймээс энэ шинэ хууль мөрдөгдөх гэж байхад урьдчилж заавал хурлаа хийсэн байх шаардлагатай. Хамгийн гол нь, хуульдаа нийцсэн төсөв хийх ёстой шүү дээ. Аймгийн ИТХ болоод сумдад тоогоо өгнө, сум дахин мөнгө хуваарилалтаа хийнэ. Ирэх жилээс Орон нутаг хөгжүүлэх сангийн хэлбэрээр тодорхой хэмжээний хөрөнгө хуваарилагдаж байгаа.
Энэ хөрөнгө сум, орон нутгийн хөгжил, бүтээн байгуулалт, ард иргэдийн амьдрал ахуйг дээшлүүлэхийн төлөө ажил хийхэд зориулагдах ёстой. Тийм байхад хаана, хаанаа учир зүйгээ олж чадахгүй, удирдлагууд нь томилогдохгүй байна. Хэрвээ энэ байдлаар удвал Төсвийн тухай хуулийг хэрэгжүүлнэ гэж яриад ч хэрэггүй.
-Зарим аймаг өмнөх намынхаа боловсруулсан төсвөөр явахаас өөр аргагүй байдал үүсээд байх шиг?
-Төсвийн тухай хууль бараг 100 хувь шинэчлэгдсэн. Өөрөөр хэлбэл, үеэ өнгөрөөсөн, хуучин зүйлээр шинэ юм хийнэ гэж байхгүй, хэцүү. Тухайлбал, Сэлэнгэ аймгийн хувьд МАН олонх болсон.
Удирдлагын ажил хийж байсан хүмүүс нь улираад сонгогдвол мөрийн хөтөлбөр үргэлжилнэ. Бодлого, чиглэлийн хувьд өмнө нь хийж байсан учраас хүндрэл багатай. Харин бусад аймагт нэг улстөрийн хүчин байснаа өөр нам ялсан тохиолдол бишгүй бий. Тэгвэл улстөрийн намуудын гол хийх ажил нь ялалт байгуулсан тохиолдолд өөрсдийн мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх явдал. Гэтэл бүтэн нэг жилийг нь өөр улстөрийн хүчний боловсруулсан чиглэлээр төсвөө хэлэлцэн батлах хэцүү. Харамсалтай биз дээ.
-Тэгвэл хуульд сонгуультай жилийн төсөв батлах хугацааг хойш татах заалт хийчихэж болдоггүй юм уу?
-Төсвийн тухай хуулиас илүү Сонгуулийн тухай хуулийг өөрчлөх ёстой. Сая сонгууль арваннэгдүгээр сарын 21-нд болсон. Аймгийн удирдлагуудаа ч сонгоогүй байхад нь он гарчихаж байна.
Ялалт байгуулсан улстөрийн хүчин ард түмэнд ярьж, таниулаад явсан хөтөлбөрөө маш бага хугацаанд төрийн бодлогод тусгах, хэрэгжүүлэх боломжгүй болчихож байгаа юм. Уг нь төсвөөрөө дамжуулж төрийн бодлогоо хэрэгжүүлэх ёстой. Хүйтний улиралд сонгууль зохион байгуулахаар сонгогчдын ч идэвх муу, ирц хүрэхгүй байгаа нь сая харагдлаа. Тиймээс иргэдэд чирэгдэлгүй, улсын төсөв, зардал хэмнэх утгаар нь хугацааг урагшлуулах нь зүйтэй.
-Орон нутгийн сонгуулийн үеэр УИХ-ын даргын захирамжаар гишүүд ирэх дөрвөн жилийн ажлын төлөвлөгөө боловсруулсан. Гэхдээ ихэнх нь сурталчилгааны ажилд оролцсон болов уу гэсэн хар төрөөд байгаа. Харин таныг их өвөрмөц байдлаар ажилласан сураг сонслоо?
-Би аймгийн Засаг дарга байхдаа ч “Хүн бол бурхан биш” гэсэн зарчмаар ажиллаж ирсэн. Яагаад гэвэл хийх зүйлээ бүгдийг нь мэддэг гэх ойлголт байхгүй. Тийм боломж ч байхгүй. Тэгээд ч аливаа ажлыг тухайн орон нутагт амьдарч, ажиллаж байгаа хүнээс илүү мэдэх хүн үгүй. Тиймээс иргэдийнхээ саналд тулгуурлан хамт олонтойгоо ярилцаж, зөвшилцөн, ажлаа төлөвлөдөг байлаа.
Тэр ч утгаараа УИХ, Засгийн газрын шийдвэр надад хүндрэлтэй байгаагүй. Газар дээр нь очихоор хугацаа их зарцуулдаг хэрнээ харьцангуй бага хүнтэй уулздаг. Жижгэвтэр сумдад 80-150 хүн ирдэг бол томоохон суманд 500 орчим иргэн ирдэг. Тэд маань нийгмийн идэвхтэй хэсэг нь шүү дээ. Харин энэ удаа аймаг, тойргийнхоо бүх иргэнд хандъя гэж бодсон юм. Өрх бүртээ хандаж, ил захидал илгээсэн. Хариугаа намын болон өөрийн бие төлөөлөгчдийн цахим хаяг, утас, факс, шуудангийн хаягаар хүлээж авахаар ил захидалдаа дурдсан байгаа.
-Хариу ирж байна уу?
-50 гаруй мянган иргэнээс хариу ирүүлсэн. Өөрөөр хэлбэл, аймгийн хэмжээнд бүтэн тойроход 10-13 мянга орчим хүнтэй уулзсан байдаг. Харьцуулаад үзэхэд тав дахин үр дүнтэй ажилласан гэж бодож байгаа. Одоогоор хариунуудыг цэгцэлж байна.
Мэдээж хүн бүхэн янз бүрийн санал ирүүлсэн. Зарим нэг нь том хэмжээний зүйл хүсч байхад нөгөө нэг нь шууд хувийн амьдралтайгаа холбоотой асуудал уламжилсан байх жишээтэй. Бүгдийг нь нэгтгэж байгаад сумын удирдлагын хэмжээнд аль асуудлыг өгөх вэ. Аймаг юуг нь хариуцах вэ.
УИХ, Засгийн газрын түвшинд алийг нь шийдэх вэ гэсэн эрэмбэ тогтооё гэж бодож байгаа. Ингэснээр хийх ажлын төлөвлөгөө ч тодорхой болно. Иргэдээс хамгийн их ирүүлсэн саналыг тэргүүнд нь тавих маягаар төлөвлөнө дөө. Энэ олон санал хүсэлтээс ажил хэрэг болгомоор олон санаа, оноо олж хараад байна.