Х.Амгаланбаатар: Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 190 мянган төгрөгт хүргэнэ
МҮЭХны дэд ерөнхийлөгч Х.Амгаланбаатар
2013.02.21

Х.Амгаланбаатар: Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 190 мянган төгрөгт хүргэнэ

МҮЭХ-ноос “Монгол хүний хөдөлмөрийн үнэлэмжийг нэмэгдүүлэхийн төлөө” кампанит ажлыг зарласан. Энэ талаар МҮЭХ-ны дэд ерөнхийлөгч Х.Амгаланбаатараас тодрууллаа.

-“Монгол хүний хөдөлмөрийн үнэлэмжийг нэмэгдүүлэхийн төлөө” кампанит ажлын хүрээнд ямар зорилго тавин ажиллаж байна вэ?

МҮЭ-ийн холбоо нь ажилтны эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлөн хамгаалах үндэсний хэмжээний байгууллагын хувьд иргэдийн худалдан авах чадвар, амьжиргааг хамгаалахын төлөө нийгэмд хүлээсэн үүргээ биелүүлж ирсэн.

Үүнтэй холбогдуулан МҮЭ-ийн холбоо Монгол хүний хөдөлмөрийн үнэлэмж, цалин хөлс, орлогыг нэмэгдүүлэх, хамгаалах, өрхийн амьжиргааг сайжруулах зорилгоор “Монгол хүний хөдөлмөрийн үнэлэмж нэмэгдүүлэх”-ийг улс орон даяар эхлүүлж байна. Монгол хүн эх орондоо өөрийн болон өрх гэрийнхээ амьжиргааг дээшлүүлэхэд боломжийн цалин хөлс авдаг тогтолцоог бий болгохыг зорьж ажиллаж байна.

Эрүүл мэндийн салбарт 182520 төгрөг, эрдэс баялаг эрчим хүчний салбарт 224640 төгрөг, авто тээврийн салбарт 210600 төгрөг, барилгын салбарт 358848 төгрөгөөр тогтоогдсон байна.
-Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хэдэн хувиар нэмэгдүүлэх боломжтой вэ?

Монголчуудын авч буй цалин хөлс дэлхийн улс орнуудтай харьцуулахад харьцангуй доогуур төвшинд байдаг. Өнөөдрийн байдлаар Монгол Улсын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 140 мянган төгрөг байна. Өнгөрсөн жилд манай улсын дөрвөн салбарт хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ тодорхой хэмжээгээр өсч тодорхойлогдсон.

Тухайлбал, эрүүл мэндийн салбарт 182520 төгрөг, эрдэс баялаг эрчим хүчний салбарт 224640 төгрөг, авто тээврийн салбарт 210600 төгрөг, барилгын салбарт 358848 төгрөгөөр тогтоогдсон байна. Эдгээр салбарт цалин хөлс нэмэгдсэн нь улсын хэмжээнд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлэх боломжтойг харуулж байна.

-Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хэдэн төгрөг байхаар тогтоосон бэ?

-Хоёр жилийн өмнө бид хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 190 мянган төгрөг байхаар тооцож Засгийн газарт өргөн барьсан. Харамсалтай нь хэлэлцээрийн үр дүнд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 140400 төгрөг болгон тогтоосон юм. Харин энэ удаад 190 мянган төгрөгөөс дээш тогтоохоор хэлэлцэж байна.

Энэхүү ажлын явцад өргөн хэрэглээний барааны үнэ, инфляцийн өсөлтөөс хамааруулж хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тооцоо судалгаанд тулгуурлан шинжлэх ухааны үндэслэлтэйгээр нарийвчлан тогтоох болно. Одоогийн байдлаар тодорхой үнийг тогтоогоогүй байна.

-Цалин хөлс нэмэгдэхтэй зэрэгцэн өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгддэг бичигдээгүй хууль манай улсад үйлчилдэг. Тиймээс үнийн хөөрөгдөл үүсгэхгүйн тулд ямар арга хэмжээ авах вэ?

-Сүүлийн үед бараа бүтээгдэхүүний үнэ хурдацтай өсч байгаатай холбогдуулан МҮЭ-ийн холбоо, хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт 2013-2014 оны улсын хэлэлцээрийн 3.2, 5.1 дэх заалтуудын дагуу үнийг бууруулж, тогтворжуулах чиглэлээр тодорхой арга хэмжээг яаралтай авч, цалин хөлс, тэтгэвэр тэтгэмж, орлогыг хамгаалж ажиллах шаардлагатай байгаа.

Гэвч хүнсний гол нэрийн барааны үнэ өссөөр байгаа нь иргэдийн бодит худалдан авах чадвар буурч үнийн дарамтад орсоор байна. Эдгээр асуудлыг холбогдох албан байгууллагатай хамтран зохицуулахаар хэлэлцэж байгаа.

Өнөөдрийн байдлаар цалин хөлс, тэтгэвэр тэтгэмжийн үнэ нэмэгдээгүй байхад үнийн хөөрөгдөл үүссэн. Тийм учраас манай холбооны хувьд үнийн хөөрөгдлийг цалин хөлс нэмэгдэхтэй холбогдолгүй гэж үзэж байгаа.

-Кампанит ажлаас ямар үр дүн гарах вэ?

Энэхүү кампанит ажлын үр дүнд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг улсын хэмжээнд шинэчлэн тогтоох мөн цалин хөлс, тэтгэвэр, тэтгэмжийг индексжүүлэх асуудлаар эрх зүйн орчин бүрдэж, холбогдох хууль тогтоомж батлагдана. Ингэснээр хөдөлмөрийн хууль тогтоомжийн хэрэгжилт сайжирна. Энэ ажил нь жил бүр уламжлал болгон зохион байгуулагдана.

Мөн бид энэхүү ажлын хүрээнд хөдөө орон нутагт ажиллаад ирсэн. Хөдөө орон нутагт хуулиар тогтоогдсон хэмжээнээс бага цалин өгдөг нь ажиглагдаж байсан.

Цалин хөлс дутуу авч байгаа, хөдөлмөрийн хөлснөөс доогуур цалинжиж буй үйлдвэрчний эвлэлийн гишүүд, хөдөлмөрчдийн гомдол, саналыг хүлээн авч, МҮЭХ-ны Хуульч өмгөөлөгчдийн баг, хууль зүйн зөвлөгөө өгөх төв, Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч нар тухайн асуудлыг хурдан шуурхай шийдвэрлүүлэх арга хэмжээ авч ажиллаж байна.