Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмлээ
Монгол Улсын хэмжээнд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2013 оны есдүгээр сарын 1-нээс эхлэн 36,7 хувиар нэмэгдүүлж, 192 мянган төгрөгөөр тооцохоор боллоо.
Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт үндэсний хорооноос гаргасан шийдвэрийн дагуу 140400 төгрөг байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг ийнхүү нэмэгдүүлжээ. Өмнө нь нэг цагийн хөдөлмөрийн хөлсийг 835 төгрөг 71 мөнгөөр үнэлдэг байсан бол нэмэгдсэнээр 1142 төгрөг 85 мөнгө болж буй юм байна.
МҮЭХ-ны дэд ерөнхийлөгч Х.Амгаланбаатар:
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр жил тутамд шинэчлэн тогтоох ёстой. Шинэчилнэ гэдэг нь нэмэгдүүлнэ гэсэн үг биш тодорхой хэмжээгээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хөдөлгөнө гэсэн үг. Энэ жил МҮЭХ-ноос Хөдөлмөр нийгмийн зөвшилийн үндэсний гурван талт хороонд тодорхой санал тавьсан.
Улсын хэмжээний хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэмэгдсэнээр салбарын хөдөлмөрийн хөлс хөдөлгөгдөх алхамыг бий болгож байгаа.
Хуулийн цаг хугацаа нь болсон, мөн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлэх шаардлага байгаа. Тэгэхээр өнөөдөр улсын хэмжээний дундаж цалин 2011 онтой харьцуулахад өсөлттэй бас бараа бүтээгдэхүүний үнэ ханш өссөн. Үүнээс харахад хүмүүсийн хөдөлмөрийн хөлсний бодит худалдан авалт буурсан байгаа юм. Иймээс хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлэх хэрэгтэй.
Ажлын хэсэг урьдчилсан байдлаар ажиллаж, гурван талаас эдийн засгийн нөхцөл байдал, инфляци, бараа бүтээгдэхүүний үнэ ханш гээд гол гол үзүүлэлтүүдийг харьцуулж шийдэл гаргасан.
Улсын хэмжээний хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг энэ удаад 192 мянган төгрөгөөр тогтоолоо. Ажил олгогч эздийн нэгдсэн холбооноос 158 мянган төгрөг болгох санал дээр хатуу байр суурьтай хандсан, засгийн газрын зүгээс 180 мянган төгрөг болгон санал тавьсан. Харин МҮЭХ 239.400 болгох санал болгосон юм.
Ингэж нэмэгдсэнээр хичнээн хүмүүсийн амьдрал ахуй дээшлэнэ гэсэн судалгаа байгаа бэ?
Нэг сая нэг зуу орчин идэвхитэй хөдөлмөр эрхэлж байгаа иргэдийн 8.4 хувь нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр цалинжиж байна гэсэн албан ёсны тоон судалгаа байдаг.
Мөн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс доогуур цалинжиж байгаа иргэд цөөнгүй. тиймээс л тоон үзүүлэлтийг нарийвчлан гаргахад хэцүү. Энэ нь дэлхийн хэмжээнд монгол хүний хөдөлмөрийн үнэлэмж хэт доогуур орсонг харуулж байгаа юм.
Улсын хэмжээний хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэмэгдсэнээр салбарын хөдөлмөрийн хөлс хөдөлгөгдөх алхамыг бий болгож байгаа. Одоогоор дөрвөн салбар урьдчилсан байдлаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээ нэмэгдүүлсэн.