Цалингийн доод хэмжээг 239.400 төгрөгөөр тогтоох саналтай байгаа
УИХаас 2010 онд Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тухай хуулийг баталснаар монгол хүний хөдөлмөрийн үнэлэмжийг Засгийн газар, Ажил олгогч эздийн холбоо (АОЭХ) болон МҮЭХ оролцсон Хөдөлмөр, нийгмийн гурван талт зөвшилцлийн хороо хамтран тогтоодог болсон.
2011 онд анх хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 140.400 төгрөг гэж шинэчлэн тогтоосноор хууль хэрэгжиж эхэлсэн байдаг. Энэ үед дээрх хэмжээ нь улсын хэмжээний дундаж цалингийн 32 хувьтай тэнцэж байжээ. Гэтэл өнөөдөр улсын хэмжээний дундаж цалин 598 мянган төгрөгт хүрснээр ердөө 23 хувь болсон.
Үүнээс гадна Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тухай хуульд зааснаар хоёр жил тутам шинэчлэн тогтоох хугацаа нь энэ сарын 5ны өдөр дуусгавар болох гэж байна.
Үүнтэй холбогдуулан МҮЭХны дэд ерөнхийлөгч Х.Амгаланбаатараас зарим зүйлийг тодрууллаа.
Холбогдох талууд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг шинэчлэн тогтоох талаар ярилцаж байгаа байх. Та бүхэн ямар санал, байр суурьтай байна вэ?
Бидний тооцоолсноор 239.400 төгрөгөөр тогтоох нь зүйтэй гэсэн саналтай байгаа юм.
Бид энэ хэмжээг хэдээр тогтоовол нийцтэй байхыг судалж үзсэн. Гурван талт зөвшилцлийн хорооны оролцогч талуудад саналаа хүргүүлээд байна. Бидний тооцоолсноор 239.400 төгрөгөөр тогтоох нь зүйтэй гэсэн саналтай байгаа юм.
Яагаад. Ийм тоо тавих үндэслэл байгаа байх. Үүнийг тодруулна уу?
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг шинэчлэн тогтоосноос хойш өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ 2570 хувиар өссөн байна. Мөн хууль хэрэгжиж эхлэхээс өмнө 2007 онд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тогтооход энэ нь улсын хэмжээний дундаж цалингийн 52 хувьтай тэнцэж байсан бол 2011 онд 32 хувьтай тэнцдэг болсон.
Одоо энэ цалин хэвээр байвал улсын дунджийн 23 хувьтай тэнцэж, бүр доошоо орчихоод байна. Тиймээс хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг зайлшгүй нэмэгдүүлэх шаардлагатай байгаа юм.
Та бүхний санал болгож байгаа хэмжээнд хүргэвэл цалингийн дунджийн хэдэн хувийн дундажтай тэнцэх бэ?
40 орчим хувь болно. Бид заавал яг ойн дээр нь буюу дөрөвдүгээр сарын 5нд нэмэгдүүл гэж шаардахгүй. Засгийн газар болон Ажил олгогч эздийн холбоотойгоо харилцан ярилцаж, хэлэлцэж тохирсоны үндсэн дээр аль болох хурдан хугацаанд цалингийн доод хэмжээг шинэчлэн тогтооё гэсэн байр суурьтай байна.