О.Баасанхүү: Хууль зүйн сайдыг огцруулах асуудлыг өргөн барина
УИХ-ын гишүүн О.Баасанхүү
2013.05.14

О.Баасанхүү: Хууль зүйн сайдыг огцруулах асуудлыг өргөн барина

УИХ-ын гишүүн О.Баасанхүүг “Ярилцах танхим”-даа урилаа. Тэрбээр удахгүй Хууль зүйн сайд Х.Тэмүүжинг огцруулах асуудлыг өргөн барих гэж байгаа юм байна. Түүнтэй энэ асуудлаас гадна МАХН-ын Бага хурлын үеэр үүссэн “О.Баасанхүү гишүүн хүнтэй зодолдсон” гэх ярианы талаар өөрийнх нь байр суурийг сонслоо.

-МАХН-ын Бага хурлын үеэр таныг намынхаа гишүүн Г.Баярсайхантай муу­далцаж зодолдсон гэх мэдээлэл цацагдсан. Үнэхээр ийм зүйл болсон юм уу?

-Манай нам Ерөнхийлөгчийн сонгуульд хэрхэн оролцохоо Бага хурлаараа хаалттай ярилцсан. Хаалттай гэдэг чинь нам дотроо халуухан яриа өрнүүлдэг, үйл явдал ч болдог. Нам дот­роо асуудлыг ярьж муу­дал­цах нь эрүүл үзэгдэл. Бид муудалцсан ч юм бий. Муудалцаагүй ч юм бий.

Энэ утгаараа таны асуугаад байгаа зүйлд би ач холбогдол өгөхгүй байгаа. Түүнээс биш хувь хүний эсрэг ямар нэгэн юм болоогүй. Үзэл бод­лоо л илэрхийлсэн хэрэг. Үзэл бодлоо илэрхийлдэг, хамгийн чөлөөтэй, нээлттэй байдаг газрыг нам дотроо гэж ойлгодог.  

-МАХН энэ удаагийн Ерөнхийлөгчийн сон­гуульд бие даан оролцох шийдвэрийг гаргасан нь хэр зөв сонголт гэж та бодож байна вэ?

-Ер нь бол парламентад суудалтай аливаа нам сон­гуульд ялах зорил­гыг агуул­даг. Энэ утгаа­раа Монгол Улсын Ерөнхийлөгчийн сон­гуульд бие даан оролцох нь зарчмын хувьд зөв.

Ха­рин манай намын хувьд гэрээнийхээ дагуу Ардчилсан намаас асуух ёстой байдаг.Бид орон нутгийн сонгуулийн өмнө “Гэрээнд хамтран оролцоно гэсэн яах вэ” гэж асуусан.

Ардчилсан намын удирдлагууд орон нутгийн сонгуулиар хамтрах шаардлагагүй гэсэн учир манай намынхан тусдаа орсон. Ерөнхийлөгчийн сонгуулиар мөн хэрхэн оролцохоо Ардчилсан намаас асуухад тэд дангаараа оролцоно гэд­гээ хэлсэн юм.

Иймээс бид сон­гуульд бие даан оролцохоор шийдвэрлэсний дагуу явж байна. Миний хувьд энэ бол хамгийн зөв алхам боллоо.

-Танай намаас Н.Удвал сайд нэр дэвшихээр болсон. Эмэгтэй хүн гэдэг утгаар нь хэр хүлээж авч байх шиг байна вэ?

-Ц.Нямдорж гишүүнтэй сая (өчигдөр) тааралдсан. Тэгсэн биднийг эмэгтэй хүнийг нэр дэвшүүллээ гээд шоолж инээгээд байна билээ. Эмэгтэй хүн эмэгтэй хүнээ дэмждэггүй ч гэх шиг. Асуудлын гол нь эмэгтэй хүн үү, эрэгтэй хүн үү гэдэгт байгаа юм биш.

Харин 90 жилийн түүхтэй МАХН-ын нэрийг нь устгаж, намыг нь хэдэн олигархи булааж авах гэж оролдсон байдлыг эсэргүүцэж тухайн үеийн МАХН-д байсан хүмүүс түр штаб байгуулаад гар­сан.

Түр штабыг байгуулсан анх­дагчдын нэг нь Н.Удвал сайд юм. Түүнчлэн их эрэмгий, эрч хүчтэй, зоригтойгоор МАНАН-гийн эсрэг зогсож, тэмцэж явсан хүний нэг. Энэ утгаар нь түүнийг дэмжихэд буруу байхгүй гэж бодож байна.

-Хууль зүйн сайд Х.Тэмүүжинг огцруулах бичгийг өргөн барих гэж байгаа гэсэн. Хэзээ өргөн барих вэ?

-Би өөрөө хуульч хүн. Аливаа асуудалд сэтгэлийн хөдөлгөөнөөр хандахаас илүүтэй бодитой нотол­гоо, үндэслэл тавих ёстой. МАХН-ын зүгээс Хууль зүйн сайдын үйл ажиллагааг зарчмын хувьд авч үзээд огцруулах асуудлыг тавих шаардлагатай гэсэн байр сууринаас хандсан.

Харин Ардын намынхан Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огц­руулах асуудлыг оруулсан. Тиймээс үүнтэй зэрэгцүүлэн Хууль зүйн сайдын асуудлыг тавих хэрэггүй юм гэж үзсэн л дээ. Ин­гээд нотлох баримтыг судалж, огц­руулах үндэслэлийг сайн судлах хэрэгтэй гээд хойшлуулсан.

Миний хувьд нотлох баримтыг судлаад чиглэлийнх нь хүрээнд тодорхой мэдээллийг үзэхэд Х.Тэмүүжин сайд салбараа удирдаж чадахгүй байгаа юм. Тэгэхээр Хууль зүйн сайдыг огцруулах асуудлыг ойрын хугацаанд өргөн барина.

-Чухам яг ямар үндэслэл гаргаж байгаа юм бэ?

-Огцруулахын тулд ерөнхий гурван чиглэл гарган судалгаа хийсэн. Юун түрүүнд ёс суртахууны хувьд, мэргэжлийн ур чадварын хувьд салбараа удирдаж чадах уу, мөн салбарт нь бодит өөрчлөлт, дэвшил байна уу гэдгийг нь харж байгаа.

Үндэсний аудитын газрын гаргасан дүгнэлт, хэвлэл мэдээллээр гарч буй баримт, Үндэсний ста­тистикийн газраас гаргасан мэдээлэл, бусад салбарт гарч байгаа зөрчлөөс харахад Хууль зүйн сайд энэ салбарыг удирдах чадваргүй байна.

Иймээс огцруулах хэрэгтэй гэж үзээд байгаа юм. Хэдэн жишээ хэлье. Ерөнхий сайд, Шадар сайд хууль зөрчлөө гэж Ардын намынхан нэлээд ярьсан. Минийхээр тэднийг хууль зөрчихөд хүргэлээ гэж бодож байна.

-Яагаад?             

-Засгийн газрын тухай хуульд зааснаар Хууль зүйн сайд нь танхимаа мэргэжлийн удирдлагаар хангах ёстой. Хууль зөрчихүйц тогтоол гарч байна гэдэг тэднийг мэргэжлийн удирдлагаар хангаагүй гэсэн үг. Мөн ШШГЕГ-т олон зөрчил илэрлээ гэсэн мэдээллүүд цацагдаж байна.

Энэ нь салбараа удирдах чадвартай хүнийг тавиа­гүй байгааг нотлож буй юм. Түүнчлэн гэмт хэргийн гаралт нэмэгдсэн. Хоёрдугаар сарын 6-нд гэмт хэргийн тоог нэгдүгээр сарын 6-ныхтай харьцуулахад нэг дахин өссөн байсан.

Үүнийг сайд нь “Бид бүртгэлийн системийг сайжруулсан болохоор гэмт хэргийн тоо өс­чихсөн юм шиг харагдаж байгаа юм” гэж тайлбарласан юм. Тэгвэл хоёрдугаар сарын 6-наас тавдугаар сарын 9-нийх хүртэл харьцуулахад гурав дахин өсчихсөн.

Зөвхөн хохирлын хэмжээгээр ярихад 17 орчим тэрбум төгрөг гэж байсан бол одоо 37 тэрбум байх жишээтэй. Хууль зүйн яамны үндсэн бодлого гэмт хэрэгтэй тэмцэх. Энэ бүгдийг бодлого талаас нь авч үзэхэд удирдаж буй хүн нь энэ салбараа авч явж чадахгүй байна.

-Х.Тэмүүжин сайдын тухайд шүүхийн шинэтгэлийн хүрээнд нэлээд хэдэн хуулийн төслийг өр­гөн бариад, хэлэлцээд явж байгаа. Ер нь бодлогынх нь төвшинд анхаараад байгаа юм биш үү?

-Бид маш гоё шинэ машинтай болох байх. Энэ нь хуучин машинаа засах ёсгүй гэсэн үг биш. Хүн хуучин машинаа одоо засаад явж байя л даа. Тэгээд шинэ машин ирэхээр сайжруулж болно шүү дээ. Нэг ёсондоо энэ шинэчлэлийг би ямар үнэтэй юм бэ гэж хэлмээр байна.

Шинэчлэл хийхийг хүлээгээд зүгээр сууж болохгүй. Нэг минут, секундын өмнө ч тодорхой алдаануудыг яриад, засах шаардлагатай. Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төсөл байна. Нэрнээсээ гоё сонсогдож байна. Гэтэл гэмт хэрэгт шалгагдаж буй хүмүүсийн 80 хувь нь гэрч байж байгаад сэжигтэн болчихдог.

Ийм байхад гэрчийг хэнээс хамгаалах гээд байгаа юм бэ. Энэ салбарыг удирдана, шүүхийн шинэтгэл хийнэ гэдэг бол хоёр өөр. Өнөөдрийн хувьд хуулийн салбар уначихаад байна. Би мэддэг сэдвээрээ л ярьж байна.

-Хууль зүйн сайдыг огцруулах асуудлыг тавилаа гээд гэмт хэргийн гаралт өнөөдрийнхөөс багасаж чадахгүй шүү дээ?

-Асуудлын гол нь бодлого чухал. Зөв бодлоготой хүн салбарыг удирдана. Тиймээс зөв хүнийг л энэ салбарт тавих ёстой байхгүй юу. Аливаа салбарт мэргэжлийн хүн л тавих ёстой.

Гэтэл Хууль зүйн сайд салбартаа мэргэжлийн хүн тавиагүйгээс болж ийм байдалд хүрээд байна. Гэмт хэрэгтээ Х.Тэмүүжин гэдэг хүн тэмцэх гээд байгаа юм биш. Харин зөв бодлогыг баримталдаг хүн ажиллавал тэр салбар өөрөө сэргэнэ.

Энэ салбарыг удирдана, шүүхийн шинэтгэл хийнэ гэдэг бол хоёр өөр.
-Тэгэхээр таныхаар Х.Тэмүүжин сайдын оронд хэн байх ёстой гэж?

-Хэн байх гэхээс илүүтэй хуулийн салбарын бодлогыг авч явах чадвартай байх шаардлагатай. Ийм хүн Ардчилсан намд олон байгаа гэдэгт эргэлзэхгүй байна. Мэргэжлийн хувьд мэдлэгтэй, мэр­гэшсэн, төлөвшсөн байх хэрэгтэй шүү дээ.

-Таны тавьж байгаа үндэслэл Хууль зүйн сайдыг огцруулах хангалттай үндэслэл болж чадна гэж үзэж байна уу?

-Хангалттай үндэслэл гэж бодож байна. Төсвийн тухай хуульд зориулалтаар нь зарцуулаагүй бол төсвийн зарцуулагчийг эргүүлэн татах тухай заасан байгаа. Ийм алдаа гаргасныг би нотолсон.

Мөн өөрийн салбар байгууллагаа мэргэжлийн удирдлагаар хангаагүй. Хууль зүйн сайдын чиг үүргийн хүрээнд алдаа гаргачихлаа. Үүнийг илрүүлчихсэн. Тиймээс л огцруулах асуудлыг өргөн барья гээд байна.

-Ардын намынхан Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг тавьсан ч Ардчилсан намынхан авч үлдсэн. Харин энэ удаа Х.Тэмүүжин сайдыг өмгөөлөөд үлдэх байх?

-Ерөнхий сайдыг огцруулах үндэслэл, Хууль зүйн сайдыг огц­руулах үндэслэл хоёр өөр. Би Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огц­руулахын эсрэг кноп дарсан. Ерөн­хий сайдад таалагдах гэсэндээ ингээгүй. Бондын мөнгөөр алт худалдаж авсан гэж ярьсан. Гэтэл энэ нь нотлогдоогүй.

Ерөнхий сай­дыг огцруулах гэж байгаа бол хөдлөшгүй баримттай байх ёстой. Түүнээс биш ууланд төөрсөн гэдгийг нь ярих шаардлагагүй. Ууланд явж болохгүй гэсэн хууль байхгүй шүү дээ. Би Ерөнхий сайдад хүнийх нь хувьд дургүй байж болно.

Гэхдээ хууль тогтоомжид нийцэж байна уу, үгүй юу гэдгийг нь харах ёстой юм. Үе, үеийн сайд нар ямар сайн нэртэй байдаг биш. Гэсэн хэдий ч тодорхой ажлыг хийгээд явж байна. Хуулийн салбарыг улстөржүүлээд байгааг гайхаж байна. Тэр тусмаа Хууль зүйн сайд нь улстөржөөд байгааг бүр ойлгохгүй байгаа.

Ми­ний тавьж байгаа асуудлыг Ардчилсан намынхан, Ардын намынхан ойлгох байх. Асуудал Х.Тэмүүжин гэдэг сайдад байгаа юм биш. Хамгийн гол нь хууль зөрчсөн үү, үгүй юу гэдгийг харах ёстой юм.