МАХН-аас Н.Удвал Ерөнхийлөгчид нэр дэвшинэ
Эрүүл мэндийн сайд Н.Удвал
2013.05.13

МАХН-аас Н.Удвал Ерөнхийлөгчид нэр дэвшинэ

МАХН-ын бага чуулган өнгөрсөн бямба гаригт болж, энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд Н.Удвалыг нэр дэвшүүлэхээр болсон байна. Уг нь тус намынхан хуваарь ёсоороо өнгөрсөн пүрэв гаригт хуралдах ёстой байлаа.

Энэ өдөр тэд цугласан ч МАХН-ын дарга Н.Энхбаярын даган баясагчид “Намын даргаа шоронд тарчилж байхад бид энд сонгууль яриад албан тушаалын төлөө амбицилж суудаг цаг биш.

Тийм учраас Ерөнхийлөгчийн сонгуульд манай нам оролцохгүй байж болно" гэдэг санал гаргаснаар маргаан үүсч, сүүлдээ ямар нэгэн шийдэлд хүрээгүй учраас хурлаа хойшлуулсан.

Ингээд маргааш нь буюу баасан гаригт Бага чуулганаа хийх гэсэн боловч, МАХН-ынхан учраа олоогүй байсан учраас мөн л хурлаа хойшлуулсан.

Харин энэ өдөр тус намын удирдлагууд жич хуралдаж, зарим нэг гишүүдийнхээ шүүмжлэлийг хүлээн авч, хүссэнээр нь шийдэж, намын дарга Н.Энхбаярыгаа шоронд хийсэн хойгуур Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай ярихааргүй байхаар тохирцгоосон байна.

Энэ шийдвэрээ өнгөрсөн бямба гаригт Бага чуулганы хуралдаандаа оруулж танилцуулсан гэнэ. Гэтэл Бага чуулганы зарим гишүүнд энэ шийдвэр таалагдаагүй, дахиад бөөн маргаан шүүмжлэл дагуулсан юм байх.

Парламентад суудалтай нам байж эрхийнхээ хүрээнд Ерөнхийлөгчийн сонгуульд оролцохгүй байна гэж байхгүй. Харин ч Ерөнхийлөгчийн сонгуульд оролцож, нэр дэвшигчээ ялуулж байж намын даргаа шоронгоос салгаж авна гэсэн бололтой.

Мөн АН-ыг дэмжиж Ерөнхийлөгчийн сонгуульд оролцвол яах вэ гэдэг зарим гишүүний саналыг ч нэг хэсэг нь эсэргүүцсэн гэнэ лээ. Ийм учраас МАХН Ерөнхийлөгчийн сонгуульд орох хэрэгтэй болж хувирсан гэнэ.

Тэгвэл хэнийг Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх вэ гэдэг асуудал гарч ирсэн байна. Анх МАХН Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших магадлалтай таван хүнийг зарласан байлаа.

Шадар сайд Д.Тэрбишдагва, Сангийн сайд Ч.Улаан, УИХ-ын дэд дарга Л.Цог, Эрүүл мэндийн сайд Н.Удвал, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Ц.Цолмон нарын нэг нь төрийн тэргүүн болох зангарагтай хэмээн тэд үзэж байсан юм.

Анх удаа Ерөнхийлөгчийн сонгуульд эмэгтэй хүн нэр дэвшиж, Монголын түүхэнд бичигдэн үлдэхээр болж байна.

Тийм ч учраас эцсийн дүнд нам дотроо явуулж гишүүдийнхээ санал сонсч байжээ. Энэ хугацаанд МАХН-ын дэд дарга, шадар сайд Д.Тэрбишдагва нэлээд өндөр санал авч байсан гэнэ. Улсын хэмжээний судалгаагаар нь түүний рейтинг өндөр байсан юм байх.

Тиймээс МАХН-ынхан Бага чуулганы үеэр Ерөнхийлөгчийн сонгуульд түүнийг нэр дэвшүүлэх магадлалтай болоод иржээ. Гэвч шадар сайд Д.Тэрбишдагва өөрөө нэрээ татсан юм байна.

Тэгээд ч МАХН-ын дарга Н.Энхбаяр шоронгоос энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд Эрүүл мэндийн сайд Н.Удвалыг нэр дэвшүүлэх санал ирүүлжээ. Мэдээж Н.Энх- баярын үг МАХН-ынханд хууль учраас тэд асуудалгүй дэмжсэн бололтой.

Анх удаа Ерөнхийлөгчийн сонгуульд эмэгтэй хүн нэр дэвшиж, Монголын түүхэнд бичигдэн үлдэхээр болж байх шиг байна. Жендерийн тэгш эрхийг хангаж, Ерөнхийлөгчийн сонгуульд эмэгтэй хүн нэр дэвшүүлж байгаа нь зөв гэж МАХН-ынхан өөрсдөө үзэж байгаа юм билээ.