З.Баянсэлэнгэ өөр болжээ
2012 онд Монголын улстөрд хамгийн дуулиантайгаар орж ирсэн эрхмээр УИХ-ын НББСШУ-ы байнгын хорооны дарга З.Баянсэлэнгэ өрсөлдөгчгүй шахам торойх нь тодорхой. МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн жагсаалтын долоод бичигдсэн нь Н.Энхбаяр даргыг нь хүртэл хөөрхөн гайхахад хүргэсэн гэдэг. Ингээд л аз од нь шовойсон З.Баянсэлэнгэ дарга гэртээ сууж байгаад УИХ-ын эрхэм гишүүнээр тодорч, олон хүнийг ангайтал гайхшируулсан удаатай.
Түүнээс хойш найман сар өнгөрчээ. Эхэндээ ч “Энэ гудамжны тэмцэгч хүүхнийг УИХ-ын гишүүн болгож, бүр томоохон байнгын хорооны даргаар томилсон нь Монголын улстөрийн эмгэнэл болов. Намын даргаа өмөөрч хэдэн өдөр өлссөн гавьяагаа дэндүү их үнээр буюу УИХ-ын гишүүн болж төлж авч байгаа нь шударга ёсонд яагаад ч нийцэхгүй” гэж дээр, дооргүй баахан шуугицгаасан билээ.
З.Баянсэлэнгэ дарга ч өнгөрсөн бүх хугацаанд түүнийг чиглэсэн элдэв өдөөн хатгалга, дайрч доромжилсон бүхнийг тэвчсээр хар цагаан дуугүй өнөөдрийг хүрсэн. Энэ хугацаанд түүнийг ёстой л үгийн муугаар дайрч, доромжилсон гэхэд болно.
“Шинэ байранд орохоор 260 сая төгрөг УИХ-аас цохуулж авчээ. Соната-7 машинаа голж, Ланд круйзер нэхсэн байна. Төсвийн цалинтай нөхөр нь З.Баянсэлэнгийг УИХ-ын байнгын хорооны дарга болсны дараахан Мицубуши маркийн жийп авч унажээ” гээд бараг л оройных нь хоолны талаар дайрч, гүтгэх нь холгүй байв.
Тэрбээр азтай тохиолдлоор их улстөрд орж ирээд УИХ-ын байнгын хорооны дарга болсон нь үнэн. Эхэндээ бага зэрэг ажилдаа түүртэж байсан нь ч үнэн. Харин өнөөдөр байдал ихээхэн өөрчлөгджээ.
Одоо түүнд гайгүй чадварлаг улстөрчийн намба төрх сууж, үг яриа, үйл хөдлөл нь цэгцтэйгээс гадна гадаад үзэмж нь ч ихэд өөрчлөгджээ.
Саяхан З.Баянсэлэнгэ даргатай хамт Төв аймгийг зорьж нэг өдөр хамт ажиллалаа. Төв аймгийн удирдлагуудтай уулзаж, Ардын жүжигчин, төрийн хошой шагналт Б.Дамдинсүрэнгийн нэрэмжит “Монгол туургатан” театр, аймгийн нэгдсэн эмнэлэг зэрэг албан байгууллагуудын ажил байдалтай газар дээр нь танилцсан юм.
Төв аймгийн Засаг дарга Д.Баярбат,Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн дарга С.Цогтбаяр, Хөдөлмөрийн хэлтсийн дарга Г.Болдбаатар нартай уулзаж ярилцахдаа зарим үед шинэхэн дарга нарыг барьц алдуулах асуулт тавьж, оновчтой цомхон үг яриагаараа дарга нарыг удирдан чиглүүлж байсан нь түүнийг улстөрчийн хувьд ямархуу өсөн дэвжсэний тодорхой үзүүлэлт болсон юм.
Ямар ч үед тун илэн далангүй байж, УИХ-ын байнгын хорооны даргын хувьд бус чадварлаг улстөрчийн найрсаг зангаар харилцаж байсан нь асуудлыг ойлгомжтой, энгийн нөхөрсөг байдалд оруулж, харилцан ярилцагчдадаа ч ямар нэг хүндрэл үүсгээгүй юм.
“Монгол туургатан” театрын шинэхэн дарга Д.Хишигбаяртай уулзахдаа хоёр, гуравхан оновчтой асуултаар ажлаа аваад удаагүй, театраа сайн судалж мэдээгүй яваа дуучин даргыг ёстой л нэг бажгадуулах шиг болно лээ. “Монгол туургатан”-ы залуухан дарга нь яаж ч чадахгүй барьц алдсан үед аймгийн Засаг дарга Д.Баярбат ярианд оролцож театрын даргаа аварсан.
Аймгийн нэгдсэн эмнэлгээр орохдоо юм бүхнийг царайчлан суудаг эмнэлгийн удирдлагуудыг хөөрхөн чимхээд авахаа ч мартаагүй. Хамгийн сонирхолтой нь З.Баянсэлэнгэ даргын үг яриа тун ч цэгцтэй, ойлгомжтой, асуудлын голыг шуудхан базаад авдаг болжээ.
Саяхан гадаад үзэмжиндээ анхаарал хандуулж багагүй засвар хийлгэж амжсан З.Баянсэлэнгэ дарга ихэд өөрчлөгджээ. Гэхдээ сайн тал руугаа илт өөрчлөгдсөн нь яамай даа.