2013.02.18

Баараггүй итгэл, баталгаат үнэн

АН-ын гол улстөрчдийн нэг Э.Бат-Үүл УИХ-ын сонгуульд нэр дэвшээгүй нь өнгөрсөн оны сонгуулийн содон өнгөнүүдийн нэг байсан билээ. Тэрбээр энэ удаа цоо шинэ албан тушаалд очиж, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч болсон учраас л “Алдартан”-аар нэрлэгдсэн хэрэг биш болов уу. Түүний өмнөх, бас өмнөхийн өмнөх Мээрүүдийн үед ярьж, төлөвлөсөн ч хэрэгжүүлж чадаагүй ажлуудыг Э.Бат-Үүл эхлүүлсэн, итгэл хүлээсэн.

Автомашиныг улсын дугаараар ангилан, хөдөлгөөнд оролцох эрхийг нь долоо хоногт нэг удаа хязгаарлах аргаар замын түгжрэлийг 20 хувь бууруулав.

Гэр хорооллыг дахин төлөвлөх замаар эсгий нийслэлээ орон сууцжуулах бэлтгэлийг хангаж эхэллээ. Үүгээр хотын ужид зовлон болоод буй хорт утаа замхарна гэсэн хүлээлт үүсээд байна. Түүнчлэн Улаанбаатарын засаг захиргаа НИТХ-ын сонгуулиар хориод жилийн дараа анх удаа Ардчилсан Намын мэдэлд шилжин ирсэн нь Үүл баатрын нөлөө тул Монголын нийгэм түүнийг ийн алдаршуулсан хэрэг биз ээ.

Мээрийн суудалд очсоноос хойших хагас жилийн хугацаанд сая хүнтэй их хотыг удирдахын жаргал зовлон, алдаа оноог Э.Бат- Үүл тэнцүүхэн үүрч явна. Түүний шийдвэрүүд их хотын, том намын, нэртэй улстөрчийн ирээдүйд ихээхэн хамаатай. Амласнаа ажил хэрэг болгож, зорьсондоо хүрч чадвал түүнийг монгол түмэн үеийн үед хүндлэл бахархлынхаа хойморт залах биз ээ. Тэр Монголын ардчиллын бэлгэ тэмдгийн нэг, шударга ёсны төлөө цуцашгүй тэмцэгч, албан тушаал, авах идэхээс алхмын зайтай өнгөрч чаддаг төрийн зүтгэлтний дүр төрх болсон хүн. Тиймээс баараггүй итгэлтэй, баталгаатай үнэн байж чаддаг түүнийг өмөг түшгээ гэж жирийн түмэн нь үздэг билээ.