Сүүдэргүй ардчиллын төлөө сүү өргөсөн ерөнхийлөгч
Өнгөрсөн онд олимпийн жил тохиогоогүйсэн бол Ц.Элбэгдорж энэ удаа “Оны алдартан”-ы түрүүг хоёр дахиа баараггүй хүртэх байв. Дөрөвхөн сарын дараа болох Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн хамгийн хүчтэй өрсөлдөгчийн хувьд Элбэгээгийн нэр “Алдартан”-ы шалгаруулалтад олимпийн баатар Н.Түвшинбаярын араас нэхэл хатуу давхиж, жагсаалтын хоёрдугаарт нэрлэгдлээ. Хилийн чанад руу алдагдсан Тарбозавр батаар хэмээх үлэг гүрвэлийн чулуужсан ясыг эх нутагтаа буцаан авчрахаар АНУ-ын шүүхэд хандсан, олимпийн наадам, ДАШТ-ээс медаль хүртсэн тамирчдад сар бүр мөнгөн урамшуулал олгож эхэлсэн гээд “Сүүтэй” Ерөнхийлөгчийн тууштай алхмууд 2012 онд олны талархлыг гойд хүлээсэн билээ.
2007 онд Ерөнхий сайдын албаа өгөхдөө “Олуулаа эргэж ирнэ” хэмээж байсан түүний үг УИХ-ын 2012 оны сонгуульд биеллээ олж, Ардчилсан Нам УИХ-д хамгийн олон суудал эзлэв.
Элбэгээг АН-тай нь, Засгийн газрыг Ерөнхийлөгчийн эрх мэдэлтэй сүлбэлдэв үү хэмээн хардах хандлага өнгөрсөн сонгуулиас хойш нэлээд газар авсан. Үүний хариу болгож Ц.Элбэгдорж Засгийн газрын хуралдаанд биечлэн оролцож, сайд нарын танхимыг шударгаар шүүмжилсэн нь олон нийтийн анхаарлыг татав. Түүний эл үйлдлийг “Ерөнхийлөгчийн сонгуулийн шоу” хэмээн сөрөг хүчин үзсэн боловч Засгийн газарт түүнээс өөр ташуур барих хүнгүй болоод байгаа өнөө цагт тун нүдээ олсон алхам байлаа.
Ерөнхийлөгчийн сэнтийд заларснаасаа хойш сүүдэргүй ардчиллын төлөө алхам бүхнээ зориулж яваа түүнд зон олон нь итгэж байгаа. Тиймээс АН Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийн сунгаа явуулахгүйгээр одоогийн Ерөнхийлөгчийг дэмжихээ илэрхийлснээр Элбэгээ 2013 оны сонгуульд өрсөлдөхөө зарлуулсан хамгийн анхны улстөрчөөр тодроод буй.