Босогчийн одонд төрсөн босоо гишүүн
Хэн ч халдаж зүр хэлдэггүй “хатуу самар”, С.Баярцогтыг дуэльд дуу дах зориг гаргаж, санаанд оромгүй үйлдэл хийж чадсанаараа тэр 2012 оны дуулианы гол эзэн байлаа.
Гудамжны улс төрчөөс төрийн түшээгийн сэнтийд “ногоон гэрэл”-ээр суусан нь ард түмэн түүнд итгэдгийн илрэл болов.
Оюутолгойн гэрээ “Но”-той байна, Монголын талд бус, гаднын хөрөнгө оруулагчдад ашигтай хувилбараар батлагдсан хэмээн шулуухан хэлж, зад шүүмжилж, жирийн иргэд байтугай түшээд нь хүртэл сайн мэддэггүй байсан гэрээний зүг олны анхаарлыг хандуулж, ил болгож чадсан нь яах аргагүй түүний гавьяа. Халз мэтгэлцээнд хэн нь ялалт байгуулсан бэ гэдэгт хүмүүс ач холбогдол өгөөгүй. Харин Их хурлын танхимд болсон нээлттэй хэлэлцүүлэг түүний зөвийг батлав. Энэ үед С.Ганбаатар гишүүний зорилго биелжээ гэж дүгнэж болохоор байв.
“Талхны үнэ өслөө, нийтийн тээврийн тасалбарын үнийг нэмэхээ боль, багш, эмч нар, төрийн албан хаагчдын цалин хөлс бага байна” хэмээн жагсаж явсан тэмцэгч, хөдөлмөрчин түмний байгууллагыг толгойлогч Ганбаатар Их хурлын танхимд ч бас гол дүрд тоглож буй нь бусдаас тэр өөр гэдгийг харуулдаг. Олонх, цөөнхийг бүрдүүлэгч намуудын сүрд дарагдаад бие даагчдын дуу хоолой бүдэг сонсогддог байсан жишгийг тэрбээр Их хуралд ирсэн өдрөөсөө өөрчилж дөнгөсөн гэхэд болно. Их хурал дахь ганц “босоо гишүүн” тэрбээр угаасаа л босогч, тэмцэгч байх одонд төрсөн хүн ажээ. Гэхдээ тэр өөрийнхөө юм уу, хэсэг бүлгийн төлөө биш, өргөн түмний төлөө тэмцдэг онцгой чанартай бөлгөө.