Ц.Оюунбаатарын асуудлыг нууцлаагүй
УИХ дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлэг өнөөдөр хуралдах товтой байсан ч хойшлуулсан гэх мэдээлэл гарсан юм. Энэ талаар тус бүлгийн дарга Н.Батцэрэгээс тодрууллаа.
-“Шударга ёс” эвслийн бүлэг өнөөдөр хуралдах байсан ч хуралдаанаа хойшлуулжээ. Ямар шалтгаанаар хурал хойшилсон юм?
-Энэ долоо хоногт байнгын хороо, нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлыг урьд нь манай бүлэг хэлэлцчихсэн учраас хуралдах шаардлага байсангүй. Тухайлбал, Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний тухай хуулийн төслийг боловсруулах ажлын хэсгийг О.Баасанхүү гишүүн ахалж байх жишээтэй. Энэ мэтээр манай бүлгийн гишүүд ажлын хэсэгт гар бие оролцож байгаа учраас энэ долоо хоногийн хэлэлцэх асуудлыг бүлгээр хэлэлцэх шаардлагагүй гэж үзсэн юм.
-Гэхдээ “Шударга ёс” эвслийн бүлгийн хуралдаан удаа дараа хойшилж байна шүү дээ. Өмнөх долоо хоногт гишүүдийн дийлэнх нь орон нутагт ажиллаж байна гээд хуралдаагүй. Зарим эх сурвалж МАХН, МҮАН-ын гишүүдийн үзэл бодол нэгдэхгүйгээс бүлгийнхээ хурлыг хийх боломжгүй байгаа гэх юм?
-Хэн нэгэн иймэрхүү мэдээлэл тараадаг байдал цаг зуурын асуудал гэж бодож байна. Аль ч парламентад байдаг л асуудал. Гэхдээ МАХН-ынхан нэг тийшээ, МҮАН-ынхан бас өөр тийшээ хараад суугаад байгаа юм алга.
Огт зөрчилгүй ажиллаж байгаа ч гэж бас хэлж чадахгүй.
Үзэл бодол, ойлголцлын зөрүү, асуудалд хандах хандлагын зөрүү бий. Түүнийгээ ярьж даван туулах нь улс төрийн урлаг шүү дээ. Манай бүлэг доторх улс төрийн амьдрал жирийн өрнөж байна, хардах шаардлагагүй.
-Өнгөрсөн долоо хоногт Ц.Оюунбаатар гишүүн тангаргаа өргөсөн. Энэ асуудал УИХ-ын чуулганаар хэлэлцэх асуудлын дараалалд байгаагүй ч гэнэт УИХ-д оруулж ирсэн шалтгаан нь юу байсан юм бол. Заавал нууцлах шаардлага байсан юм уу?
-Ямар ч юм нууцлаагүй, нууцалсан зүйл байхгүй. Ц.Оюунбаатар гишүүн ондоо багтааж тангаргаа өргөе гэсэн. Нэгэнт сонгогдсон гишүүн учраас тангараг өргөхөөс аргагүй. Яахав, хуулийн зөрүүтэй ойлголт, нэрсийн жагсаалтад байж байгаад хасагдсан хүмүүсийн талаар хууль хяналт, шүүхийн байгууллагаас тодорхой шийдвэр гаргахыг харзная гэж хүлээсэн юм билээ, Ц.Оюунбаатар гишүүн. Гэхдээ УИХ-ын сонгууль 2012 онд болсон учраас ондоо багтаж гишүүний тангараг өргөмөөр байна гэсэн хүсэлтийг гишүүн маань өөрөө гаргасан учраас тэрхүү хүсэлтийг нь хүндэтгэж үзсэн.
-Гэхдээ “Ц.Оюунбаатар УИХ-ын гишүүний тангараг өргөх гэж байгаа юм уу” гэж танаас тодруулахад та “УИХ-аар хэлэлцэх асуудлын дараалалд байхгүй учраас Ц.Оюунбаатар тангараг өргөх эсэхийг мэдэхгүй байна” гэж та хариулсан шүү дээ?
-УИХ-ын гишүүний 2012 оны сүүлийн чуулганы нэгдсэн хуралдаанд тангараг өргөх ёстой гэж албан ёсоор бүлгийн гишүүдэд асуудлаа тавьсан. Тиймээс бид тангараг өргүүлэх нь зүйтэй гэж үзсэн. Ер нь УИХ-ын Дэгийн тухай хуулиар тухайн сонгогдсон гишүүн өөрөө хүрэлцэн ирсэн тохиолдолд хуулиараа хэн нэгэн хүн үүнийг хориглох аль эсхүл өөр байдлаар авч үзэх боломжгүй. Тийм учраас Ц.Оюунбаатар гишүүний тангараг өргөх хүсэлтийг бүлгийн зүгээс хангах учиртай.Тэр хүрээнд л асуудал шийдэгдсэн.