Д.Батцогт: Ц.Оюунбаатар тангараг өргөх байх
УИХ-ын гишүүн Д.Батцогттой ярилцлаа.
-Үлдсэн гишүүд тангаргаа өргөөд эхэлчихлээ. Одоо танай эвслийн нэг гишүүний асуудал бий. Г.Уянга гишүүн МҮАН-аас орсон Ц.Цолмон гишүүн МАХН-д элссэн учир үлдсэн нэг суудал МҮАН-ынх гэсэн байсан. Намын суудлаа анх яаж хуваахаар тохирсон юм бэ?
-МАХН 70 хувьд нь, МҮАН 30 хувьд нь нэр дэвшүүлэх тохироо хийсэн. Харин нэгдүгээрт, хоёрдугаарт хэнийг бичих вэ гэдэг асуудал тухайн үед Удирдах зөвлөлөөр яригдаж шийдэгдсэн. Тэгэхээр нэгдүгээрт Н.Энхбаяр дарга, хоёрдугаарт Ч.Улаан гишүүн, гуравт Н.Батцэрэг гишүүн, дөрөвт С.Нарангэрэл доктор, тавдугаарт М.Сономпил гишүүн, зургаад Э.Батшугар гэх мэтээр явсан. Тухайн үед Н.Энхбаяр даргыг хассан. С.Нарангэрэл докторыг төрийн ажлаа өгөөгүй гэдэг шалтгаанаар, Э.Батшугарыг цэргийн алба хаагаагүй гэдэг үндэслэлээр хассан. Ийм л дарааллаар намуудын хооронд, эвслийн хурлаар яригдаж шийдэгдсэн асуудал л даа.
Сонгуулийн эвсэл долоон суудал жагсаалтаар авсан. Долоон суудал жагсаалтаар авахад МАХН дөрөв, МҮАН гурван суудал авсан байгаа. Дээр нь Ц.Цолмон гишүүн МАХН-д ороод МАХН таван суудалтай болсон. Гэхдээ эвслийн жагсаалтад бичигдсэн хүмүүс хасагдаагүй бол Ц.Цолмон гишүүн болохгүй байх байсан. Улс төрийн нам өөрөө ямар нэгэн зөрчилгүй, тийм хүмүүсийг жагсаалтад нэр дэвшүүлэх ёстой л доо. Өөрөөр хэлбэл, хасагдсан гурван хүнд МҮАН буруугүй. Тэд нар өөрсдөө зөрчилтэй хүмүүсээ нэр дэвшүүлж, жагсаалтад бичсэн учраас хасагдсан. Ц.Цолмон гишүүний суудал бол МҮАН-ын суудал мөнөөс мөн. Ийм л асуудлууд байгаа юм.
-Хэрэв эвсэл хэвээр байх юм бол шинээр орж ирэх хүнээ булаацалдах шаардлага байна уу?
-Бид нар эвслийг тууштай хадгалаад, эвсэл маань дөрвөн жил яваасай, Засгийн газрыг тогтвортой ажиллаасай гэдгийг хүсч байгаа. Гэхдээ аливаа нам сонгуульд оролцоод, төрд өөрийнхөө төлөөллийг илгээж байж намынхаа бодлогыг төрийн бодлогод шингээдэг. Тэгэхээр МҮАН сонгуулийн дараа таван гишүүнтэй болсон бол тэр хэвээрээ л байх ёстой. Мэдээж дөрвөн гишүүн УИХ-д ажиллах, таван гишүүн УИХ-д ажиллах нь хоорондоо ялгаатай. Энэ утгаараа бид нам болоод эвсэл доторх харьцаа, тэнд олон ургальч үзэл уралдуулж, санал бодлоо солилцох, зарим тохиолдолд санал хагалах үе гарна. Энэ тохиолдолд намын нэг суудал ямар үнэтэй вэ гэдгийг хүн бүр мэднэ. Бид энэ утгаараа л асуудалд хандаж байгаа.
-Та үүний гол ялгааг жаахан тодорхой ярь л даа?
-Сонгуулийн үед аль намаас нэр дэвшсэн, жагсаалтын хэдэд орсон ч хамаагүй, гишүүн болсон л бол тэр намынхаа харьяалалд байх ёстой гэдэг хатуу бодол надад байдаг.
-Ц.Цолмон гишүүний МАХН-д орохдоо хэлсэн тайлбар нь оновчгүй хэмээн та буруушаасан байх аа?
-Ц.Цолмон гишүүний гарсан шалтгааныг би мэдэхгүй. Яагаад гарсан бэ гэдгийг тайлбарлаж чадах цорын ганц хүн нь Ц.Цолмон өөрөө болохоор "МАХН, МҮАН хоёр нэг нам болох ёстой. Тийм учраас би үүнийг уриалж, дэмжиж МАХН-д орж байгаа" гэдэг тайлбарыг хэлдэг. Минийхээр энэ бол тийм зөв тайлбар биш.
-Яагаад?
-Өөрөөр хэлбэл, нам нэгдэж болно. Нэгдвэл олонхиороо, намын удирдах дээд байгууллагаараа яриад, санал хураалтууд явагдаж байж л шийдэгддэг асуудал. Нэг намын гишүүд нь гүйгээд орчихдог. Араас нь нам дагаад ордог тогтолцоо энэ орчлон дэлхийд лав байхгүй. Тиймээс Ц.Цолмонгийн тайлбар угаасаа буруу. Үүнд өөрөө л хариулт өгөх биз дээ.
-Одоо танай эвслээс үлдсэн квот дээрээ хэн тангараг өргөх вэ. Ингэх хууль зүйн үндэслэл байгаа юу?
-Миний итгэл, үнэмшлээр бол Ц.Оюунбаатар гишүүн тангараг өргөх байх. Гэхдээ энэ нь цаг хугацааны асуудал юм.
Ер нь бид хуулийг дээдлэх ёстой. Хуулинд тухайн үед яаж заагаад, хэн гэдэг хүн УИХ-д нэр дэвшихээр намын жагсаалтад орсон юм, тэр хүмүүс л байх ёстой. Хэрэв ямар ч үндэслэлгүйгээр хассан учир шалтгаан байвал хассан хүмүүст хариуцлага тооцдог ийм л тогтолцоо байх ёстой. Гэвч өнөөдөр хэрэгжихгүй юм байна. Тухайлбал, Ц.Оюунбаатар гэдэг хүнийг хувь хүнийх нь хувьд би сайн мэдэхгүй. Яагаад энэ хүний тангаргийг өргүүлэхгүй байна гэдгийг би гайхдаг. Жагсаалтын долоод Ц.Оюунбаатар гэдэг хүний нэр байжээ. Анх бичигдэхэд аравт бичигдсэн. Сонгууль явагдаж байх үед урьд нь байгаа гурван хүн хасагдсанд Ц.Оюунбаатар ямар буруутай юм бэ. Магадгүй ард түмэн долоон хүн оруулъя. Энэ долоон хүний нэг Ц.Оюунбаатар гэж саналаа өгсөн ч юм уу хэн мэдэх вэ. Ийм л учир шалтгаантай, ойлгомжгүй зүйлүүд манай улс төрд байгаад байна. Үүнийг л тайлж чадахгүй байна.
Миний бодож байгаагаар хуулиараа ч сонгууль явагдаж байх тэр үед хэн жагсаалтад байсан тухайн хүнийг л УИХ-ын гишүүнээр сонгогдсонд тооцож, тангараг өргүүлэх ёстой гэдэг итгэл үнэмшил надад байдаг. МАХН-ын нөхдүүд Н.Энхбаяр даргын шүүхийн асуудал, Э.Батшугарын цэргийн алба хаагаагүй гэдэг буруу учир шалтгаанаар жагсаалтаас хасагдсан. Үүнээс болоод энэ асуудлуудыг эцэслэн мухарлатал, тангараг өргүүлэхгүй гэдэг зүйл байдаг гэж би ойлгодог. Ер нь тангараг өргөх асуудал УИХ болоод эвсэл, намаас үл хамаарна гэж ойлгодог юм. СЕХ хуулиар хүлээсэн үүргийнхээ дагуу хэнийг өргөн барив тэр хүн нь тангараг өргөх ёстой гэсэн байр суурьтай байгаа. Тэгэхээр юу болохыг харж байж л болъё.
-Таныг УИХ-ын гишүүн болсноосоо хойш амаа үдүүлсэн мэт дуугарахаа больсон гэж ярих хүмүүс байна. Та үүнд ямар хариулт өгөх вэ?
-Одоо арай цөөн дуугараад байна уу даа гэдэг асуудал яригддаг. Би тэмцэгч байхдаа Монгол Улсын иргэн Батцогт байлаа. Магадгүй нэлээд задгай ярьдаг, шүүмжилдэг байсан. Ялгаа нь би одоо УИХ-ын гишүүн Д.Батцогт болсон. Ард түмнийг төлөөлж, УИХ-д сууж байгаагийн хувьд дуугарч буй үг болгон маань хариуцлагатай байх ёстой. Тэр утгаараа нэлээн бодож байж дуугарч, үг, үйлдлээ цэнэдэг байх шаардлагатай гэж ойлгодог.
Би тэмцэл хийж байсан хүний нэг. Хоёр том нам хоорондоо эвсээд МАНАН гэдэг гаж тогтолцоог бий болгочихлоо, үүнийг засах ёстой. Нэг нь эрх баригч, нөгөө нь сөрөг хүчин байх ёстой гэдэг зүйлүүдийг ярьж байсан.
Улстөрчид амласан бол амласнаа биелүүлэх ёстой гэдэг шаардлагыг тавьж, тэмцсэн.
Тодорхой үр дүнд хүрсэн зүйлүүд бий. Ер нь энэ утгаараа би гудамжинд орилоод тэмцэх нэг өөр, УИХ-ын индэр ашиглаад Монгол төрийн бодлогод өөрийнхөө бодож, санаж явдаг бодлогоо тусгана гэдэг асар өөр гэж үздэг. Энэ утгаараа би УИХ-д орж ирсэн. Монгол Улсынхаа хөгжил цэцэглэлт, хууль эрхзүйн орчныг сайжруулах, шударга ёс тогтоох чиглэлд өөрийн хэмжээнд хичээл зүтгэл гаргаж ажиллах ёстой гэж ойлгодог. Тиймээс би УИХ-ын бүхий л үйл ажиллагаанд идэвхтэй оролцож байгаа. Шүүмжлэх амархан, хийх хэцүү. Аль болохоор цөөн дуугарч, дуугарсан юм нь жинтэй, зөв юмны төлөө зарчим ч байр сууринаас байх ёстой. Өөрийнхөө бодлогыг зарим тохиолдолд кнопоор илэрхийлж, заримдаа хуулийн төсөлд тусгаж явах нь зөв гэдэг ийм байдлаар бол арга барил маань жаахан өөрчлөгдсөн. Үүнд олон учир шалтгаан байна. Нэгд нь, манай эвсэл АН-тай хамтраад өнөөдөр олонхийг бүрдүүлээд Засгийн эрхийг барьж байна. Тэгэхээр бид бүх асуудлыг эсэргүүцээд, орж ирсэн юм болгоныг шүүмжлээд байвал амархан. Хийж гэмээнэ, магадгүй масс талдаа таалагдаж байж, байнгын шударга юм ярьдаг аятайхан залуу шүү гэж бодогдож магадгүй. Хамгийн гол нь нэр, нүүр олохдоо биш.
Асуудлын гол нь Монгол төрийн бодлого зөв яваасай, энэ нь улс орны хөгжилд зөв тусгалаа олоосой, ард иргэдийн амьдралд бодитоор нөлөөлөөсэй гэдэг нь хамгаас чухал. Энэ бүхнээс илүүтэйгээр бид үндэсний эрх ашиг гэдэг юмыг чухалчлах ёстой. Одоогийн байдлаар шинэчлэлийн Засгийн газар байгуулагдаад зуу гаруй хонож байна. Олон зөв зүйтэй ажлуудыг хийхээр сэдээд төсөл хөтөлбөрүүд явагдаж байгаа. Гадны зах зээлээс хөрөнгө мөнгө босгож байна. Эд нар зөв зүйтэй юм хийж байна гээд гадныхан дэмжээд хөрөнгө, мөнгөө оруулж байна л даа. Ажил бол урагштай явж байгаа. Бид юмыг аль болох харлуулах, муухай болгож харагдуулах гэж оролдохоо болих хэрэгтэй. Зөв явж байгаа юмны зөвийг хэлээд, буруу, ам ажлын зөрүү гарч байгаа бол тэрийг нь шүүмжлээд яриад явдаг ийм л байгаасай. Ингэж л энэ дөрвөн жилд ажиллана даа.
-УИХ-ын гишүүн болсноосоо хойш өөрийн үзэл бодлоо кноп дарж тусгахаас өөрөөр юуг амжуулав. Учир нь сонгогчдод үр дүн л чухал шүү дээ...
-Нэг талаасаа би УИХ-ын гишүүн боловч Ховд аймгийн иргэд сонгогчдыг төлөөлөөд, УИХ-д сууж байгаа. Ховд аймаг болоод алслагдсан бүс нутагт амьдарч байгаа ард иргэдийн амьдрал ахуйг дээшлүүлэх, ажлын байрыг нэмэгдүүлэх тал дээр хичээж ажиллана. Өнөөдөр амьдрал төвийн болон баруун бүсэд хол зөрүүтэй байна.
Нийслэлээс, зах зээлээс хэт алслагдмал газарт очиж байгаа бараа бүтээгдэхүүн нь Улаанбаатар хотоос нэг дахин үнэтэй. Тэгсэн мөртлөө авч байгаа цалин хангамж, тэтгэмж нь ижил хэмжээндээ байдаг. Энэ бол шударга бус явдал гэж үздэг. Яагаад гэхээр, нийслэлээс хол, алс баруун хязгаарт нутгаа сахиад сууж буй энэ ард иргэдийн буруу гэж байхгүй. Тиймээс бүсийн нэмэгдэл, бүсчилсэн хөгжлийн бодлого зайлшгүй байх ёстой. Энэ утгаараа урьд нь ч УИХ-ын зарим гишүүдийн санаачилсан хуулийн төслийг цаашдаа явуулна. Ерөнхий сайд УИХ-ын чуулган дээр гишүүдийн өмнө албан ёсоор бүсийн нэмэгдэл гэж байх ёстойг, үүнийг шийднэ гэдгийг хариуцлагатайгаар хэлсэн. Энэ бодлогыг дэмжиж ажиллана.
Нөгөөтэйгүүр баруун аймгуудад хийгдэх ажлууд гэвэл, автозамыг хөгжүүлэх аймаг хооронд нь хатуу хучилттай замаар холбох асуудал энэ дөрвөн жилд хийгдэж дуусна. Ховд, Баян-Өлгий, Увс аймгуудыг холбосон замын ажлууд хийгдэнэ. Тэрнээс гадна ажлын байрыг нэмэгдүүлэх чиглэлээр олон ажлуудыг хийх шаардлагатай байна. Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх, баруун бүс нутагт хэрэгцээтэй байгаа барилгын материалын үйлдвэрлэлийг хөгжүүлэх олон асуудлууд байгаа. Энэ бүгдэд толгойгоо гашилгаж, бүс нутгийн хөгжлийн чиглэлээр санаачилга гаргаж, тухайн аймгуудаас сонгогдсон УИХ-ын гишүүдтэйгээ ойлголцож ажиллаж байгаа.
-Таныг хамаагүй ам нээж, ярилцлага өгөөд байдаггүй гишүүдийн нэг гэх юм. Та угийн ийм байв уу УИХ-ын гишүүн болсноосоо хойш өөрчлөгдсөн юм уу?
-Би хэвлэлийнхний урилгыг хүлээж авч ярилцлагад ордог. Нэг талаасаа энэ нь миний үүрэг. Тэрнээс өөрөө ярилцлага өгье гэж араас нь гүйдэггүй. Ер нь харж байхад монголчууд бид их намчирхдаг болсон. Өөрөөр хэлбэл, сум, аймагт бүр улсын хэмжээгээр намчирхаж, талцана. УИХ-д орж ирэхдээ ч нам намаараа талцаад хэрэлддэг. Энэ намчирхал улстөржилт Монгол Улсын хөгжил, дэвшилд чөдөр тушаа болоод байна. Сонгуулийн үеэр мэдээж намчирхалгүй яах вэ. Сонгууль дууслаа, нэг нь ялна, нөгөө нь ялагдана. Ялагдсан нь ялсныхаа хойноос жагсаад, Монгол төрийнхөө төлөө зүтгэдэг ийм зарчим байх ёстой. Харин ялсан нь хэт их өөрийгөө дээгүүр тавилгүй, ялагдсан цөөнхийнхөө үгийг сонсоод аливаа асуудалд ухаалаг, үндэсний эрх ашгаа барьж, зөвшилцөж, ойлголцож яваасаа гэж хүсдэг. Энэ утгаараа ирэх дөрвөн жил монголчууд бидний хувьд түүхэн цаг үе гэж хэлмээр байгаа юм. Урьд өмнө нь байгаагүйгээр олон намын төлөөллүүд парламентад орж ирлээ. Олон ургалч үзэл уралдана. Эдийн засгийн болоод улс төрийн хувьд ч тааламжтай дөрвөн жил байгаа юм. Дэлхий нийт өнөөдөр монголчууд биднийг сонирхож байна. Монгол Улсад баялаг байна. Зөв зам дээрээ явж, хөгжлийн шинэ гараан дээрээ ирж байна. Тиймээс Монгол Улсыг дэмжье гэдэг бодлого байгаа. Энэ завшааныг монголчууд бид зөв ашиглах ёстой. Өөрөөр хэлбэл, талцаж, хоорондоо хэрэлдэж, муудалцахгүйгээр зөв авч явах ёстой юм. Энэ дагуу эдийн засагтаа хувьсгал хийх шаардлагатай байгаа юм. Сая Засгийн газар бонд гаргалаа. Бондыг гадныхан худалдаад авчихсан. Энэ нь Монгол Улсад ээлтэй, талтай байгаагийн нэг шинж тэмдэг гэж ойлгодог. Монгол Улсын эдийн засагт урьд өмнө нь орж байгаагүй том мөнгө орж байна. Тэгэхээр энэ бондоор босч байгаа мөнгөөрөө монголчууд бид ирээдүйгээ зөв төлөвлөж, дэд бүтцээ, үйлдвэрээ хөгжүүлэх, ажлын байраа нэмэгдүүлэх, амьдрал ахуйгаа дээшлүүлэх чиглэл рүү онцгой анхаарч ажиллах шаардлагатай. Бүгдээрээ нийлж, алдаа оноог нь засч, хяналтаа сайн тавьж байгаад энэ Засгийн газраар ажлыг нь сайн хийлгэмээр байна.