Улаанбаатарын долоон байршлын нутаг дэвсгэрийг дахин төлөвлөнө
Улаанбаатар хотын 21 мянган га газрыг гэр хороолол эзэлж, нэг га талбайд 33 хүн амьдардаг гэсэн тооцоо бий. Харин энэ газрыг орон сууцжуулбал нэг га-д л гэхэд 270 гаруй айл амьдрах боломжтой ажээ. Ингэж замбараагүй олгосон газрыг дахин төлөвлөлтөд оруулснаар "газар олддоггүй" сургууль, цэцэрлэг, эмнэлэг барих газартай болохоос гадна илүү гарсан талбайд нь ногоон байгууламж байгуулах боломжтой болно. Дээрээс нь цахилгаан дулаанаа шийдэх, зам, гүүр барих гээд өчнөөн ажлыг хийхэд дөхөмтэй болох ажээ. Мэргэжилтнүүдийн гаргасан судалгаагаар, гэр хорооллын айлууд 200 гаруй мянган бие засах газар, бохирын цооног ашиглаж байна. Өмнө нь 160 орчим мянгыг ашиглаж дуусаад булсан байдаг. Энэ нь хөрс, усыг бохирдуулах үндсэн эх үүсвэр болж байна гэж тэд үздэг. Эрүүл ахуйн үнэлгээний дүгнэлтээс харахад хөрсний их бохирдолтой гэсэн ангилалд багтах дээжийн хувь жил бүр нэмэгдэж буй нь аюулын харанга дэлдэж байна. Мөн гэр хорооллын айлуудаас жилд 200 гаруй мянган шоо метр хог гардаг. Хог хаягдлын тээвэрлэлт, зайлуулалт тогтмол биш, заримд нь хүрч үйлчилж чаддаггүйн улмаас хог хаягдлын 15 хувийг нь гуу жалганд хаяж орчныг бохирдуулж байна. 80 гаруй мянган гэр, хувийн 100 мянган орон сууц түүхий нүүрс шатаан дулаанаа хангаж, нийслэлийн агаарын бохирдлын 50 гаруй хувийг "үйлдвэрлэж" байгаа юм. Олон жил ярьж, үе үеийн нэр дэвшигчдийн иргэдийн саналыг авах тактик болж байсан гэр хорооллыг барилгажуулах, дахин төлөвлөх ажил энэ жил бүрэн утгаараа хэрэгжих нөхцөл нь бүрджээ. Хотын мээр Э.Бат-Үүл, нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Д.Баттулга нарын баг хотын экологийн тэнцвэрт байдлыг хангах, хот байгуулалтын зөв бүтэц, хотын оршин суугчдын эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор гэр, хорооллын хэд хэдэн хэсэгт хэсэгчилсэн төлөвлөгөөг урьдчилсан байдлаар боловсруулжээ. Улаанбаатар хотын 2020 он хүртэлх ерөнхий төлөвлөгөөнд эхний ээлжид VII хороолол, Дэнжийн мянга, МҮОНРТ-ийн орчмын гэр хорооллыг дахин төлөвлөлтөд оруулахаар тусгасан байсан бөгөөд эдгээр газрууд дээр нэмэгдэн дахин долоон байршилд гэр, хорооллын газрыг дахин төлөвлөхөөр зураг төслийг нь бэлджээ.
Эхний ээлжийн төлөвлөлтөд орж байгаа долоон газрын байршлийг танилцуулахад, Сонгинохайрхан дүүрэг, Ханын материал орчмын 130 га газар, мөн тус дүүргийн X хороо, Арьс ширний ажилчдын нийтийн байрны орчим оршин суугчдын 2.3 га газар, Сүхбаатар дүүргийн XV хороо Дамбадаржаа орчмын гэр хорооллын 13 га газар, Чингэлтэй дүүргийн XIII, XV хорооны 72 дугаар сургуулийн орчим гэр хорооллын 15 га газар, Чингэлтэй дүүргийн VII хороо, МҮОНРТ орчмын 11.4 га газар, Баянзүрх дүүргийн XII хороо, Амгалан орчмын 15 га газар, Баянзүрх дүүргийн VIII, XVI хороо, Цэргийн их сургуулийн орчим 93 га газарт төлөвлөлт хийхээр сонгосон байна. Хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг НИТХ-ын ээлжит хуралдаанаар энэ сарын 31-нд буюу пүрэв гаригт хэлэлцэн шийдвэрлэж, эхний бүтээн байгуулалтын ажлыг ирэх гуравдугаар сараас эхлүүлэх юм байна. Гэхдээ иргэд газраа дахин төлөвлөлтөд оруулахдаа ямар эрх, үүрэгтэйгээр оролцож, саналаа хэрхэн оруулах талаар тэр бүр мэдээлэлгүй байгаа учраас иргэдийн дунд нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж, санал бодлыг нь шийдвэртээ тусгаж ажиллахыг нийслэлийн удирдлагууд баримталж байгаа ажээ. Энэ ч утгаараа НИТХ-ын дарга Д.Баттулга захирамж гарган, хэсэгчилсэн дахин төлөвлөлтийн талаар иргэдийн саналыг авах, иргэдтэй уулзалт хийх ажлын хэсгийг байгуулсан байна. Тэрээр Чингэлтэй дүүргийн XIII, XV дугаар хорооны иргэдтэй өчигдөр уулзаж, гэр, хорооллыг дахин төлөвлөх ажлыг эхлүүлэхэд ямар саналтай байгааг нь сонслоо.
Д.Баттулга уулзалтын эхэнд "Хотын тулгамдсан асуудал гэж бид агаарын бохирдлыг нэрлэж байгаа. Хоёр жилийн өмнө би ЕТГ-ын дарга байхдаа Ерөнхийлөгчтэй яг энэ хэсгээр явж байсан. Тэгэхэд утаа их байсан, өнөөдөр утаа буурсан юм алга л байна. Утаагүй зуух тараах, коксжсон нүүрсээр хангах, шүүлтүүр нэвтрүүлэх ажлууд утааг бууруулах алхам. Харин агаарын бохирдлыг үндсээр нь арилгахын тулд гэр, хорооллыг барилгажуулах хэрэгтэй. Энэ ажлыг хэзээ нэгэн цагт хийж л таарна. Гэхдээ хийх хүмүүс нь бид юм байна. Гэхдээ шууд хийнэ гээд зүтгэхгүй. Гол нь газрыг шинэчлэн зохион байгуулахын тулд тэнд амьдарч байгаа та нарын санал, зөвлөгөө хэрэгтэй байна. Хийх ажлаа эхлээд танилцуулъя. Дахин төлөвлөлтийг хийхийн тулд эхлээд ус, Гбохирын шугам, дулаан цахилгаанаа шийдэх хэрэгтэй. ТЭЦ V-ийг барихыг хүлээвэл хотын ажил урагшлахгүй. Тийм учраас одоо байгаа дэд станцуудыг боломжийн хэрээр нь өргөтгөж ашиглана.
Гэр хорооллыг дахин төлөвлөх долоо, томоохон орон сууц барих таван газар байгаа. Энэ 12 газрыг цахилгаан эрчим хүчний хэрэгцээг хангах хэмжээний чадлыг ТЭЦ-М, Дархан, Дорнодын станцаас бүрдүүлэх талаар салбарын яамтай нь ярьсан. Дорнод гэхээр хол сонсогдож байгаа байх. Дорнод Улаанбаатартай цахилгаанаар холбогдчихсон болохоор эрчим хүчийг нь ашиглаж болно. Гэр хорооллынхонд дулааны асуудал хүнд байгаа.
Бид ТЭЦ-М-ийн удирдлагуудтай ярьж байгаад 210 мВт буюу 180 кВт/цагийн хүчин чадалтай дулааны дэд станцыг аравдугаар сарын 1-нд ашиглалтад оруулахаар ярьж байгаа.
Хотоос тодорхой хэмжээний хөрөнгө гаргаж, яам хөрөнгө шийднэ гэсэн. Тэнд ажил аваад тендерт шалгарсан компани байшингаа барьчихсан, одоо тоног төхөөрөмжөө суурилуулж байна. Гол нь санхүүгийн асуудлыг нь шийдвэл арав-дугаар сарын 1-нд ашиглалтад оруулна гэдгээ хэлсэн. Харин Чингэлтэй дүүргийн энэ хоёр хороог бие даасан, тусгаарлагдсан эрчим хүчний үүсвэрээр хангана. Бохирын системийг ч хийнэ. Та бүхэн мэдэж байгаа, Дамбадаржаа орчмын арваад айлыг бохирын систем нэвтрүүлсэн. Гэхдээ бохирыг хөрсрүүгээ шингээдэг зэрэг техникийн шийдэл нь буруу болохоор засч залруулахаар ажиллаж байгаа. Уулзалтаар нэг л зүйлийг ойлгох хэрэгтэй. Бид өнөөдөр хийх ажлаа танилцуулаад, та нараас санал авна. Хэрвээ та нар хотын энэ хэсэгт дахин төлөвлөлт хийхийг дэмжиж, зөвшөөрвөл бидэнэ сарын 31-нд хуралдаад дахин төлөвлөлт хийх газарт оруулж батална. НИТХ-аас шийдвэр гарсны дараа ажил хийх компанийг сонгон шалгаруулна. Шалгарсан компани хүн нэг бүртэй тулж уулзана. Өмчийн эзний хувьд та бүхэн үүнийг ойлгож, бидэнтэй хамтарч ажиллаарай" гэв.
Үүний дараа нийслэлийн Барилга, хот байгуулалтын хэлтсийн архитектор Д.Хан-Уул хэсэгчилсэн төлөвлөгөөг танилцуулсан юм. Түүний хэлж буйгаар 1998 онд гэр хороололд 76 мянган өрх амьдарч байсан бол энэ тоо 14 жилийн дараа 184 мянга болж өсчээ. Үүнээс Чингэлтэй дүүргийн XIII, XV хорооны 86 айлыг хамгийн түрүүнд дахин төлөвлөлтөд хамруулсан байна. Мадагаскар шиг газрын зурагтай гэж оршин суугчдын тодорхойлсон энэ хэсэгт 115 айлын орон сууц барих юм байна. Үүнээс гадна 8400 метр квадрат ажлын байр барихаар тооцжээ. Айл, аж ахуйн нэгж бүрийг дулааны төвлөрсөн хангамжид холбох, бохирын нэгдсэн сүлжээтэй болгох, орон сууц барилга байгууламж барихад нийт 8.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатай гэнэ. Энд байрлах "АНУ сервис" компанийн хоёр, "Түвшин ундраа" компанийн нэг дэд станцын шугамыг өргөтгөснөөр ойрын хэдэн жилүүдэд газар төлөвлөлтөд орсон айлын хэрэгцээг хангах боломжтой ажээ. Түүнийг ийн танилцуулсны дараа иргэдээс санал хураалаа. Чингэлтэй дүүргийн XIII, XV хорооны иргэд хотын санаачилгыг дэмжиж, гэр хорооллыг дахин төлөвлөх ажилд бэлэн байгаагүй илэрхийллээ.
Б.БАТТУЛГА: ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН XIII, XV ХОРОО ХОТЫН ШИНЭ ТӨВ БОЛНО
Уулзалт хэлэлцүүлгийн дараа НИТХ-ын дарга Д.БАТТУЛГААС цөөн зүйл тодрууллаа.
-Ямар учраас энэ байршлыг сонгосон юм бэ?
-Гэр хорооллын долоон байрлалыг хотоос сонгосон. Энэ долоон байрлалыг гэр хорооллын дахин төлөвлөлтөд оруулах эсэхийг нэгдүгээр сарын 31-нд Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар шийднэ. Үүнээс өмнө бид дахин төлөвлөлт гэж юу юм, яагаад энэ байршлыг сонгосон юм, үүний дараа ямар үр дүн гарах вэ гэдгийг тухайн оршин суугч, газрын эзэдтэй ярилцлаа. Хэрвээ тэд дэмжвэл бид хуралд оруулна. Дэмжихгүй гэвэл оруулж чадахгүй шүү дээ. Өнөөдөр Чингэлтэй дүүргийн XIII, ХV хорооны иргэд үүнийг 100 хувь дэмжлээ. Энэ бол бидэнд томоохон итгэл хүлээлгэж байна гэж урамшиж байгаа. Энэ байрлалыг сонгосон гол шалтгаан нь нэгдүгээрт зам дагуу, хоёрдугаарт нийгмийн бүтэц сайтай, гуравдугаарт дэд бүтцэд хамруулах газар нь том ч суурьшсан айл нь бага юм байна. Энэ үүднээсээ хотын ерөнхий төлөвлөгөөн дээр яг энэ Чингэлтэй дүүргийн XIII, XV хороо хотын шинэ төв болно гэж туссан.
-Хотын санаачилгыг иргэд ямар учраас дэмжсэн гэж та ойлгож байна вэ?
-Иргэд янз янзаар ярьж байна. Өнөөдөр ХХI зуун. Гэр, хорооллын иргэд гаднаа хүндэрдэг, өөрсдөө галаа түлдэг байдлаас үнэхээр залхсан байна. Хоёрдугаарт, гэр хорооллын иргэд Улаанбаатарын агаарын болон хөрсний бохирдол үнэхээр доройтож байгааг ойлгодог болчихож. Гуравдугаарт, ойр орчноо ногоон болгох, дэд бүтцээ татах, ажлын байр олшруулах боломж бүрдэж байгааг иргэд маш их дэмжиж байна.
-Энэ бүх ажлыг хийхэд хэр хугацаа шаардлагатай вэ?
-Хамгийн гол нь бид шийдвэрээ гаргаад гүйцэтгэгчийг сонгон шалгаруулж таарна. Тэр компани газрын эзэдтэй хэлэлцээр хийнэ. Энэ бол маш чимхлүүр, цаг хугацаа авах ажил. Энэ ажил хэр хурдан дуусна, дараагийн ажил түүнээс шалтгаална гэж ойлгох хэрэгтэй.