Чамбай улс төрч
Одоогийн УИХ-д төдий л чанга хашгираад байдаггүй ч хэлэх үгээ зөв олж, санаа бодолдоо тууштай зогсдог гишүүн мэр сэр бий гэдэггэй хэн ч маргахгүй биз. Тэд улс төрийн шоу хийж, УИХ-ын танхимд цөөнхийн дүр бүтээхээс татгалздаг давуу талтай бөгөөд хэрэгтэй үед нь хэрэгтэй үгийг хэлэхийг чухалчилдаг гэж болно. Тэгвэл тэдний нэг нь УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат бололтой. Тэрбээр гишүүн болохоосоо өмнө Сэлэнгэ аймгийн Засаг даргаар ажиллаж байсан бөгөөд аймгийнхаа сонгогч олны саналаар УИХ-ын гишүүн болж, сэлэнгэчүүдийг төрд төлөөлөх болсон.
Тэрбээр УИХ-ын гишүүн болсон цагаасаа хойш "Ардчилсан нам ажлаа хийхгүй байна", "УИХ-д ер нь ажил хийдэг хүн их ховор байдаг юм байна", "Хий хоосон улстөржих бус ажлаа хийх хэрэгтэй" гэх мэт санаа бодлыг илэрхийлж байсан. Гэхдээ олон бус тун цөөхөн удаа. Харин энэ удаад тэрбээр Хэвлэл, мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн ажлын хэсгийнхнийг өөрийн асуултаараа хэлэх үгтүй болгож хувиргав. Тодруулбал "Тухайн орон нутгийн удирдах байгууллага аймгаа сурталчлах, олонд таниулах зорилгоор мэдээ, мэдээллээ хэвлүүлж болохгүй болох гэж байна уу" гэсэн түүний асуултад ажлын хэсгийнхэн бүхэлдээ бүдэрчихнэ билээ.
Улмаар ажлын хэсэг тодорхой бус шалтгаанаар хэвлэл, мэдээллийн хэрэгслийн эрх чөлөөг тууштайгаар хазаарлахаар зориглосон хуулийн төслөө татаж, буулт хийсэн юм. Тэд гишүүдийг "Хуулийн төсөл уншаагүй байна. Худлаа хийрхэж, ярьж байна" гэх мэтээр загнаж байсан ч Ж.Эрдэнэбат гишүүний өмнө хэлэх үггүй болж "Аддаа гарчихлаа" хэмээснээс харахад эрхэм гйшүүний хянуур, няхуур чанар Монголын хэвлэл, мэдээллийн хэрэгслүүдийн эрх чөлөөг энэ удаад аврав бололтой. УИХ-д ганц ч гэсэн чамбай гишүүн байгаа нь тун олзуурхууштай хэрэг шүү.