Монголчууд бид нэг талдаа зогсож чадсан нь нэг алхам урагшилсан хэрэг
Өнгөрсөн Баасан гарагт болсон УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг Оюутолгойн асуудлаар нээлттэй мэдээлэл хийж, Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж байр сууриа илэрхийсэнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ нарын хэсэг гишүүн өнөөдөр Төрийн ордонд хэвлэлийн бага хурал хийлээ.
УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ хурал хийх болсон шалтгаанаа тайлбарлахдаа:
-УИХ-ын нэр бүхий цөөн хэдэн гишүүн Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг сайжруулж зөв болгох шаардлагатай гэсэн байр сууриа илэрхийлж, өмнөх парламентын үед Ерөнхий сайдыг огцруулах хүртэл шаардлага тавин тэмцэж ирснээс хойш нэлээд цаг хугацаа өнгөрсөн.
Шинэ парламентын 26 гишүүн мөн ийм шаардлага тавьж УИХ- ын бүтцэд “Уул уурхайн хөгжил” түр хороо байгуулах санал бүхий хуулийн төсөл боловсруулан УИХ-д өргөн барьсан нь Оюутолгойн гэрээг хөдөлгөх шаардлагатай гэснээс бус тус ордыг эдийн засгийн эргэлтэнд оруулахыг эсэргүүцээгүй, гол нь уг гэрээ энэ их баялгийн эзэн болсон монголчуудад ашигтай байх хэрэгтэй гэсэн зарчим баримталсан.
Зөвхөн хөрөнгө оруулалтын төдийгүй хувь нийлүүлэгчдийн гэрээнд ч монголчуудын хувьд эерэг өөрчлөлт оруулахын тулд арван хэдэн шаардах бичиг, удаа дараа албан тоот хүргүүлж байлаа.
Шинэ Засгийн газар байгуулагдсанаар Уул уурхайн сайд Д.Ганхуягаар ахлуулсан Ажлын хэсэг байгуулагдан ажилласан бөгөөд хоёр хоногийн дараа Оюутолгойн хөрөнгө оруулагч, хувь нийлүүлэгчдийн хурлыг хийх гэж байна. Энэ ордыг тойрсон асуудлаар төр, засгийн түвшинд төдийгүй иргэд, олон нийтийг зөв мэдээлэлтэй, нэгдмэл ойлголттой болгож, нэгдсэн байр сууринд хүргэхийн тулд чармайн ажилласан уул уурхайн салбарын мэргэжлийн хүмүүс, иргэний нийгмийн байгууллагынхан, хэвлэл мэдээлллийн ажитлтнуудад бид баяр хүргэх ёстой.
Товчхондоо, бидний байр суурь, тавьсан шаардлага туйлын зөв байсан нь харагдаж, энэ үйл явдлыг тойрсон маргаан шударга үнэнд гүйцэгдлээ. Хоёр хоногийн дараа болох хурлаар тодорхой үр дүн гарна хэмэээн олон нийт хүлээж байна. Эрдэс баялаг, уул уурхайн салбар дахь алдаа эндэгдлийг засах, тус салбарын үйл ажиллагааанд үнэлэлт дүгнэлт өгч УИХ-д тайлагнах чиг үүрэг бүхий түр хороо байгуулах асуудалд УИХ туйлын хойрго хандаж ирсэн ч нэр бүхий 26 гишүүн, олон нийтийн шаардлагаар энэ саналыг дэмжсэн шийдвэрийг УИХ гаргалаа. Харин анх олон намын болон бие даагчдын төлөөлөл бүхий 18 гишүүнтэй түр хороо байгуулахаар төлөвлөж байсан бол УИХ-аас түр хороог байгуулахдаа бүрэлдэхүүнийг нь сүүлд авч үзнэ гэсэн нь эрх баригчид тус хороон дахь гишүүдийн харьцааны тэнцвэртэй байдлыг өөрчлөх далд санаа агуулж байна гэж бодоход хүргэж байна хэмээн ярилаа.
Хэвлэлийн бага хуралд Г.Уянга, Д.Батцогт, О.Баасанхүү, С.Ганбаатар нарын гишүүд оролцсон бөгөөд тэд “Түр хороо байгуулах асуудлыг УИХ дэмжсэн нь уул уурхай, улмаар Монгол Улс хөгжих эсэхийг шийдвэрлэх нэг том алхам боллоо. Ямар боловч монголчууд бид нэг талдаа гарч чадсан нь олон жилийн нөр их хөдөлмөрийн үр дүн” хэмээн тэмдэглэж байв. Үүний сацуу тэд бас “Монголын нутаг дэвсгэрийн хаана нь ямар баялаг байж, алийг нь хэзээ олборлох, хэдийг нь хойч үедээ үлдээх, өөрөөр хэлбэл, ашигт малтмалын талаар төрөөс баримтлах нэгдмэл бодлогоо эн түрүүнд баталж байж Ашигт малтмалын хуулиа шинэчлэн гаргах ёстой. Хөрөнгө оруулагчид Монголоос ашигт малтмалын талаар тогтвортой бодлого хэрэгжүүлэхийг хүсэж байгаатай адилхан бид ч тогтвортой байдлыг хүсэж байна. Харин нэг тал нь хүчээр тулгасан, нөгөө тал нь үүнийг хүлээж авахаас өөр аргагүй байдалд хүрсэн хэтэрхий шударга бус гэрээг тогтвортой байлгах ёсгүй. Энэ нь зөвхөн хөрөнгө оруулалтын гэрээнд төдийгүй хувь нийлүүлэгчдийн гэрээнд ч хамаатай. Уул уурхайн түр хороог эрх баригчид толгойлох нь зохисгүй, цөөнх түүнийг удирдах нь зүйтэй, Түр хороо хуулиараа Байнгын хороотой адилхан эрхтэй байдаг тул сөрөг хүчин талдаа удирдлага нь байвал илүү шударга...” хэмээн мэдэгдсэн юм.