Парламентын “7а” ангийнхан өөрсдийгөө ингэж дүгнэв
УИХ-ын гишүүдийг зарим нь нэг ангийнхан гэж ярих дуртай. Учир нь ард түмний төлөөлөл болон сонгогдсон 76 гишүүн маань хамтдаа чуулганы танхимд хуралдаж яг л нэг ангийнхан шиг дөрвөн жилийн хугацааг ардаа өнгөрүүлдэг. Энэ хооронд ард түмний төлөө хууль тогтоомж баталж, монгол орныхоо хувь заяаг шийддэг гэж хэлж болно. Нэг ангийнхан ямар байдаг яг л түүн шиг хэрүүлтэй, маргаантай, эвлэлдсэн, зөвшилцсөн бүхэн энэ дөрвөн жилд болж өнгөрдөг гэж хэлж болно. Энэ удаагийн парламент бол долоо дахь удаагийн парламент. Тиймээс тэднийг долоогийн “а” ангийнхан гэж нэрлэсэн байна. Ингээд та бүхэндээ ангийн хамт олон ангийнханыхаа болон ангийн дарга найз нарынхаа талаар ямар бодолтой байдаг талаар нь хүргэе. Тэд дахин сонгогдсон гишүүнийг улирч ирсэн сурагч, шинэхэн гишүүнийг хөдөөнөөс шилжиж ирсэн сурагч гэх мэтээр хөгжилтэй суудаг бололтой.
7а ангийн сурагч С.Ганбаатар:
"Бид бол маш том хариуцлагын дор нэгдсэн анги гэж би боддог. Ардчилал гэдэг бол эрх чөлөө гэхээсээ илүү хариуцлагын тухай зохицуулалт тиймээс манай ангид хүнийг муучилдаг хүмүүс байх ёсгүй. Тиймээс хүн биш зөвхөн асуудлаа ярьдаг байгаасай гэж ангийнханыгаа хүсэж байна. Бид ангиараа бэрхшээлийг ярьж шийддэг байх хэрэгтэй. Манай ангиас хамгийн их хичээл тасалдаг хүн байдаггүй. Би хэн хичээлээ тасалж гэж харахаасаа илүү ямар асуудал хэлэлцэгдэж байгаад анхаардаг. Харин идэвхитэй гишүүд бол хараад байхад олон байдаг. Бурмаа, Баярсайхан асуудалд маш нухацтай ханддаг. Ангийн даргыг бид хамтаараа сонгосон учир манай л ангийн дарга гэж хэлмээр байна".
7а ангийн сурагч Н.Батцэрэг:
"Бид нар цалин авч байгаа учир яг л нэг байгууллага шиг байдаг. Хамгийн онцлог нь ард түмнээс сонгогдон гарч ирээд хууль баталдаг учир их хариуцлагатай л даа. Манай ангийн даргын хувьд парламентад хэд хэд сонгогдсон болохоороо их туршлагатай чамбай хүн. Аливаа юманд мэдрэмж сайн. Манай ангийн бүх охидууд л хөөрхөн. Тэгэхдээ Уянга, Баянсэлэнгэ хоёрыг онцолж хэлнэ. Энэ удаад охидууд их байгаа болохоор аливаа юмыг их уян хатан хардаг, зөрчлийг намтгаж чадаж байгаа юм шиг санагдаж байгаа. Гэхдээ бас хатуу байх үедээ ч хатуу байж чадаж байгаа".
7а ангийн сурагч С.Бямбацогт:
"Дөрвөн жил хамт байна гэдэг нь 1-4-р ангиа хамт төгсөхтэй л адилхан. Энэ удаагийн парламент улстөржсөн талцсан байдал өмнөх жилүүдээс их байгаа. Тиймээс манай ангийнхан нэг л эвээ олж өгөхгүй байгаа юм шиг санагдаад байгаа юм. Өмнөх дөрвөн жилд манай ангийнхан улс орныхоо эрх ашгийг өмнөө тавиад их эв найртай байсан. Энэ удаад тэгэж чадахгүй байгаад миний зүгээс их эмзэглэж байгаа. Ангийн даргын хувьд өмнө нь гишүүн байхдаа их сайн ажилладаг гишүүн байсан. Харин одоо ангийн дарга болоод хэт их улстөржиж, аавын хүүхдүүдийг алагчилж үзээд байгаа юм шиг санагдаад байгаа.
Ардчилсан намынханыг өөрийн хүүхэд шигээ, МАН-ынханд хойд эцэг шиг нь хандаж байсан. Гэхдээ сүүлийн үед бид хэлээд байгаа учир засарсан. Хамгийн идэвхи сайтай нь мэдээж ангийн дарга байдаг. Дараагаар нь бүлгийн дарга нар байгаа. Харин ард түмнийг төлөөлөөд сонгуульд өрсөлдөөд гарч ирсэн хэрнээ ажлаа хийхгүй, хичээлээ тасалдаг хүмүүс бас байгаа. Гэхдээ тэдний нэрийг цохож хэлмээргүй байна. Тэр хүмүүс нь хичээлээ таслахгүй, хоцрохгүй ирэх хэрэгтэй. Харин манай ангийн хамгийн түргэн ууртай нь Эрдэнэбат. Тиймээс би “ Та олонхийн бүлгийн дарга учраас юманд тайван хүлээцтэй хандах хэрэгтэй. Цөөнхөө бөөцийлж тэнцвэртэй хандах хэрэгтэй байтал биднийг байнга загганадаг” гэдгийг хэлээд л байгаа. Ямар сайндаа л Хаянхярваа гишүүн “Юм л бол үс нь өрвөлзөөд хүн шүүмжлэх юм” гэж хэлсэн. Гэтэл Эрдэнэбат чинь халзан хүн шүү дээ".
7а ангийн сурагч О.Баасанхүү:
"Манай ангийнхан бүгд л хөмсгөө зангидсан хүмүүс байдаг. Бараг л хөгжилтэй шооч хүн байхгүй дээ".
7а ангийн сурагч Ц.Даваасүрэн:
"Би ангийнхаа 76 гишүүдэд бүгдэд нь хүндэтгэлтэй ханддаг. Янз бүрийн шинж чанартай хүмүүс байгаа. Ангийн даргын хувьд өөрийн гэсэн байр суурьтай байх гэж хичээж байгаа нь зүгээр санагддаг".
7а ангийн сурагч Я.Содбаатар:
"Одоо л бид учраа олж байна. Дөрвөн жил нэг танхимд сууж монголын төлөө ажиллах хүмүүс нэлээд том үүрэг хариуцлага хүлээж байгаа нь тодорхой. Бид анх Үндсэн хуулийг өөрчлөх томоохон зорилготой байсан. Аливаа хуулинд өөрчлөлт хийхээр Үндсэн хуулийн зүйл заалтан дээр очоод гацаад байгаа. Тэгэхээр энэ дөрвөн жилийн хугацаанд Үндсэн хуулийг шинэчилж чадах юм бол манай ангийнхан тод мөртэй үлдэх боломжтой гэж харж байгаа. Анги дотор олон дарга байдаг л даа. Тэгээд л охидын зөвлөлийн дарга сонгогдчихсон байгаа. Хэрвээ “ариун цэврийн даргыг” сонго гэвэл би Дэмбэрэл даргыг нэрлэнэ. Учир нь энэ насны хүн байж улстөрч хүн ямар байх ёстойг олон жилийн туршид үлгэрлэн харуулж чадаж байгаа. Харин манай ангийн миний хамгийн сайн найз бол Ж.Энхбаяр. Бид хоёр сүүлийн 15 жил байнга хамтдаа хөдөлмөрлөж ирсэн. Бас хаяа залгаа хамар хашааны хүүхдүүд учраас их дотно байдаг. Бас улирч орж ирсэн Лүндээ ахтайгаа их ойрхон байдаг".
7а ангийн сурагч Ц.Оюунгэрэл:
"Өмнөх ангиудаа бодвол манай анги охидууд олонтой. Ангийнхаа даргыг сонгох гэж манай ангийнхан их будилсан. Хичээл эхлэх гэхээр хүүхдүүд байхгүй бол багш хичээлээ заадаггүй. Түүнтэй адил ангийхан маань ирцээ бүрдүүлэх тал дээр тааруухан байгаа. Бид одоохондоо урлагын үзлэгээ зохиогоогүй байгаа. Анх удаа шинэ жилээ хамтдаа хийж нэг нэгнийхээ гэр бүлийнхэнтэй танилцсан. Тэр бол маш сайхан хөгжилтэй үйл явдал байсан. Бусад үед бид дандаа л хичээлээ хийж байгаа. Би өөрийгөө ерөөсөө хичээлээ тасалдаггүй сайн хүүхэд гэж хэлмээр байна. Ангийн хэлээр салаа салаагаараа буюу намын зүгээс хичээлээ тасалдаг зүйл л байдаг. Тэрнээс биш өөрсдөө зүгээр байж байгаад эсэргүүцэн хичээлээ тасалдаг хүүхэд байхгүй. Ангийн хамгийн ганган охин гэвэл Бурмаа эгчийг хэлнэ. Дандаа гоё дээл, гоё зүүлт зүүдэг болохоор тэгэж санагддаг. Манай ангиас хамгийн их ярьдаг нь Гончигдорж, Уянга, Н.Энхболд гишүүн байж магадгүй.
Харин хамгийн сахилгагүй буюу байнга ширүүхэн үг хэлж байдаг нь С.Бямбацогт юм шиг санагдаж байна. Хамгийн үг хэл цөөн дуугүй нь Гарамгайбаатар, Санжмятав юм шиг санагддаг. Ангийн хөвгүүдээс хамгийн царайлаг гээд хэлэхээр хэцүү юм. Гэхдээ Сайханбилэг гишүүнийг “Сайхнаа” гээд дуудахаар харахгүй болохоор нь “Хөөрхөнөө” гээд хэлэхээр харчихдаг юм. Биднийг чуулганы хуралдаан дээр харахад байнга л хоорондоо муудалцаж байдаг юм шиг боловч. Бид бас цаагуураа хоорондоо ярилцаж нэг нэгэнтэйгээ ойлголцдог. Тэгэхлээр яг ард түмэнд харагдаж байгаа шиг манай ангийнхан үргэлж маргалдаад хагаралдаад байдаг зүйл байдаггүй. Бид цаана нэг хамт олон шиг байж чаддаг.
7а ангийн сурагч А.Тлейхан:
"Манай ангийн 50 хувь нь шинээр орж ирсэн хүүхдүүд байгаа. Ер нь хөдөөнөөс орж ирсэн хүүхдүүд шинэ ангидаа дасах гэж багагүй хугацаа хэрэгтэй байдаг. Тэрэн шиг манай ангийнхан нэг жил болоод ирэхээр нэг нэгийгээ ойлгоод, нэг нэгэндээ дасаад сайхан анги болно гэж бодож байгаа. Би ангидаа аливаа зүйлд их идэвхитэй оролцохыг хичээж байгаа".
7а ангийн сурагч Г.Уянга:
"Энэ удаад манай ангид бүх төлөөлөл багтсан гэж хэлж болно. Би ороод удаагүй шинэхэн гишүүний хувьд олныхоо итгэлийг эвдэхгүй, яаж зөв замаар явах вэ гэдэг дээр суралцаад л явж байна. Манай ангиас хамгийн ишэлсэн сүх шиг хүн нь Баасанхүү юм шиг санагддаг. Түүний яриаг сайн сонсвол хэрэгтэй зүйлийг их хэлдэг. Харин манай С.Дэмбэрэл гишүүн нэг маягаар үргэлжилж байгаа хурал дундуур хамгийн сайхан хөгжилтэй, сонирхолтой асуулт тавьдаг юм шиг санагддаг. С.Дэмбэрэл гишүүнийг үг хэлэх, асуулт асуух болохоор юу гэх бол гэж чих тавин сонсдог. Харин Бямбацогт гишүүн хамгийн их ярьдаг нь байхаа".
7а ангийн Н.Номтойбаяр:
"Улс оронд тулгамдаад байгаа бүхий л асуудлыг шийдэж байгаа бүхий л төрлийн хүмүүс манай ангид байгаа. Би эмэгтэй хүний гоо сайхан дотоод ухаанд нь байдаг болов уу гэж боддог. Тиймээс анги бүрдээд удаагүй байгаа болохоор хэнийг нь хамгийн царайлаг гэж би хэлмээргүй байна. Харин Нямдорж гишүүн аливааг их үнэн зөвөөр шударгаар хэлдэг нь надад их таалагддаг. Ангид идэвхигүй гишүүд бас байдаг. Тэдний тоонд би ч бас нэг хэсэг орж явсан. Аливааг үнэнээр нь шууд хэлдэг туршлагатай гэдэг үүднээсээ ахмад гишүүдтэй илүү ойр дотно байж тэднээс суралцахыг боддог".