Оюутолгойн хөрөнгө оруулагчид 7.1 тэрбум ам.доллар болгон 40 орчим хувиар өсгөсөн байна
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2013.02.01-ний өдөр/ үдээс хойшхи нэгдсэн хуралдаан 15.30 цагт эхэллээ. Чуулганы нэгдсэн хуралдаанд Монгол Улсын Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг Оюутолгойн асуудлаар мэдээлэл хийж, Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж чуулганд оролцов.
Энэ сарын 6-ны өдөр Оюутолгой компанийн хувь нийлүүлэгчдийн хурал болох гэж байгаа, түүнчлэн сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр тус компанийн үйл ажиллагаатай холбогдсон зарим мэдээлэл гарах болсонтой холбогдуулан ийм мэдээлэл хийх шаардлагатай болсныг Ерөнхий сайд мэдээллийнхээ эхэнд хэллээ.
Тэрбээр хэлэхдээ, төслийн хөрөнгө оруулалтын зардал өссөн шалтгааныг тодорхой болгооч гэдгийг манай талын төлөөлөл шаардаж байгаа ч өнөө болтол тодорхойгүй хэвээр байна.
Оюутолгой төслийн анхны хөрөнгө оруулалт 2 тэрбум ам.доллараар өссөн тухай яриа байгаа.
Өнгөрсөн хоёр жилд хөрөнгө оруулалтаа ТУЗ нь батлаад явж байсан. Гэхдээ хөрөнгө оруулалт өссөн шалтгаанаа тодорхой тайлбарладаггүй байсан. Иймээс шинэ Засгийн газрын зүгээс өнгөрсөн хугацааны хөрөнгө оруулалтыг тодорхой болгоогүй нөхцөлд энэ оны төлөвлөөгөөг батлах боломжгүй гэсэн байр суурьтай байгаа. Харин тус компанийн хүсэлтийн дагуу зөвхөн энэ оны эхний хоёр сарын хөрөнгө оруулалтын төлөвлөгөөг баталж өгсөн. Зардал өссөнөөс манай талын хүртэх хувь буурч байгаа, төслийн дагуу хөрөнгө оруулалтаа хийхийг л бид хүсч байгаа.
Төслийн анхны хөрөнгө оруулалт нь далд уурхай ажиллаж эхэлснээр 14.6 тэрбум ам.доллар байхаар ТЭЗҮ-д тусгасан байгаа. Гэтэл одоо энэ нь 24 тэрбум ам.долларт хүрэхээр өсгөсөн тооцоо гаргасан байдаг юм. Тоог ингэж өөрчилж буйг хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй, нөгөө талаар нь энэ нь хууль зөрчиж байгаа хэрэг юм гэлээ.
Мөн тэрбээр монгол ажилчдын ажлын хөлс, нийгмийн асуудалд анхаарах, бараа, ажил, үйлчилгээний худалдан авалтыг ил тод болгох, манай компаниудын энэ талын оролцоог нэмэгдүүлэх шаардлагатай байгаа, түүнчлэн лицензтэй холбоотой зарим асуудал байгаа гэдгийг хэллээ.
Өнгөрсөн гурван жил гаруйн хугацаанд Оюутолгой төслийн барилга, бүтээн байгуулалт эрчимтэй өрнөж, үйлдвэрлэл эхэлсэн хэдий ч эргэж харах, ярилцаж ойлголцох хэд хэдэн асуудал хуримтлагдаад байгааг Ерөнхий сайд хэллээ. Эдгээрийг талууд харилцан хэлэлцэхээр Уул уурхайн сайдаар ахлуулсан ажлын хэсэг ажиллаж байгаа юм.
Шийдвэрлэх шаардлагатай хуримтлагдсан асуудлуудын нэн тэргүүнд Рио тинто компани хөрөнгө оруулалтын зардлаа өсгөсөн явдал. УИХ-аар батлуулсан гэрээнд анхны хөрөнгө оруулалт 5.1 тэрбум ам.доллар хэмээн заасан байтал Оюутолгойн хөрөнгө оруулагчид энэ хөрөнгийг 7.1 тэрбум ам.доллар болгон 40 орчим хувиар өсгөсөн. Төсөлд оруулж буй хөрөнгө оруулалтын нийт зардал өсөхөөр манай талд ирэх өгөөж, ногдол ашиг буурна. Иймээс Засгийн газрын зүгээс хөрөнгө оруулалтыг 2 тэрбум ам.доллараар нэмэгдүүлсэн шалтгаанаа тайлбарлах, өөрөөр хэлбэл өнгөрсөн хугацааны хөрөнгө оруулалтаа тодорхой мэдээлж байж цаашдын хөрөнгө оруулалтын төлөвлөгөөгөө батлуулах шаардлага тавьсныг Ерөнхий сайд дуулгалаа. Өнгөрсөн хоёр жилд хөрөнгө оруулалтаа тус компанийн Төлөөлөн удирдах зөвлөл баталдаг, ингэхдээ хөрөнгө оруулалт өссөн шалтгааныг тодорхой тайлбарладаггүй байв. Түүнчлэн, төслийн хөрөнгө оруулалт далд уурхай ажиллаж эхлэхэд нийлбэр дүнгээрээ 14.6 тэрбум ам.доллар байхаар Техник эдийн засгийн үндэслэлд тусгасан ч энэ дүн одоо 24,4 тэрбум ам.долларт хүрэхээр 68 хувиар өсгөсөн тооцоо гаргажээ. УИХ-аар батлуулсан хөрөнгө оруулалтын дүнг ийнхүү хүлээн зөвшөөрөх үндэслэлгүйгээр нэмэн өөрчилж байгаа шалтгааны талаар Засгийн газар хөрөнгө оруулагчдаас тайлбар хүсч байгааг Ерөнхий сайд Н.Алтанхуяг мэдэгдлээ. Энэ ч үүднээс хувь нийлүүлэгчдийн хурлыг энэ сарын 6-нд хийж, Засгийн газрын шаардлагад тодорхой тайлбар өгөхөөр тов зарлаад байгаа юм.
Нэн тэргүүнд анхаарал хандуулахуйц дээрх асуудлаас гадна шийдэл хүлээж буй өөр хэд хэдэн чухал асуудал байгааг Засгийн газрын тэргүүн онцоллоо. Тус компанид ажиллаж буй монгол ажилчдын цалин хөлс, нийгмийн хамгааллын асуудалд анхаарах, бараа, ажил, үйлчилгээний худалдан авалтыг ил тод болгох, дотоодын компаниудын оролцоог нэмэгдүүлэх талаар хөрөнгө оруулагч талтай эргэн ярилцах шаардлагатай байна. Түүнчлэн, лицензтэй холбоотой маргааныг нэг талд шийдвэрлэх шаардлагатай. Оюутолгойн бүлэг ордын 30 хувийг өөр компани эзэмшиж байгаа нь уурхайгаас олох ашгийн 30 хувиа алдах эрсдэл дагуулж байгаа тул тус лицензийг эргүүлэн авч, хөрөнгө оруулагчид шилжүүлэх шаардлага үүсч байна гэж Ерөнхий сайд хэллээ. Ашиг сонирхлын зөрчил ч Оюутолгойд илэрснийг Засгийн газрын тэргүүн дурьдсан юм. Төслийн асуудлаар Засгийн газарт зөвлөж байсан гадаадын компани Айвенхоу майнз-д хувь эзэмшдэг нь ийм байдалд хүргэсэн байна.