Ажил хийе, бүтээе гэсэн хүмүүсийг дэмжинэ
УИХ-ын гишүүн, Хөдөлмөрийн сайд Н.Санжмятавтай хөдөлмөрийн асуудлаар ярилцлаа.
-2013 оны 1 сарын 1-нээс ямар ажил бодит биеллээ олж, хичнээн хүн ажлын байртай болох вэ?
2013 оны 1 сарын 1-нээс эхлэн аймаг бүрт хөдөлмөрийн хэлтэс ажиллуулж байна. Орон нутагт ажиллаж байгаа хүмүүст дэмжлэг үзүүлж, сум орон нутгаа хөгжүүлэх бодлого мөрийн хөтөлбөртэй уялдуулан хамтран ажиллах бололцоог бүрдүүлсэн. Ажил хийе, бүтээе гэхэд бололцоог бүрдүүлж өгөх тал дээр ажилласан. Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих үүднээс 1000 гаруй төрлийн тоног төхөөрөмжийг гаалийн татвараас хөнгөлж, чөлөөлж байгаа. Зээлийн батлан даалтын хөтөлбөр гарсан байсан хэрэгжээгүй байсан. Үүнийг хэрэгжүүлж, гацаанаас нь гаргахаар болсон.
Түүнчлэн ирэх оноос аймгуудын хатуу хучилттай замыг сайжруулж, төмөр замын томоохон төслийг хэрэгжүүлнэ. Барилга орон сууцаар хангах, Сайншанд, Оюутолгойн цогцолборуудын ажил эхлэх учраас энэ он бол нэлээн хөдөлгөөнд орсон тодорхой хэмжээгээр ажлын байр нэмэгдсэн жил
"Оюутолгой" ХХК
болно. Оюутолгойн дэмжлэгтэйгээр 3300 хүнийг хоёр сарын хугацаагаар мэргэшүүлэх сургалтад хамруулж, шахуу программаар ажиллах газрууд дээр нь цалинтай дадлага хийж ажиллуулахаар төлөвлөөд байгаа.
-Мэргэшүүлэх сургалт хэзээ эхлэх вэ?
Энэ ажил 2 сарын 1-нээс эхэлнэ. Компаниудаас ирсэн захиалгуудыг нэгтгээд ажил хүсч байгаа хүмүүстэйгээ санал солилцсоны дараа хөтөлбөр гаргана. 4 сар гэхэд тухайн аж ахуйн нэгж дээр дадлагаа хийхээр зохицуулах болно.
-Гадаадад ажиллах хүч илгээх тал дээр ямар бодлого барьж ажиллах вэ?
Солонгос хэлний шалгалтын хураамжийг 17 ам.доллараар тогтоосон
Стадионы гадаа хэдэн мянгаараа оочирлож, хонож өнждөг асуудлыг байхгүй болгоно. Монголчууд гадагшаа явах гэж олон шалгуурыг давдаг. Харин монголд ажиллаж байгаа гадны ажилчдыг төдийлөн анхаардаггүй. Гадагшаа ажиллах хүчээ алдаад байдаг, гэтэл бидэнд ажлын байр өчнөөн байгаад байдаг. Хятадаас олон ажилчин орж ирж дотоодын ажиллах хүчний нөөцийг сулруулж байна. Тиймээс үүнийг эдийн засгийн аргаар багасгах бодлого барина. Тэднийг эрүүл мэндийн үзлэгт ерөөсөө хамрагддаггүй байсныг болиулж хамруулахаар Засгийн газар шийдвэрлэсэн байгаа. Тэр нь бас тодорхой хэмжээний төлбөртэй байхаар зохицуулна.
-Саяхан Хөдөлмөрийн тухай хууль шинэчилсэн найруулгаар батлагдсан. Гэтэл зарим гишүүд үүнийг төр захиргааны байгууллагууд удирдлагын босоо бүтэцтэй болж, ингэснээр аймаг, хороодод хуваарилах төсвийн эрх мэдлийг алдагдуулна гэж үзэж байна. Та энэ тал дээр ямар байр суурьтай байна вэ?
Ер нь босоо бүтэцтэй болох хэрэгтэй. Энэ хууль ч Шинэчлэлийн Засгийн газрын гол хөтөлбөртэй уялдаж байгаа юм. Тиймээс аймгийн засаг дарга хэн дуртайгаа халж, төсвөө зарцуулаад явбал тэнд тавих хяналт алдагдах аюултай. Ийм учраас боловсон хүчнийг дээрээс томилж, хөрөнгийн эрх мэдлийг нь өөрсдөд нь өгч байгаа. Өмнө нь хоёр жил хэвтээ бүтэцтэй байсан. Тодорхой үр дүн гарсангүй. Тиймээс одоо босоо тогтолцоо болгоод ажиллая.