О.Баасанхүү бяртай болжээ
УИХ-ын гишүүн Д.Баасанхүү
2013.01.08

О.Баасанхүү бяртай болжээ

Дөрвөн сарын өмнө “Одоо­хондоо намайг тоохгүй л байна. Тэгсхийж байгаад шоолох байх. Тэгээд муулж эхэлнэ. Эцэст нь намайг сонсдог болно оо” хэмээн ярьж байсан УИХ-ын эрхэм гишүүн О.Баасанхүү хуульчийн хувьд, төрийн түшээгийн хувьд тийм ч жижигхэн хүн биш гэдгээ харуулж эхэллээ.

Гаднаасаа үзэгдэх байдлынх нь цаана шаггүй шазруун, барагтай хүнд бярдуулахгүй гэсэн тэмцэгч чанар нь нуугдаж байж. Эхэндээ ч арай олон жил УИХ-д тухалж суугаа Ч.Сайханбилэг,С.Баярцогт нарын эрхмүүд О.Баасанхүү гишүүнийг хөөрхөн оролдож “шинэ, жаахан, бацаан”-аар нь хэсэгтээ л дуудсан. Удалгүй Ц.Нямдорж, “Фортуна” Н.Батбаяр зэрэг архгууд загнаж, зандарч үзсэн. Дараа нь Хууль зүйн сайд Х.Тэмүүжин, ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэл нарын тохой залгаж суугаа нөхөд нь ил, далд шоолж инээлдсэн нь цөөнгүй.

Ингэхээр УИХ-ын зургаа дахь удаагийн чуулганд О.Баасанхүү гэдэг “биеэр жижиг ч бэлчээр том”-той эрхэм яалт ч үгүй тодорч байна.

Харин одооноос бүх юм түүний хэлснээр болж, УИХ-ын дарга З.Энхболдоос эхлээд О.Баасанхүү гишүү­нийг анхааран сонсдог эрх­мүүд олширч байна. Дэлхий сүйрэх өдрийг далимдуулан намын даргыг нь II эм­нэлгээс Зайсангийн хорих ангид хүргэснээс хойш тэм­цэгч нөхдийнх нь идэвх илт сулраад байгаа энэ цагт О.Баасанхүү гишүүн хууль дүрмийн үндэслэл сайтай давж заалдах хувилбар бо­ловсруулан дээр дооргүй гүйж яваа гэнэ. Хөнгөн шингэн гүйдэл дундаа “Н.Энхбаяр бол нэгдүгээрт, манай намын дарга. Хоёрдугаарт, миний хувьд энэ хүнд ач санах олон учир байгаа. Гуравдугаарт, хэн ч бай туулсан амьдралаа байнга санаж, туулах амьдралаа төлөвлөх учиртай” хэмээн шулуухан, ил цагаан хэлж яваа түүнийг дэмжигчид илт олширч байгаа сурагтай.

Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний тухай хуулийн төслийг боловсруулах аж­лын хэсгийг ахалж байгаа түүнийг “Шударга ёс” бүл­гийн дарга Н.Батцэрэгээс эхлээд “хуульчийн хувьд мундаг” гэх хүн захаас аваад таарах болжээ.

Сүүлийн үед хууль бат­лах үндсэн үүрэгтэй УИХ-ын эрхэм гишүүд хуралдаа суух нь цөөрч, З.Энхболд дарга ирц бүрдүүлэх гэж ёстой л үйлээ үзэх болсон. Ямар сайндаа УИХ-ын чуулганы үдээс өмнөх ирцээр эрхэм гишүүдийн үдээс хойших ирцийг бүртгэж байх “хү­чин”-гийн гэмээр тогтоол гаргаж байх вэ. З.Энхболд даргын аргаа барсан энэ үйлдлийг УИХ-д хууль ёсны бүлгээ саяхан батлуулж “цөөнх”-ийн статустай бол­сон МАН-ын ланжгарууд дөрөөлж “кнопчин байхаас залхаж байна” хэмээн хуралдаа суухгүй гүрийж байгаа.

Шинэ журмын дагуу өглөөний ирцэд бүрт­гүүл­чихээд л үдээс хойших ажлаа тасалдаг УИХ-ын эрхэм гишүүдийн ёс зүйгүй байдлыг шүүмжилж, ху­ралдаа суухгүй байгаа МАН-ын гишүүдийг О.Баа­сан­хүү гишүүн дэмжиж “Сонгогчдын эрх ашгийг хуурч байгаа энэ үйлдэлтэй би эвлэрч чадахгүй” гээд хуралд суухаас түдгэлзэх болсон.

З.Энхболд дарга “МАН-ын бүлгийн гишүүдийн хувьд байдал тодорхой. Хүч­тэй цөөнх болж харагдах гээд хийх юмаа олж ядаж яваа хүмүүс. Харин О.Баасанхүү гишүүн хуралд суухгүй байх нь “Шударга ёс” бүлгийн гишүүдэд нөлөөлөх аюултай. Тэгэхээр тогтоолоо эргэж хардаг ч юм билүү, эсвэл О.Баасанхүү гишүүнтэй биеч­лэн уулздаг хэрэг үү” гэж шадар туслахууддаа ярьж яваа ажээ.

Аргагүй л өөрийнх нь хэлснээр “яван чангарч” байгаа түүний да­раагийн тэсрэлт чухам юу байх бол.