Сайхан нойрсоорой, дэлхийн улстөрчид өө
Британийн нэгэн сайд телевизийн шууд ярилцлагаа таслаад нам унтчихжээ. Үүнээс үүдэн “Нойрноос морио...” алдсан улстөрчдийн талаарх яриа дахин сөхөгджээ. Энэ талаар “Аргументы и факты” сэтгүүлд гарсан материалыг товчлон хүргэе.
Сайдыг яаж сэрээх вэ
Их Британийн Хөдөлмөрийн сайд Мэттью Хэнкок
Их Британийн Хөдөлмөрийн сайд Мэттью Хэнкок тус улсын “ITV” сувгийн өглөөний шоунд оролцох ёстой байжээ. Уг шоугаар тэрбээр 16-24 насны залууст ажил хөдөлмөрийн зөвлөгөө өгөхөөр төлөвлөжээ.
Гэвч англи залуучууд сайдын зөвлөгөөгүйгээр асуудлаа шийдэхээс өөр аргагүй болов. Учир нь, Хэнкок шоунаас ганцхан минут хоцортол студид оруулаагүй байна. Тэгэхээр тус теле компанийн журам Хөдөлмөрийн яамныхаас ч хатуу бололтой.
Хэнкок сайд цагтаа сэрж чадаагүйгээ хүлээжээ. Энэхүү шууд ярилцлагыг өглөөний 06:40 цагт төлөвлөсөн байсан тул унтаад хоцорсон байх магадлалтай аж. Яагаад гэвэл дэлхийн ихэнх орнуудын ажил хэрэгч хүмүүст үүрийн зургаан цаг гэдэг өглөө биш, дуг нойрондоо дугжирдаг үе юм.
Үнэндээ Хөдөлмөрийн сайд руу теле компанийн зүгээс машин илгээсэн гэдэг. Гэвч “нойрсож буй сайд”-ыг жолооч яаж сэрээж чадах билээ. Гэрт нь дайрч ороод, хувинтай хүйтэн ус өвөр рүү нь цацалтай биш.
Гэхдээ Их Британийн Хөдөлмөрийн сайд л ганцаараа нойроо дийлдэггүй улстөрч биш аж. Ид хурлын үеэр “давсандаа явсан” парламентын гишүүд, генералуудын зураг интернэтэд өчнөөн байдаг билээ.
Мэргэжлийнхэн зогсоогоороо унтдаг
Нойр гэдэг Гүржийн Ерөнхийлөгч Михаил Саакашвили мэтийн эрч хүчтэй улстөрчийг ч сөхрүүлдэг зүйл бололтой. 2009 онд Мишико Украины төрийн тэргүүн Виктор Ющенкотой уулзах ёстой байж.
Гэтэл Саакашвили урьд шөнө нь Украины теле шоунд оролцож, дараа нь шөнийн клубт үүр цайтал зугаацсан тул босч чадаагүй байна.
Италийн Ерөнхий сайд асан Сильвио Берлускони
Ющенког бүтэн цаг хүлээлгэсний эцэст хүрч ирсэн Саакашвилигийн царайг хараад сэтгүүлчид юу болсныг шууд ойлгожээ.
Мөн дэлхийн улстөрчдөөс хамгийн их зугаа цэнгэл хөөдөг хүнээр яах аргагүй Италийн Ерөнхий сайд асан Сильвио Берлускониг нэрлэдэг аж. Тэрбээр Берлиний ханыг нураасны 20 жилийн ойн баярт оролцох үеэрээ олон орны сайд нарын өмнө унтсан юм.
Уг нь тэр хэнд ч анзаарагдахгүй нойроо авахыг хүссэн ч сонор соргог сэтгүүлчид “нойрсож буй Сильвио”-г хальснаа буулгахаа мартсангүй. Хамгийн атаархмаар нь Сильвио зогсоогоороо унтаж чаддаг аж.
Ельцин архинаас болж нам унтжээ
Улстөрчдийн нойртой холбоотой Оросын хамгийн том шуугианаар яах аргагүй Ельциний түүхийг нэрлэж болно. ОХУ-ын Ерөнхийлөгч Борис Ельцин 1994 онд АНУ-д айлчлаад буцахдаа Ирландад түр зогсолт хийх ёстой байжээ. Ерөнхийлөгчийн онгоц Шэннон нисэх онгоцны буудалд газардахад Ерөнхий сайд тэргүүтэй төлөөлөгчид зочдоо угтан авахаар бэлтгэв.
ОХУ-ын Ерөнхийлөгч асан Борис Ельцин
Гэтэл онгоц газардаад 20 минут боллоо, байдаггүй. Удаж удаж Шадар сайд Олег Сосковец хөлгөөс цухуйж, Ерөнхийлөгчөө хэлэлцээ хийх боломжгүй болсныг зарлав. Борис Ельцин Москвад ирээд, уулзалтын үеэр унтсан байсан, хэн ч өөрийг нь сэрээж зүрхлээгүй гэдгийг хүлээжээ.
Хожим нь түүний хамгаалалтын албаны тэргүүн Александр Коржаков дурсамж номондоо “Ерөнхийлөгч АНУ-аас нисэхээсээ л онгоцонд архи хэтрүүлэн хэрэглэж, бие нь тааруу байсан” гэж бичжээ.
Зүүдэндээ залбирсан нь
АНУ-ын дэд Ерөнхийлөгч Жо Байдан
Дэлхийн хүчирхэг гүрэн АНУ-ын улстөрчид ч ажил дээрээ сайн унтдаг. 2011 оны хавар тус улсын Ерөнхийлөгч Барак Обама улсынхаа төсвийн алдагдлыг бууруулах төлөвлөгөөгөө олон нийтэд танилцуулсан. Харин энэ үеэр түүний баруун гар, дэд Ерөнхийлөгч Жо Байдан сандал дээрээ тухтай суугаад нойрсож байжээ. Байден энэ үеэр терроризмыг ялж, төсвийн алдагдлаа арилгасан агуу их Америк орныг зүүдэлсэн нь лавтай.
Обамаг төлөвлөгөөгөө танилцуулсны дараа хэвлэлүүд түүний хэлснийг бус, Байдены унтсаныг хамгийн ихээр хөндсөн гэдэг.
Шинжээчид дэд Ерөнхийлөгчийг нүдээ аниад, юм бодож байсан, унтсан гэж маргалдаж байх хооронд Бүгд найрамдах намын Майк Хаккаби хамгийн оновчтой хувилбар дэвшүүлсэн юм. Тэрбээр “Байден энэ үеэр Обамагийн төлөвлөгөө амжилттай болоосой гэж залбирч байсан” гэжээ.
Эндээс үзэхэд дэлхийн улстөрчид ажлын байрандаа унтах нь хэвийн үзэгдэл бололтой. Харин бид тэдэнд сайхан нойрсохыг ерөөх л үлдлээ. Яагаад гэвэл тэднийг унтаж байх хооронд дэлхий дахинд тэнэг хууль батлагдахгүй, утгагүй дайн зарлагдахгүй шүү дээ.