NEWS агентлаг "Оны хүн"-ээр Э.Бат-Үүлийг нэрлэж байна
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл
2012.12.24

NEWS агентлаг "Оны хүн"-ээр Э.Бат-Үүлийг нэрлэж байна

Жил жилийн эцсийн, дараа жилийн угтал өдрүүдэд мэргэжлийн сэтгүүл зүйн байгууллагууд тухайн жилийнхээ онцлох үйл явдлуудыг нэрлэж, онцлох хүнийг тодруулдаг. Тухайн жилийнхээ хамгийн анхаарал татсан хүнийг нэрлэдгийн хувьд хэвлэл мэдээллийн байгууллагын, тэр дундаа “News” агентлаг "Оны онцлох хүн"-ээр хэнийг нэрлэх нь мөн л анхаарал татдаг билээ.

Тэгвэл бид энэ удаагийн "Оны онцлох хүн"-ээр Монгол Улсын баатар, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Эрдэнийн Бат-Үүлийг нэрлэж байна.

Ардчилсан хувьсгалын 20 жилийн ойгоор Монгол Улсын баатар хэмээх эрхэм хүндтэй цолоор шагнуулсан Э.Бат-Үүл их улстөрд ээлжит сонгуулийн чимээ хадаалсан өдрүүдэд УИХ-д нэр дэвшихгүй гэдгээ мэдэгдэн олон нийтэд шуугиан тарьж байв. Түүнийг ийн их улстөрөөс зодог тайлав гэж хэлэгдэх болсны шалтгаан нь өнөөдөр өрнөөд байгаа Улаанбаатар хотын шинэчлэл. Их улс төр ярихаас илүү нийгмийн чиглэлд анхаарах цаг нь ирэв хэмээн шийдсэн түүний энэ шийдэл Ардчилсан намынхныг “Олуулаа” уриатайгаар нийслэлийн Иргэдийн хурлын сонгуульд удирдан оруулж, өдгөө Нийслэлийн Иргэдийн хуралд олонхи болоод байгаа. Ардчилсан нийгэмд шилжсэнээс хойш 22 жилийн дараа анх удаа Ардчилсан намынхан ийнхүү олуулаа болж, Улаанбаатар хотоо шинэчлэн хөгжүүлэхээр ажилдаа ороод байгаагийн эхний алхмууд болох автозамын түгжрэлийг бууруулах зохицуулалт хийж байгаа, барилгын салбарт анхаарал хандуулж, зөвшөөрөлгүй барилгуудыг цэгцлэх, барилга бүтээн байгуулалтын ажлын аюулгүй байдал, чанар стандартыг сайжруулах гэх мэт ажлууд нийгэмд харанга хадааж, ажил эхнээсээ өрнөж байна.

Мэдээж хэрэг Нийслэлийн Засаг даргаар сонгогдоод, олуулаа Улаанбаатар хотоо өөрчлөхөөр зориглоод хэдхэн сарын хугацаа өнгөрч байгаа болохоор магтаж, сайшаахаас илүү шүүмжлэл, хүлээлт дагуулж буй олон ажлууд бий. Гэр хорооллыг барилгажуулах, нийслэлийн нийтийн тээврийг цэгцэлж, метро байгуулах, замын түгжрэлийг бууруулахын тулд зөвхөн автомашины дугаараар хязгаарлан зохицуулах бус цаашид түгжрэлийг халахын тулд хотын дэд бүтцийг сайжруулах, гүүрэн зам, гүүрэн гарц, давхар зам байгуулах гээд олон ажил түүнийг хүлээж буй. Тиймээс энэ олон ажлын эхлэл бүхэн олны анхаарлыг татаж байсанчлан биелэл нь бас ирэх жилүүдийн "Оны онцлох хүн"-ий алдрыг дахин дахин дагуулах болтугай.

Үндэсний өдөр тутмын “Ардын эрх” сонин Монголын мэдээллийн хамгийн  том News.mn сайт жил бүр "Оны онцлох хүн"-ийг тодруулдаг уламжлалтай.

Энэ жилийн "Оны онцлох хүн" Э.Бат-Үүл өмнө нь буюу 2008 онд “Ардын эрх” сонины Оны онцлох хүнээр нэрлэгдэж байсан.

Хамгийн сонирхолтой нь  “Ардын эрх” сонин анх удаагаа редакцийнхаа сэтгүүлчдээсээ гадна тус сонинд байнга нийтлэл бичин байр сууриа илэрхийлдэг гадны бичигчдээс Оны шилдэг нийтлэлийг шалгаруулахад тухайн үеийн УИХ-ын гишүүн Э.Бат-Үүл “Монголын ардчилалд одоо л бодит аюул тулгарч байна” хэмээх цуврал дөрвөн нийтлэлээрээ “Ардын эрх” сонины шилдэг нийтлэлийн шагналыг гардаж байсан билээ. Ийнхүү Эрдэнийн Бат-Үүл “News” агентлагийн "Оны онцлох хүн"-ээр дахин нэрлэгдэж байна.

Манай Оны онцлох хүний шалгаруулалтын бас нэг онцлог нь тухайн жилдээ хэвлэл мэдээллийнхний анхаарлыг хамгийн ихээр татаж байсан эрхмүүдийг онцолдог. Мэдээж үүнд дан алтан магтаалд л умбах бус сайнаар ч саараар ч хэлүүлж, шүүмжлэл, сануулга, дагуулж хүлээлт үүсгэж байсан хүмүүсийг нэрлэдгээрээ онцлог. 

“Ардын эрх” сонин, News.mn-ийн өмнөх жилүүдийн Оны онцлох хүнээр тухайн жилдээ 69 дэх их аварга болж, дэлхийн анхаарлыг татсан сумогийн их аварга Асашёорюү Д.Дагвадорж, улстөрд цуутай мэдэгдэл хийж, анхаарал татаж, өндөг шиг эмзэг Эвслийн Засгийн газрыг тэргүүлж байсан өдгөөгийн Мон­гол Улсын Ерөнхийлөгч Ц.Эл­бэгдорж, энэ жил Оны онцлох хүнээр тодорч байгаа тухайн үеийн УИХ-ын гишүүн Э.Бат-Үүл, сумо­­гийн ертөнцөд монголчуудын алдрыг дахин цууриатуулсан их аварга Хакухо М.Да­­ваажаргал, Хамтарсан Засгийн газрыг толгойлж, улс төрийн олон шийдлүүдийг гаргаж байсан Шадар сайд М.Энхболд, Монголын хүчирхэг улс төрийн намыг толгойлж байсан, тухайн үеийн Ерөнхий сайд Сү.Бат­­болд, Монгол поп урсгалыг санаачлан, рок попынхны дундаас, магадгүй урлагийн ертөнцөд хамгийн залуудаа Төрийн соёрхол хүртсэн дуучин Д.Болд  нар шалгарч байсан билээ. Тэд бол Монгол Улсын онцгой эрхмүүд бөгөөд он жилийн туршид ч онцгой хэвээрээ байж, олон олон жилийн Оны онцлох эзэд байх болтугай.