Засгийн газар хаалттай хуралдаж дуулиант асуудлыг хэлэлцэнэ
Засгийн газар хаалттай хуралдан, төмөр замтай холбоотой дуулианыг авч хэлэлцэх гэнэ.
2013.01.17

Засгийн газар хаалттай хуралдаж дуулиант асуудлыг хэлэлцэнэ

УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо өчигдөр хаалттай хуралдав. Байнгын хорооны гишүүд "Монголын төмөр зам" төрийн өмчит компанийн удирдлагын халаа сэлгээ, төмөр замын талаар Засгийн газрын байр суурь ямар байгаа болон өмнөх УИХ, Засгийн газрын үед гаргасан шийдвэрүүдэд өөрчлөлт оруулах гэж буй бол УИХ-ын гишүүдэд яагаад дуулгаагүй вэ гэх зэрэг асуултад мэдээлэл авахаар Зам тээврийн сайд А.Гансүх, ҮХАА-н сайд Х.Баттулга нарыг дуудсан байв. Энэ үеэр Н.Алтанхуягийн танхимын хоёр сайд "МТЗ компанийн удирдлагыг солих гарцаагүй нөхцөл үүссэн" гэх утгатай мэдээлэл өгсөн байна.

Мөн УИХ-ын гишүүд энэ талаар нэгдсэн ойлголттой болох нь зөв гэж үзсэн тул хуралд М.Энхсайханыг дуудаж оролцуулжээ.

М.Энхсайхан "Салбарын яам төмөр зам барих ажлыг яаравчлахаас илүү төмөр замын төслийг дэмжих ёстой "Чингис бонд"-ын хөрөнгийг үр ашиггүй зарцуулж, ажлын зураг төсөлгүй хэрнээ энд тэнд төмөр замын далан барих гэж байна.

Хэдэн жилийн өмнө МТЗ компани Америкийн "Маккинзи" компанид зургаан сая ам.доллар төлж, төсөл бэлдүүлж байсан.

Энэ явдал давтагдах нь" гэсэн утгатай мэдээлэл өгсөн гэнэ. Хуралд УИХ дахь "Шударга ёс" эвслийн бүлэг дэх МҮАН-ын гишүүд оролцож, даргынхаа талд байр сууриа хатуу илэрхийлсэн бол МАН-ын гишүүд ч сууцгаажээ.

Хаалттай хуралдаан нэлээд ширүүн өрнөж, Засгийн газар төмөр замын талаар барьж буй бодлогоо нууцлахыг оролдож байна гэж үзсэн УИХ-ын гишүүд төр төмөр замын салбартаа ямар бодлого барих, яригдаж, тогтсон чиглэлээс алийг нь эхэлж хэрэгжүүлэх, өргөн царигтай байх уу, нарийн царигтай байх уу гэх зэрэгт нэгдсэн ойлголттой болох нь зөв гэдэгт санал нэгдэж, асуудлыг УИХ болон Засгийн газрын түвшинд дахин хэлэлцэхээр тогтсон мэдээ байна. Өнөөдөр Засгийн газар хаалттай хуралдан, төмөр замтай холбоотой дуулианыг авч хэлэлцэх гэнэ.