Шадар сайд Д.Тэрбишдагва төсвийн шууд захирагч нартай үр дүнгийн гэрээ байгууллаа
Энэхүү гэрээний гол зорилго нь агентлаг тус бүр үйл ажиллагаагаа оновчтой төлөвлөж хэрэгжүүлэх, төрийн албаны тухай хууль тогтоомжийг чанд сахиж сонирхлын зөрчилгүй шудрага хариуцлагатай ажиллаж төсвийн шууд захирагчийн тухайн жилд гүйцэтгэх үүрэг, хүлээх хариуцлагыг тодорхойлж өгч байгаад оршиж байгаа юм.
Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын хувьд үйл ажиллагааныхаа жилийн төлөвлөгөөнд нийтдээ 180 арга хэмжээг ханган хэрэгжүүлэхээр төлөвлөснөөс улсын төсвийн хөрөнгөөр тусгай зориулалтын техник, тоног төхөөрөмж, галын болон аврах ажлын багаж хэрэгслийг үе шаттай шинэчлэхээр тусгасан байна.
Худалдан авах ажиллагааны газрын хувьд нийт 27 арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна.
Засгийн газрын тогтоолоор шинээр байгуулагдсан Худалдан авах ажиллагааны газрын хувьд нийт 27 арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөснөөс улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжих төсөл арга хэмжээний 20-оос доошгүй хувийг цахим хэлбэрээр зохион байгуулахаас гадна төрөөс худалдан авах ажиллагааны талаар баримтлах бодлогын баримт бичгийг боловсруулахаар тусгажээ.
Мөн Стандартчилал, хэмжил зүйн газрын хувьд төрийн үйлчилгээг хүнд суртал чирэгдэлгүй хүргэх нөхцлийг бүрдүүлэх зорилгоор жилийн төлөвлөгөөндөө 89 арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөж олон улсын жишигт нийцсэн тогтолцоог бий болгож, үйл ажиллагаандаа чанарын удирдлагын тогтолцоог нэвтрүүлэхийг зорьжээ.
Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын хувьд нийтдээ 33 арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөж байгууллагынхаа тогтолцоо бүтцийг боловсронгуй болгоход голлон анхаарч төрийн хяналт шалгалтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаас гадна лабораторийн үйл ажиллагаанд эрсдэлд суурилсан зарчмыг нэвтрүүлж ажиллахад голлон анхаарсан байна.
Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар нь хэрэглэгчийн эрхийг хамгаалах талаар баримтлах бодлогын баримт бичиг хөтөлбөрийг боловсруулж давамгай байдалтай аж ахуй эрхлэгчийн бараа бүтээгдэхүүндээ хэт өндөр үнэ тогтоосныг хянах журмыг батлуулах мөн хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай, Зар сурталчилгааны тухай хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох, нэмэлт өөрчлөлт оруулахад анхаарч ажиллахаар жилийн ажлын төлөвлөгөөндөө тус тус тусгасан байна.
Шадар сайд агентлагын дарга нарт хандаж “Та бүхэн өөр өөрийн салбарын онцлогтоо тааруулан ажлаа төлөвлөсөн байна. Төлөвлөгөө явцын дунд өөрчлөгдөхийг үгүйсгэхгүй. Аливаа ажлыг урьдчилан төлөвлөж, төлөвлөгөөний дагуу ажиллавал үр дүнд заавал хүрнэ. Энэ нь үүрэг, хариуцлагатай салшгүй холбоотой. Сахилга хариуцлага манлайлал бид бүхнээс эхэлнэ. Шинэ оны босгон дээр багтаан хийсэн ажлаа дүгнүүлж, ирэх онд хийх ажлаа төлөвлөж гэрээ байгуулж байгаа та бүхэндээ ажлын амжилт хүсье” гэлээ.