Миний үед мэргэжлийн байгууллагуудын дүгнэлтээр газар олгогддог байсан
УИХ-ын дэд дарга М.Энхболд
2013.01.03

Миний үед мэргэжлийн байгууллагуудын дүгнэлтээр газар олгогддог байсан

УИХ-ын дэд дарга М.Энхболдтой ярилцлаа.

-УИХ-ын 2012 оны ээл­жит сонгуулиар МАН 40 гаруй хувийн санал авч, парламентад 25 суудалтай болсон ч хагас жил орчим бүлэг­гүй байлаа. Саяхан бүлгээ баталгаажуулж, та УИХ-ын дэд даргаар томилогд­лоо. УИХ дахь сөрөг хүчний хувьд улс­төрийн тавцанд хэрхэн ажил­лахаар зорьж байна?

 -Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар МАН УИХ-д бүлэг байгуулан намын бүл­гийнхээ ажлыг идэвхтэй явуулж, Засгийн газрыг бүрдүүлж байгаа улстөрийн хүчний үйл ажиллагаанд байр суурь, санал бодлоо илэр­хийлж, хяналт тавьж ажил­лах ёстой.

Харамсалтай нь, өнгөр­сөн таван сарын хуга­цаанд манай намын бүлгийн үйл ажил­лагааг хүлээн зөв­шөө­рөхгүй, байнгын хороо­дод ямар нэгэн төлөө­лөлгүй бай­лаа. Харин Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн хуулийн дагуу бид УИХ-д бүлэгтэй болсон. Намын Удирдах зөвлөлийн шийдвэрийг бүлгийн гишүүд дэмжсэнээр намайг УИХ-ын дэд даргаар 89.4 хувийн саналаар баталлаа.

Тиймээс МАН-ын хувьд ирэх дөрвөн жилийн хугацаанд хийж бүтээсэн ажлуудыг тодорхой түвшинд барьж, улс орны эдийн засгийн өсөлтийг бууруулахгүй байх үүднээс Засгийн газрыг бүрдүүлж буй улстөрийн хүчнүүдэд хяналт тавьж ажиллана. Мөн УИХ-аас өгөгдсөн үүрэг даалгаврын хэрэгжилт, биелэлтийг холбогдох байгууллагууд хэрхэн биелүүлж байгааг хянана. Нөгөө талаасаа МАН-ын бүлгийн гаргасан шийдвэр, байр суурь болон эрхийг хамгаалж ажиллах болно.

-Харамсалтай нь, Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнийг өөрчлөхөөс эхлээд улсын төсөв, Сонгуулийн тухай хууль зэрэг улс орны өмнө тулгамдаж байсан олон чухал асуудал сөрөг хүчингүйгээр батлагдсан. Үүнд та ямар байр суурьтай байгаа вэ?

-Тийм ээ, 2008 онд хамтарсан Засгийн га­зар байгуулагдаж байхад төрийн захиргааны бай­гуул­лагын бүтцийн өөрчлөлтийг хийх комиссын даргаар би ажилласан. Тухайн үед 65 агентлаг байсныг цөөлж 45 болгосон юм. Гэтэл шинэч­лэлийн Засгийн газар байгуулагдаж агент­лагийг цөөлж, яамдын тоог нэлээд нэмсэн.

Хэдийгээр агентлагийн тоо нэмэгдээгүй ч зарим нэгийг нь төрийн өмчийн байгууллагын аж ахуйн хэвшлийн маягийн болгосон. Улмаар төрийн албан хаагчдын тоо нэг их буураагүй ч зардал өсөх хэмжээнд хүрсэн гэхэд болно. Харамсалтай нь, төрийн аппарат ингэж өргөжсөнөөр ажил сайжирсан зүйл алга.

-Шинэчлэлийн Засгийн газар байгуулагдсан цагаасаа олон ажлыг хийж, хэрэгжүүлж байгаа. Гэтэл та төрийн аппарат өндөр болсон ч ажил сайжраагүй гэсэн дүгнэлт хийж байна. Яагаад тэр вэ. Үүнийгээ тодорхой тайлбарлахгүй юу?

-Яагаад гэвэл 2012 оны Улсын төсөв батлагдсаныг та бүхэн мэдэж байгаа.

Өмнөх жилтэй харьцуулахад 1.1 их наяд орчим төгрөгийн зардал өсч гарсан.

Уг өссөн зардал юунд зориулагдаж байна гэвэл 300 орчим тэрбум нь бүтээн байгуулалтын ажил, үлдсэн 700-800 тэрбум нь бусад зардалд очсон байгаа юм.

Энэ хэрээр төрийн байгууллагуудын зардал нэмэгдэж, төрийн аппарат данхайж, төсөв батлагдсан. Харин бид энэ хэмжээгээр ажил хийгдэх ёстой гэсэн шаардлагыг хатуу тавина.

-МАН-ыг аливаа асуудалд сөрөг хүчний зүгээс бус эрх баригч намын байр сууриар хандаж, бүх асуудлыг гацаах маягаар үйл ажиллагаагаа явуулах вий гэсэн болгоомжлол эрх баригч намын дунд байсаар л байна?   

-Бид зөв зүйл дээр нь дэмжих байр суурьтай байгаа. Өнөөдрийг хүртэл олон хуулийн төслийг дэмжиж, баталсан. Тодруулбал, бид Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг дэмжсэн. Түүгээр ч зогсохгүй 2012 оны улсын төсвийн алдаа оноог хэлж, улмаар дэмжсэн шүү дээ. Гэтэл улсын төсөв ямар их хэмжээний алдаа, давхардалтай орж ирсэн билээ. Үүнийг бүгд мэдэж байгаа байх. Харин түүнийг нь засах, шинэчлэх ажлыг бид хэмжээндээ хийсэн гэж бодож байна. Бид эрх баригчдын байр сууриас бус сөрөг хүчний байр сууриас ажиллаж байгаа.

Цаашдаа ч энэ байр сууриараа ажиллах болно. Бүлэг байгуулагдсанаас харин ч бид сөрөг хүчний байр сууринаас яаж ажиллах вэ гэдэг олон улсын хэв жишигээс тодорхой хэлбэрийг сонгон авч зохион байгуулалтад орж ажиллах болно.

-Тэгвэл хэдхэн хоногийн өмнө танай намын Удирдах зөвлөл хуралдаж, Иргэний хяналтын зөвлөл байгуулахаар тогтсоноор зогсохгүй сүүдрийн Засгийн газар байгуулах тухай ч дурдаж байсан?

-Манай намын дотоод дүрэм гэж байдаг. Удирдах зөвлөл УИХ дахь намын бүлэгт чиглэл өгч болно. Тийм ч дүрэм бий. Гэвч өнөөдөр Удирдах зөвлөлөөс бидэнд ямар нэгэн чиглэл, үүрэг өгөөгүй. Харин МАН-ын Удирдах зөвлөл болон УИХ дахь бүлэг цаашид хэрхэн хамтарч ажиллах талаар ярилцсан зүйл байгаа.

Иргэний зөвлөлийг олон улсын хэллэгээр Сүүдрийн Засгийн газар гэж ярьдаг. Бид хараахан ямар нэртэй байхыг нь эцэслээгүй байна. Гэвч тодорхой зохион байгуулалтад орж ажиллах  ёстой. Түүнээс биш Сүүдрийн Засгийн газар байгуулаад ч юм уу аливаа асуудлыг гацааж, эрх баригч намын байр сууринаас хандахгүй.  

-Мөн хуралдаанаар УИХ-д сонгогдсоныхоо дараа нэг намаас нөгөөд ордог явдлыг зохицуулах хуулийн төсөл өргөн барих шийдвэр гаргасан. Энэ нь ямар шалтгаантай вэ. Магадгүй сүүлийн үед танай намын гишүүд өөр намд орж байгаатай холбоотой юу?

-Манай намын гишүүд өөр намд элсэж байгааг үгүйсгэхгүй. Гэвч энэ хэрээр намын гишүүдийн эгнээ ч өргөжиж байна. Харамсалтай нь, манай намын нэр дээр хууль тогтоох дээд байгууллагад сонгогдсон зарим нэгэн хүн улстөрийн намынхаа байр суурийг өөрчлөх явдал гарлаа. Өмнө нь манай нам гэлтгүй бусад улстөрийн хүчнүүдэд ч ийм явдал гарч байсан удаатай.

Гэвч энэхүү сонголт нь сонгогчдын санал бодлыг хүндэтгээгүй төдийгүй хөсөр хаясан үйлдэл юм. Тиймээс бид хууль санаачилж, энэ асуудлыг улстөрийн намын хүрээнд цэгцэлж, журамлах нь зүйтэй гэж үзсэн.

-Танай намаас гарсан гишүүд удирд­лагуудтайгаа таарахгүй хавчиж, дарамталдаг болохоор ийм шийдэлд хүрсэн гэх юм. Энэ тал дээр ямар хариулт өгөх вэ?

-Манай нам гишүүдээ тэр тусам УИХ-ын гишүүдээ хавчаад, ялгаад салгаад байсан зүйл байхгүй. Намаас гарсан хүн ямар шалтаг, шалтгаан ярих нь тухайн хүний хувийн асуудал  гэж бодож байна.

-Улаанбаатарт газрын асуудал их яригддаг. Тэр бүрт таны нэр холбогдож л бай­даг. Тухайлбал, таныг УИХ-ын дэд даргаар сонгог­дох үед гишүүд газрын асуудалтай хол­бож асуулт асууж байсан?

-Сүүлийн үед намайг Улаанбаатар хотын газартай нэр холбож, ярьдаг зүйл бол зөндөө  бий. Би хотын захирагчаар долоон жил ажилласан. Иргэд, аж ахуй нэгж байгууллагуудад газар олгох асуудлыг хуулийн дагуу шийдвэрлэж байсан. Ингэж шийдвэрлэхдээ би бүтээн байгуу­лалтыг дэмжиж, иргэдийг орон сууц­жуулах, ажлын байр нэмэгдүүлэх зэрэг бод­логын үйл ажиллагааг дэмжиж газар олголтын үйл ажиллагааг дэмжиж ажилласан. Өнөөдөр Улаанбаатар хотод миний зарсан нэг метр ч газар байхгүй гэдгийг баттайгаар хэлэх байна.

Намайг 1999 онд Улаанбаатар хотын захирагчаар ажиллаж эхлэхэд  жилд 100 хүрэхгүй айлын орон сууц ашиглалтад ордог байсан. Дараа нь 2005 он гэхэд 500 айлын орон сууц ашиглалтад ордог болсон. Өнөөдөр бараг 10 мянган сууц ашиглалтад орж байна. Асуудлыг сайн, муу хоёр талаас нь харах хэрэгтэй.

-Хэдийгээр олон барилга ашиглалтад орж, өндөр барилгууд баригдах болсон ч хотын төлөвлөлт, зохион байгуулалт алдагдсан. Шалтгааныг нь таныг хотын дарга байхдаа дахин төлөвлөлт хийгээгүйгээс болсон гэж ярьдаг. Энэ асуудалд тайлбар өгөхгүй юу?

-2002 онд Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг Засгийн газраар батлуулж байсан. Уг төлөвлөгөөг хийхэд багагүй хэмжээний хөрөнгө, хүч зарцуулсан. Монголын дотоодын хот байгуулалтын мэргэжилтнүүд өөрсдөө боловсруулснаараа онцлогтой байсан. Өмнөх гурван ерөнхий төлөвлөгөө нь тухайн үеийн ЗХУ-д хийгдсэн  байдаг.

Харин миний үед шууд газар олголт хийгдсэн зүйл байхгүй. Дандаа мэргэжлийн байгууллагуудын дүгнэлтээр газар олголт явагдаж байсан. Тухайн үеийн хот байгуулалтын мэргэжилтнүүд улс орны эдийн засгийн байдал, дэд бүтцийн тэлэлт явагдах боломжгүй байгаа нөхцөлд хотын доторх дэд бүтцийн боломжоо нягтруулж ашиглах ёстой гэсэн дүгнэлтийг гаргаж байсан юм. Түүнээс биш ямар нэгэн хууль зөрчсөн үйлдэл байхгүй.