Шинэчлэлийн Засгийн газраас гадаад харилцааны чиглэлээр баримтлах бодлого, үйл ажиллагааны талаар Ерөнхий сайд чиглэл өглөө
Зөвлөгөөнд Ерөнхий сайд Н.Алтанхуяг оролцон ирэх жилүүдэд манай улс гадаад бодлогодоо аль чиглэлийг онцлон анхаарч, ямар зорилт тавин ажиллах талаар танилцуулж, Монгол Улсаас гадаад орнуудад суугаа Элчин сайдууд, Дипломат төлөөлөгчийн газрын тэргүүнүүдэд чиглэл өглөө.
Эдгээр нь, төрийн үйл ажиллагааг нээлттэй бөгөөд чирэгдэлгүй болгох, иргэдийн амьжиргааг богино хугацаанд дээшлүүлэх, үйлдвэржилт бүтээн байгуулалт өрнүүлэх гэсэн том зорилтууд юм. Бодлого чиглэлээ тодорхойлж, хөрөнгө оруулалтаа шийдэж, одоо гүйцэтгэлдээ шуурхайлан орж байгаа дээрх ажлуудад анхаарлаа хандуулж, улмаар аль төсөлд өөрсдийн суугаа улс оронтойгоо хамтран ажиллавал илүү үр дүнтэй байх талаар тодорхой санал санаачилгууд гарган ажиллахыг Ерөнхий сайд дипломат төлөөлөгчдөөс хүслээ.
Ирэх дөрвөн жилд Шинэчлэлийн Засгийн газар гурван үндсэн зорилтыг өмнөө тавьсан.
“Хүсч зорьсноо биелүүлэхэд гадаад орнуудын сайн жишээ туршлага, үр дүнтэй хамтын ажиллагаа, бүтээлч дэмжлэгийг авч, Засгийн газрынхаа бодлого чиглэлийг төлөөлөн ажиллахад та бүхний оролцоо, санаачилга, сэтгэл зүтгэл, зөв зохион байгуулалт чухал шүү” хэмээн Н.Алтанхуяг сайд онцлоод, хэд хэдэн асуудлаар зөвлөмж өгсөн юм. Мөн цаашид бусад оронтой бүх салбарт хамтран ажиллах гэж хүч тарамдахгүйгээр тухайн улсын хөгжлийн онцлогтой уялдуулан цөөхөн, тодорхой асуудлаарх хамтын ажиллагааг бодитой үр дүнд хүргэх чиглэлийг Засгийн газраас баримталж байгааг танилцуулж, үүний зэрэгцээ олон жил дамжиж улиг болсон асуудлуудыг нэг талд шийдэн цэглэх шаардлага байгааг анхаарууллаа.
Үгийнхээ төгсгөлд Ерөнхий сайд Н.Алтанхуяг “Монгол Улсын худалдаа, үйлдвэрлэлийн том төлөөлөгчид гэдэг утгаараа элчин сайдууд, дипломат төлөөлөгчид та бүхэн минь ирэх жилүүдэд хурдтай, эргэх холбоотой, ажил хэрэгч ажиллаарай” хэмээн захилаа.