Дэлхий ертөнцийг өөрчлөх тусгаар тогтнолын хөдөлгөөнүүд
Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант улс 2014 онд Шотландад бүх ардын санал хураалт явуулна гэдгээ өнгөрсөн долоо хоногт албан ёсоор зарлалаа. Энэхүү санал хураалтаар Шотландыг Их Британийн бүрэлдэхүүнээс хасч, тусгаар улс болгох эсэхийг шийдвэрлэнэ.
Тэгвэл Шотланд бол үндсэрхэг үзэл нь нэмэгдэж буй дэлхийн олон бүс нутгийн ердөө л нэг хэсэг. Дэлхийн эдийн засгийн хямралын нөлөөгөөр тусгаар тогтнолоо зарлах хүсэлтэй газрууд улам нэмэгджээ.
Зарим нь үүнийг хүчирхийллийн аргаар шийдвэрлэхийг эрмэлзэж байхад зарим нь чимээгүй байдлаар хөдөлгөөнөө үргэлжлүүлж байна. Түүнчлэн зарим нь хэдэн зуун жил үргэлжилж байхад зарим нь дөнгөж шинээр үйл ажиллагаагаа эхэлж буй аж:
Шотланд
Британийн зүгээс Шотландын тусгаар тогтнолд саад хийхийг оролдож байгаа ч 2014 онд бүх нийтийн санал асуулга болж, тус улсын бүрэлдэхүүнээс гарах эсэхээ шийдэх юм.
Уэльс
Валлийн хөдөлгөөн олон жилийн түүхтэй ч Шотландын тусгаар тогтнолын талаар хэлэлцэж эхэлснээс хойш асуудал дахин хөндөгджээ. Тус муж хязгааргүй автономит засаглалтай. Өөрсдийн гэсэн Засгийн газартай.
Фламанд
Фламандын иргэд бүрэн тусгаар тогтнохыг хүсдэггүй. Гэхдээ ихэнх нь Бельгийн өнөөгийн засаг захиргаанаас өөртөө засах орон болон тусгаарлаж, Фламандын соёл, голланд хэлээ хадгалж үлдэхийг хүсдэг аж.
Сүүлийн үед өөртөө засах болон тусгаарлахыг уриалж буй намууд улстөрд амжилт гаргах болсон. Саяхан л гэхэд салан тусгаарлах “NV-A” намын тэргүүн нь Антверпен хотын мэрээр сонгогджээ.
Каталон
Каталоны тусгаар тогтнолын хөдөлгөөн нэлээд олон жил үргэлжилж байгаа юм. Тус муж өөрийн гэсэн хэл, соёл, хоол хүнс, архитектуртай. Уг нь энэ хөдөлгөөн багассан ч Испанийн эдийн засгийн уналт каталончуудын тусгаар тогтнох эрмэлзлийг дахин сэргээжээ. Каталон бол Испанийн хамгийн баян, өөртөө засах муж. Энэ муж авдгаасаа их татварыг төрд төлдөг нь каталончуудын дургүйцлийг төрүүлж, салан тусгаарлах хүсэлтэйгээ зарлажээ.
Баскуудын орон
Испани, Францын хил дээр орших Баскуудын орон нь өвөрмөц соёл, ахуй амьдрал, хэлтэй учраас тусгаар тогтнохыг эрмэлзэж ирсэн. Гэвч салан тусгаарлах хөдөлгөөнүүдийг хүчирхийллээр зогсоосоор өдий хүрчээ. Баскуудын салан тусгаарлах гол хөдөлгөөн “ETA” нь дипломат бус аргаар үйл ажиллагаа явуулдгаараа алдартай. Гэхдээ “ETA” хөдөлгөөн зэвсэгт ажиллагаагаа зогсоосноо 2011 онд мэдэгдсэн юм.
Венец
Италийн хамгийн дур булаам хотын нэг болох Венец нь саяхан эдийн засгийн хатуу арга хэмжээ авахаас өмнө салан тусгаарлана гэж зарласан. Үүнтэй холбогдуулан энэ сарын эхээр тус хотын хэдэн мянган иргэн цугларч, тусгаар улс болгохыг шаардсан билээ. Венец болон түүнийг тойрсон Венето бүс нь дундад зуун, сэргэн мандалтын үед тусгаар улс байсан юм. Гэтэл Италийн гуравдугаар дайны дараа тус улсын бүрэлдэхүүнд оржээ.
Венецийн оршин суугчдын 70-80 хувь нь Италийн бүрэлдэхүүнээс гарахыг дэмждэг гэнэ.
Квебек
Канадын франц хэлтэй энэ муж франкофоны удам гэдгээрээ үргэлж бахархдаг бөгөөд өнгөрсөн сард болсон сонгуулиар энэ үзлээ харуулж чаджээ. Квебекийг тусгаар улс болох ёстой гэж үздэг “Parti Quebecois” нам Квебект болсон сонгуульд 54 суудал авчээ. Энэ бол Засгийн газрын цөөнхийг бүрдүүлэхэд хангалттай тоо юм.
Курдистан
Курдууд нь Туркийн зүүн хэсэг, зүүн Сири, Иракийн хойд хэсэг, хойд Иран, Армены зарим хэсгээр нутагладаг нэгэн ард түмэн. Иракийн курдууд хагас өөртөө засах статустай ч Курдын олон байгууллага нэг хэл, соёлтойдоо тулгуурлан өөрийн гэсэн Курдистан улс байгуулахыг уриалдаг. Курдын салан тусгаарлах гол үйл ажиллагааг зохион байгуулдаг Курдын ажилчны намыг АНУ, Европын холбоо террорист байгууллага гэж зарлажээ.