Сүүнд бонд гаргаж үнэ буулгах боломжтой
УИХ-ын Төсөв, Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан хуралдаан болж дахин нэг бонд гаргахыг зөвшөөрөх тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцсэн байна.
Арьс ширний үйлдвэрт зарцуулах 200 тэрбум төгрөгийн бонд гаргах талаар хэлэлцэх үеэр гишүүн С.Бямбацогт түүн дээр нэмж сүүний үйлдвэрүүдийг дэмжих 100 тэрбум төгрөгийн бонд гаргах санал дэвшүүлсэн юм. Хуралдаанд оролцсон гишүүд сүүний үйлдвэрүүдийг дэмжих 100 тэрбум төгрөгийн бонд гаргах эсэхийг шийдвэрлэхээр Төсөв, Эдийн засгийн байнгын хорооноос хамтарсан ажлын хэсэг гаргаж яаралтай шийдвэрлэхээр болжээ. Яагаад сүүний үйлдвэрлэлийг дэмжсэн бонд гаргах болсон талаар эрхэм гишүүн С.Бямбацогтоос тодрууллаа.
-Засгийн газрыг хэтэрхий олон төрлийн бонд гаргаж Монгол Улсыг өрөнд орууллаа гэж шүүмжилж байгаа. Гэтэл та Сүүний үйлдвэрүүдийг дэмжих чиглэлээр 100 тэрбум төгрөгийн бонд нэмж гаргах санал дэвшүүллээ. Ямар учраас ийм санал гаргах болсон бэ?
-Монгол Улсын хувьд жилд 380 сая литр сүүний хэрэгцээтэй байдаг. Монгол орон 40 гаруй сая толгой малтай. Гэтэл сүүний хэрэгцээнийхээ 70 гаруй хувийг импортоор буюу гаднаас авсан хуурай сүүгээр хангаж байна. Тэгвэл дотоодын үйлдвэрлэгчдэд бүрэн хүчин чадлаараа ажиллаж аюулгүй, илүү сайн чанарын сүүг дотооддоо үйлдвэрлэх боломж байгаа юм. Тиймээс энэхүү сүүний бондыг гаргаснаар монголчууд дээдлэн хүндэлдэг цагаан сүүгээ илүү хямд үнээр, илүү чанартайгаар хэрэглэж боломж болж чадна гэж үзэж байгаа.
-Төв, суурин газрын иргэдийг сүүний хэрэгцээгээр хангах нь төвөгтэй асуудлын нэг байдаг. Үүнийг ямар зарчмаар хэрэгжүүлэх боломжтой вэ. Таны бодлоор яаж сүүгээр хангах боломж бий вэ?
-Малчид тархай бутархай оршин суудаг, бэлчээрийн мал аж ахуйтай Монгол Улсын хувьд зунд нь сүүний нийлүүлэлт эрс нэмэгддэг ч өвөлдөө 10 дахин багасдаг нь сүүний үйлдвэрүүдийг улирлын чанартай түүхий эдийн хүнд хомсдолд оруулдаг.
Литр сүүний үнэ өвлийн улиралд 2000 төгрөг шахаж, зун бол хөдөө аймагт 200 төгрөг, нийслэлд 750-800 төгрөг орчим болдог.
Иймээс өвлийн улиралд хэрэглэгчдийнхээ сүүн бүтээгдэхүүний эрэлт хэрэгцээг хангахын тулд импортын хуурай сүүг дангаар нь, эсвэл багахан хэмжээтэй олдсон шингэн сүүтэйгээ холих байдлаар үйлдвэрлэгчид боломжоороо ажиллаж байна. Тетрапак савлагаатай сүүг зургаагаас 24 сар хүртэл хадгалах боломжтой байдаг бол “ориг” шингэн сүүн бүтээгдэхүүний хадгалах хугацаа хэдхэн өдрөөр хэмжигдэж, 20 гаруй хувь нь дэлгүүрийн лангуун дээрээс үйлдвэрлэгчдэдээ буцдаг гэсэн судалгаа бий.
Энэ мэт бэрхшээлээс болоод үйлдвэрлэгчид хуурай сүү импортлон шингэн сүү үйлдвэрлэж, иргэдийнхээ эрэлт хэрэгцээний дөнгөж 30-аадхан хувийг хангаж байгаа.
-Үүнийг ажил хэрэг болгохын тулд юунаас эхлэх вэ. Сүүний хангамжийг сайжруулчихвал үнэ буурах боломж бий юү?
-Эхний ээлжинд хот суурингийн хэрэгцээг хангах хэмжээнд энэ салбарыг дэмжих шаардлага тулгарч байгаа. Үүний тулд фермерийн аж ахуйг нэг номерт эрчимтэй дэмжин хөгжүүлэх замаар сүүн бүтээгдэхүүний түүхий эд болох шингэн сүүгээ хангалттай үйлдвэрлэдэг болъё. Түүхий эдтэй болсон үйлдвэрүүд тоног төхөөрөмжөө нэмээд, хүчин чадлаа өргөтгөөд хуурай сүүгээ өөрсдөө, дотооддоо үйлдвэрлэдэг болчихвол гадаадаас нэг кг-ыг нь 3,7 ам.доллараар авдаг сүүний өртөг нэлээд буурч тэр хэмжээгээр сүүн бүтээгдэхүүний үнэ хямдрах боломжтой.
Өнөөдөр монголчууд бид аль болгон импортын хуурай сүү хэрэглэх вэ. Дотоодын сүүгээ уудаг баймаар байна шүү дээ. Түүхий эд нь байна. Зах зээл нь байна. Үнэхээр Монгол Улс маань мал аж ахуйн орон юм бол чанарын баталгаатай мах, сүүгээ хямд өртгөөр өөрсдөө үйлдвэрлэж хэрэглэдэг болъё гэж энэ саналыг гаргаж ажлын хэсэг байгуулахаар болоод байна. Нэгэнт хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн болох арьс, ширний үйлдвэрийг дэмжих бонд гаргаж байгаа тул сүүний үйлдвэрлэлийг нэмэх шаардлагатай гэж үзээд энэ саналыг гаргалаа.