Малчдын ноосны урамшууллыг асуудалгүй өгч байгаа
Энэ ажлын хүрээнд өнгөрсөн онд ноосны урамшуулалд хамрагдаж чадаагүй болон энэ онд ноосоо шинээр тушаасан малчдад урамшуулал олгож эхлээд байна.
Ноосны урамшуулал олгох ажлын явц ямар байгаа талаар Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны Хөнгөн үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах мэргэжилтэн Б.Батцэцэгээс тодруулахад «Өнгөрсөн жил малчдад богино хугацаанд мэдээлэл хүргэж, ноос хүлээн авах итгэмжлэгдсэн төлөөлөгчдөө томилон, ноосны урамшуулал олгох ажлыг зохион байгуулсан.
Харамсалтай нь, малчид мэдээлэл муутайгаас материалаа хоцроох, аймаг, сумын хариуцсан мэргэжилтнүүд нь мэдээллийг нэгтгэхдээ туршлага дутах, даг алдах зэрэг хүндрэл гарснаар журамд заасан хугацаанд багтаж урамшуулал олгоход бэрхшээл үүссэн.
Ноос худалдан авах ажилд үндэсний 154 үйлдвэр, орон нутгийн цех, тасаг, үйлдвэрлэгч хоршоод хамрагдсан гэдгийг холбогдох мэргэжилтэн хэлж байна.
Яамны зүгээс үүнд дүн шинжилгээ хийж үзээд, Мал хамгаалах сан, Монголын ноосон бүтээгдэхүүн үйлдвэрлэгчтэй хамтран 14 аймагт үйл ажиллагаа явуулж буй үндэсний үйлдвэрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, малчин, мал бүхий этгээд, аймгийн ХХАА, ЖДҮГ-ын холбогдох мэргэжилтнүүдэд зориулсан сургалт зохион байгуулж, мэдээллээр хангалаа. Түүнчлэн энэ онд хонь, тэмээний ноосонд урамшуулал олгох ажлыг шуурхай зохион байгуулах, мэдээллийн ил тод байдлыг хангах зорилгоор цахим мэдээллийн системээр бүртгэл, хяналтыг давхар хийж ажиллалаа. Бидний ажил ч үр дүнгээ өгсөн. Энэ жилийн ноосны урамшуулал олгох ажил ямар ч асуудалгүй байгаа» гэв.
Энэ жил 21 аймгийн 332 сум, нийслэлийн зургаан дүүргийн нийт 103 мянган малчин, мал бүхий этгээдийн бэлтгэж, үндэсний үйлдвэрт тушаасан 14700 тонн ноосны урамшуулалд 29.4 тэрбум төгрөгийн урамшуулал олгох шийдвэр гарч, урамшууллыг малчдын «Хүний хөгжил» сангаар дамжуулан олгож байгаа аж.