2012.12.12

Эко, супер бүтээгдэхүүнээр дэлхийд өрсөлдье

Монголын Ноос Ноолуурын Холбооны дэд тэргүүн Г.Ёндонсамбуутай ярилцлаа.

-Засгийн газраас 2010 онд ноолуур боловсруулах үндэсний үйлдвэрүүдийг дэмжих зорилгоор 100 тэрбум төгрөгийн бондын хөнгөлттэй зээл олгосон. Энэ нь үр өгөөжөө өгөв үү?

-2009, 2010 онд ноолуурын үнэ огцом өссөн. Энэ өсөлт нь манай боловсруулах үйлдвэрүүдийг үнэхээр хүнд байдалд оруулаад байлаа Яг ийм үед нь төр засгаас хөнгөлөлттэй зээл олгосон нь цагаа олсон оновчтой дэмжлэг болж чадсан юм.

Зээл олгосноороо төр засаг зөвхөн үйлдвэрүүдээ харж үзсэн биш, үйлдвэрүүдээрээ дамжуулан малчидаа дэмжсэн хэрэг. Нэг сумаар хоёр туулай буудсан гэж зүйрлэж ярьдаг даа, түүн шиг нүдээ олсон арга хэмжээ байсан шүү.

Өмнөх жилүүдтэй харьцуулахад 2011 онд үйлдвэрүүдийн худалдаж авсан түүхий эдийн хэмжээ 1.5 дахин нэмэгдэж, салбарын гол нэрийн бүтээгдэхүүн болох сүлжмэл бүтээгдэхүүний үйлдвэрлэл 2 0 гаруй хувиар, сүлжмэл бүтээгдэхүүний экспорт 30 гаруй хувиар өссөн нь чамлахаар гүй том үзүүлэлт юм.

Энэ бүхэн нь төр засгаас шаардлагатай үед үйлдвэрүүдэд эдийн засгийн дэмжлэг үзүүлсэний үр дүн шүү дээ. Гэхдээ 2011 онд төр, засгаас анх удаа олгосон хөнгөлөлттэй зээлд хамрагдсан үйлдвэр, компаниуд, хэдийгээр зээлийн хэмжээ нь харьцангуй бага байсан ч гэсэн, туйлын баяртай байгаа.

Энд, миний "бага" гэж хэлээд байгаагийн учир нь 100 тэрбум төгрөгөөр ердөө л 1600-1800 тонн бохир ноолуур худалдаж авах боломжтой байгаатай холбоотой юм. Тэгвэл Монголд 1 жилд бэлтгэдэг 5000-7000 тонн бохир ноолуурыг бүгдийг нь худалдан авахад дор, хаяж 300-400 тэрбум төгрөг шаардлагатай шүү дээ. Эндээс харахад 100 тэрбум төгрөг нь ноолуур боловсруулах салбарын үйлдвэрүүдийн түүхий эдээ худалдан авах санхүүгийн хомсдлоосоо гарахад нь тийм ч том дэмжлэг болж чадаагүй нь тодорхой байна.

-Н.Алтанхуягийн тэргүүлж байгаа шинэчлэлийн Засгийн газар УИХ-аар Мөрийн хөтөлбөрөө батлуулж, "Үйлдвэржилтийн шинэ эрин"-ийг эхлүүлснээ зарлалаа. Үүндээ ноолуурын салбарыг оруулсан уу?

-Шинэчлэлийн Засгийн газрын мөрийн хөтөлбөрт "Монголд жилд бэлтгэх бүх ноолуурыг 100 хувь үйлдвэрлэлд боловсруулах асуудлыг шийдвэрлэнэ" гэж томоохон зорилтыг дэвшуүлсэнд манай салбарын хамт олон туйлын баяртай байгаа.

Монголд бэлтгэх бүх ноолуурын түүхий эдэд анхан шатны боловсруулалт хийхэд /угааж, самнаж цэвэр ноолуур гаргахад/, үйлдвэрлэлийн одоогийн хүчин чадал хангалттай хүрэлцэнэ. Харин энэ бүх түүхий эдээр эцсийн бэлэн бүтээгдэхүүн /10 сая ширхэг сүлжмэл эдлэл/ үйлдвэрлэхэд шаардагдах ээрэх хүчин чадлыг одоогийнхоосоо 2 дахин нэмэгдүүлэх шаардлагатай болж байна. Тиймээс өндөр хүчин чадалтай ээрэх шугамуудыг нэмж суурилуулахаар салбарын яамны төсөлд оруулсан.

Мөн ноолуур боловсруулах салбарыг дэмжихээр 300 тэрбум.төгрөгийн фондтой сан байгуулахаар тусгасан байгаа. Хэрэв бид энэ сангийн хөрөнгийг оновчтой ашиглаж чадвал манай ноолуурын үйлдвэрүүд эргэлтийн хөрөнгийн хомсдлоос гарч, түүхий эдийн гачаалд орохгүй болж, үйлдвэрийнхээ хүчин чадлыг бүрэн ашиглах нэг боломж бүрдэнэ. Үүнээс гадна угаасан бохир ноолуурын экспортыг хориглох тухай асуудал яамны түвшинд идэвхтэй яригдаж байна.

Ийм шийдвэрийг гаргаж чадвал ноолуурын түүхий эдийг Монголдоо боловсруулах шат нэгээр урагш ахиж, бид жилд бэлтгэгдэх бүх ноолууртаа 100 хувь анхан шатны боловсруулалт хийж бага ч гэсэн нэмүү өртөг шингэсэн самнасан ноолуурыг л экспортод гаргадаг болно.

Дээр нь нэмж хэлэхэд Засгийн газар "Түүхий эдийн бирж"-ийн ажиллагааг 2014 оны нэгдүгээр улиралд баг-таан ноолууран түүхий эдийн арилжаагаар эхлүүлэх гэж байна.

Ингэснээрээ хятадуудтай ил тодоор өрсөлдөж шаардлагатай түүхий эдээ худалдан авч үйлдвэрлэлээ нэмэгдүүлэх сайхан боломжийг үндэсний үйлдвэрүүдэд өгнө. Энэ бүхэн Шинэчлэлийн Засгийн газрын мөрийн хөтөлбөрт ноолуурын сал-барын талаар тусгасан томоохон асуудлуудын гол хэсэг нь юм.

-Ноолууран бүтээгдэхүүний үйлдвэрлэл эрчтэй хөгжих нь. Харин Монголоосоо хальж дэлхийн тавцанд гарч өрсөлдөж чадах нь уу?

-Монгол улс хүн ам цөөтэй, зах зээлийн багтаамжийн хувьд тааруу гэдгийг хүн болгон л мэдэж байгаа. Тиймээс үйлдвэрлэл хөгжиж, томрохын хэрээр гадаад зах зээл дээр гарах шаардлага хурцаар тавигдах болж байна.

Манай үйлдвэрлэгчид гадаад зах зээл дээр гарах, өргөтгөх талаар өөрөөсөө шалтгаалах бүхий л боломжоо дайчлан ажиллаж байгаа ч ноолууран бүтээгдэхүүний гол зах зээл болох Европын холбооны болон АНУ, Япон зэрэг орнуудад тогтсон "ХУДАЛДААНЫ СҮЛЖЭЭ" рүү нэвтэрч орж чадахгүй байгаа. Мөн Монгол улсын мөнхийн хоёр хөрш болох Орос, БНХАУ импортын болон гаалийн татвараа хэт өндөр тогтоосон нь шулуухан хэлэхэд Монголын бараа бүтээгдэхүүнийг борлуулах зах зээлийг үндсэндээ хааж байгаа юм.

Олон орны судлаачид зөвхөн танай ямааны ноолууран бүтээгдэхүүн л дэлхийн брэндийн гол үзүүлэлт болох чанар, тоо ширхэгийн хэмжээ гэсэн үндсэн хоёр нөхцөлийг хангах боломжтой гэж үздэг. Тиймээс бид маркетингийн бодлогоо өөрчилж, шинэлэг арга хэлбэрийг нэвтрүүлэх цаг болсон гэж үзэж байгаа юм.

Үнэндээ бид үйлдвэртээ дэлхийн шилдэг техник, технологи, будаг, химийн материал, загвар зохион бүтээлийг хичнээн ч нэвтрүүллээ гээд олон зуун жил үйлдвэрлэл эрхэлж дэлхийд ноёлох байр суурьтай болсон Итали, Хятад улсуудтай өрсөлдөөд гүйцэхгүй. Тэдний араас дагаж биш өвөрмөц тэсрэлт хийж байж онцгойрно.

Монголчуудад тийм давуу боломж нь байна. Түүнийгээ ашиглаж "ЭКО БҮТЭЭГДЭХҮҮН" үйлдвэрлэж, олон улсад сурталчлан таниулж өрсөлдөх нь дэлхийн зах зээл дээр гарах оновчтой гарц гэж үзэж байгаа.

-Эко бүтээгдэхүүн нь ямар зүйлээрээ онцгойрох юм бэ, яаж тийм бүтээгдэхүүн үйлдвэрлэх юм?

-Монголын Ноос Ноолуурын Холбооноос "Эко бүтээгдэхүүн", "Супер бүтээгдэхүүн" үйлдвэрлэх зорилтыг дэвшүүлж байгаа.

Жилийн дөрвөн улиралд хээр талд бэлчиж, эрх дураараа амьдардаг монгол ямааны /(Маркетингийн мэргэжилтэн S.Kreppel-ийн онож хэлснээр Happy Animals буюу аз жаргалтай амьтны)/ нэн өвөрмөц түүхий эд байна. Бусад орнуудын ямааны ноолуураас үүгээрээ ялгарна. Дээрээс нь байгалийн эрдэс баялаг, ургамал дээр тулгуурласан цоо шинэ технологи ашиглах бололцоо байна.

Ингэж эко бүтээгдэхүүн үйлдвэрлэж гаргавал Хятад, Итали улсын үйлдвэрлэгчдээс ялгарч, түүгээрээ манлайлж,   хэрэглэгчдийг татаж, зах зээлээ өргөжүүлж чадна. Дэлхийн ноолуурын нөөцийн ихэнхийг үйлдвэрлэдэг хятад ямаа үндсэндээ цагаан өнгөтэй, Афган, Иран ямаа бараан өнгөтэй, харин монгол ямаа солонгын долоон өнгөтэйгээр нэн өвөрмөц, хаана ч байхгүй малд тооцогддог. Тэгэхээр зөвхөн Монголд л химийн будаг материал хэрэглэлгүйгээр 100 хувь цэвэр ноолуураар, өнгө хосолсон гоёмсог натурал бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломж байгаа юм.

-Танай Холбоо үүнийгээ ажил хэрэг болгохоор олон улсын төслийнхэнтэй хамтран Монголын тансаг ширхэгт брендийг бий болгохоор ажиллаж байгаа гэл үү?

-Азийн Хөгжлийн Банк-наас манай ноолуур боловсруулах салбарт "Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний маркетинг, брендийг хэрэгжүүлэх" төслийг хэрэгжүүлж байгаа. Монголын Ноос, Ноолуурын холбоо энэ төслийнхөнтэй хамтарч "Mongolian Noble Fider буюу Монголын тансаг ширхэгт" гэсэн брендийг бий болгохоор ажиллаж байна. Уг бренд нь "Хаан Ширхэгт" гэсэн логотой байна.

Энэхүү "Хаан Ширхэгт" гэдэг нэгдсэн лого нь үйлдвэр, компани тус бүрийн өөрийн логотой бүтээгдэхүүний чанарыг баталгаажуулан гэрчлэх тэмдэг байх юм. Ингэснээр бренд бүтээгдэхүүн гаргахад тавигддаг чанарын нэгдсэн шаардлагыг хангах бололцоо бүрдэнэ. Тэгээд ч "ЭКО БҮТЭЭГДЭХҮҮН" нь чанарын хувьд гологдохгүй харин ч жинхэнэ натурал гэдгээрээ хэрэглэгчдийн таашаалд нийцэж, эрэлттэй бүтээгдэхүүн болно гэсэн итгэл дүүрэн байна.

Тиймээс манай үйлдвэрүүд нэгдэж "Хаан ширхэгт" гэсэн логогоор бүтээгдэхүүнээ экспортлож дэлхийн зах зээл дээр таниулах нь илүү үр дүнтэй, зах зээлээ тэлэх боломжийг нээж өгөх юм. Ер нь дээрх төслийн эцсийн зорилго нь Монголд үйл ажиллагаа явуулж буй үйлдвэр компаниудыг энэ логон доор нэгтгэж "Хамтын маркетинг"-ийг жинхэнэ утгаар нь хэрэгжүүлэхэд оршиж байгаа юм.

-Эко бүтээгдэхүүнийг хэзээнээс үйлдвэрлэж, дэлхийн зах зээл дээр гаргах боломжтой вэ?

-Монголын Ноос, Ноолуурын Холбоо Яамтайгаа хамтран жил бүр "үзэсгэлэн -

худалдаа" зохион байгуулж тухайн жилд олсон ололт амжилтаа худалдан авагчдадаа сурталчилж дараа жилийнхээ зорилтыг тодорхойлдог уламжлалтай.

2012 оны үзэсгэлэн худалдаа саяхан "Мишээл" төвд болж "Оны шилдэг бүтээгдэхүүн"-ийг шалгаруулсан. "Алтай Кашмер" компанийн "Брендийг хөгжүүлэх" төслийн багтай хамтарч ноолуурыг будалгүйгээр байгал-ийн өнгөөр нь өнгө хослуулж үйлдвэрлэсэн цамцыг шилдэг бүтээгдэхүүнээр өргөмжилсөн.

Мөн сарлагийн хөөврийг байгалийн өнгөөр нь өнгө хослуулж, хээ сүлжээсний оновчтой технологиор үйлдвэрлэсэн "Баялаг Өлзий" компанийн сүлжмэл бүтээгдэхүүнийг "Оны онцлог бүтээгдэхүүнээр" шалгаруулсан. Энэ бүхэн бол байгалийн цэвэр бүтээгдэхүүн үйлдвэрлэх анхны алхам, оролдлого юм.

-Эко бүтээгдэхүүн үйлдвэрлэхдээ байгалийн эрдэс бодис, ашиглахаар төсөлболовсруулж байгаа гэл үү?

-Монгол орон эрдэс баялгийн асар их нөөцтэй. Энэхүү их баялгаас ноолуурыг угаах, зөөлрүүлэх зэрэг дэлхийн практикт өргөн хэрэглэж байгаа химийн бодисуудыг орлуулах бодис гарган авах бүрэн боломжтой гэж манай холбоо болон Нэхмэлийн хүрээлэнгийн эрдэмтэд үзэж байна.

Хэрэв бид яамныхаа дэмжлэгтэйгээр нэхмэлийн хүрээлэнгийн эрдэмтэн, багш нарын оролцоотойгоор шинжлэх ухаан технологийн төсөл хэрэгжүүлэн Монголынхоо эрдэс баялгаас химийн бодисыг орлох натурал бодис гарган авч чадвал жинхэнэ "эко бүтээгдэхүүн" үйлдвэрлэх технологийг эзэмшлээ гэсэн үг. Үүний тулд Монголын Ноос, ноолуурын холбоо нэхмэлийн хүрээлэнгийн эрдэмтэн багш нартай хамтран "Төсол" боловсруулж ҮХААЯ-даа танилцуулаад байна.

Гэхдээ бид бүх бүтээгдэхүүнээ байгалийн өнгөөр нь үйлдвэрлэх боломжгүйг энд цохон тэмдэглэх ёстой. Тиймээс урьд өмнө Нэхмэлийн хүрээлэнгийн эрдэмтдийн боловсруулсан "Ургамлын гаралтай будаг үйлдвэрлэх технологи"-ийг үйлдвэрлэлд нэвтрүүлж цаашид ийм төрлийн будгаар өнгө хосолсон гоёмсог бүтээгдэхүүн үйлдвэрлэх шаардлагатай байгаа юм.

Хэрэглэж. байгаа түүхий эд нь, бэлчээрээрээ, дураараа, зэрлэгээр шахуу амь дардаг монгол малынх, гадны ямар ч хольцгүй 100 хувь цэвэр, байгалийн өнгөөрөө, будсан ч гэсэн ургамлын гаралтай будгаар будаж өнгө алаглуулсан,   дээрээс   нь ашигласан туслах материалууд нь эх орны байгалийн эрдэс бодис байна гэхээр манай салбарын үйлдвэрлэх гэж байгаа бүтээгдэхүүн жинхэнэ "Эко бүтээгдэхүүн" болно.

Дэлхийд хэн ч, хаана ч үйлдвэрлээгүй, үйлдвэрлэх боломж ч хомс ийм эко бүтээгдэхүүн нь "ногоон" гэрлээр дэлхийн зах зээл дээр борлогдох болно гэдэгт бид итгэлтэй байгаа. Ямар ч химийн бодисгүй, ноолуурын өөрийн  өнгийг хослуулан хийсэн бүтээгдэхүүн гэдгээрээ Монголын "Хаан ширхэгт" бренд дэлхийд түгж чадна. Харин "Супер бүтээгдэхүүн"' үйлдвэрлэх тоо хэмжээг нэмэгдүүлэх замаар гадаад зах зээлээ өргөжүүлэхэд    эко    бүтээгдэхүүн үйлдвэрлэснээс  илүү  цаг хугацаа шаардлагатай байгаа.  

Дэлхийн   тэргүүниий хөгжилтэй орны туршлагаас харахад дээд зэрэглэлийн чанартай, жингүй  шахам, хадаг мэт уян зөөлөн "Супер бүтээгдэхүүнийг" 60 юмуу түүнээс   дээш    номерийн нарийхан утсаар үйлдвэрлэсэн байдаг. Монголд Говь-II үйлдвэрт дээд зэрэглэлийн нарийн утас үйлдвэрлэх иж бүрэн шугам суурилагдсан хэдий  ч   манай  инженер-техникчид түүний ид шидийг бүрэн ашиглаж хангалттай хэмжээний "Супер бүтээгдэхүүн" үйлдвэрлэж чадахгүй л байсаар байна. Бид ойрын ирээдүйд    энэ    үйлдвэрлэлийнхээ  техник, технологийг бүрэн эзэмшдэг болохын зэрэгцээ одоо ажиллаж байгаа болон шинээр ашиглалтанд орох "Ээрэх үйлдвэрлэлээ'' дээд зэргийн нарийхан утас үйлдвэрлэх чиглэлээр тоноглох шаардлагатай байгаа юм.

Ингэснээрээ дэлхийд өрсөлдөх "Супер бүтээгдэхүүн" үйлдээрлэх нэг нөхцөлийг хангах болно.  Эцсийн эцэст эко болон супер бүтээгдэхүүн үйлдвэрлэх     технологийг эзэмших нь манай ноолуур боловсруулах салбарын эрчимтэй хөгжлийн цорын ганц гарц мөнөөс мөн. Түүгээрээ дэлхийн зах зээлд өрсөлдье л гэж хэлмээр байна даа.