Г.Баярсайхан: Барын зулзагыг бага дээр нь дарья гэж бид яриагүй шүү
2012.01.27

Г.Баярсайхан: Барын зулзагыг бага дээр нь дарья гэж бид яриагүй шүү

УИХ-ын гишүүн Г.Баярсайхантай ярилцлаа.
-Өчигдөр танай намын бүлэг хоёр ч удаа хэвлэлийн хурал зарлалаа. Сүүлийн хэвлэлийн хурлаараа Тэргүүн шадар сайдын албан тушаалыг авч хаясан тухай мэдэгдсэн байна. Хоёр нам зөвшилцөж эхэллээ гэж ойлгож болох уу?

-Уг нь энэ асуудлыг цаг алдалгүй шийдчих ёстой байсан юм. Гэвч Тэргүүн шадар сайдын албан тушаалыг байлгая гэдэг дээр Ардын нам зөрүүдэлж байж багагүй цаг алдлаа. АН нэгэнт хамтарсан Засгийн газраас гарсан учраас Тэргүүн шадар сайдын албан тушаал шаардлагагүй гэж манай намын бүлэг үзсэн юм.

-Тэгэхдээ АН-ын дарга энэ албан тушаалыг хашаад болоод л байсан шүү дээ. МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга яагаад Тэргүүн шадар сайд байж болохгүй гэж?

-Энэ албан тушаалыг хамтарсан Засгийн газар анх байгуулагдахад бий болгосон. Харин одоо хамтарсан засгаас АН гарсан болохоор аль болох орон тоог багасгах хэрэгтэй. ОХУ-д Ерөнхий сайдын нэгдүгээр орлогчоос дөрөвдүгээр орлогч хүртлээ байдаг юм билээ.

Тэр бол агуу том гүрэн. 137 сая хүн амтай улсын Засгийн газар тийм байж болно.

2.7-хон сая хүн амтай манайх шиг улс заавал нүсэр байх албагүй. Аль болох цомхон, бага аппаратаар төрийн ажлыг явуулах ёстой. Ер нь бол дэд сайд нар ч илүү орон тоог Монгол Улсын төрийн албан хаагч өдгөө 160 мянгаас хол давчихаад байхад Тэргүүн шадар сайдыг ч болтугай байхгүй болгоё. Төр дэндүү данхайж байна. Үүнээс болоод хүмүүс хувийн хэвшилд ажиллах сонирхолгүй болж. Төрийн албанд л шургалж байвал боллоо гэсэн уур амьсгал нийгэмд газар авах боллоо.

-Сайндаа ч биш, Тэргүүн шадар сайдын ажлын албанд УБЕГ багтдаг. Хэрэв Улсын бүртгэлийн Ерөнхий газар МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын гарт орчихвол сонгуульд луйвар орж магадгүй гэж танайхан айцгаасан юм биш үү. Хөрөнгө, мөнгөө С.Батболд нь базчихна, хүн амаа У.Хүрэлсүх нь атгачихаар АН хэцүүднэ гэж бодоогүй гэж үү?

-Тэргүүн шадар сайдын албан тушаалын хувьд У.Хүрэлсүх уу, өөр хүн томилогдоно уу бидэнд хамаагүй. Асуудал   үүнд   байгаа   юм биш. МАН тэртэй тэргүй олонх  шүү дээ. Тиймээс У.Хүрэлсүх нь Тэргүүн шадар сайд болоод Улсын бүртгэлийн Ерөнхий газрыг бариад, сонгуульд орох нь гэсэн айдас миний хувьд лав алга. Ямар ч хүчтэй тэмцэгч байсан бид өрсөлдөөд, ялаад л гараад ирнэ. Шинээр хүчтэй өрсөлдөгч бий болчих вий, барын зулзагыг бага дээр нь даръя гэсэн гэнэн зүйлийг бид яриагүй.

Түрүүн та цаг алдлаа гэсэн. Бойкот хийж, цаг алдуулах ажлыг танай намынхан хийсэн санагдана. Тэргүүн шадар сайдын албыг хас, бусад сайдаа гаднаас томил гээд л. Юу ч хийсэн сэтгэлд нь нийцдэггүй айлын ааштай авгай нар шиг аяглаад байсан биз дээ?

-Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагаа тасралтгүй явагдах ёстой. Бид ч гэсэн төрийн ажлыг тасалдуулахгүй байх зорилгоор хамтарсан Засгийн газарт орсон. Гэвч ирсэн зочин буцдагтай адил АН хамтарсан засгаас гарах шийдвэрээ ҮЗХ-гоороо гаргасан. Мэдээж хамтарсан засгаас гарсны дараа орын асуудал яригдсан. Төрийн ажил учраас АН, МАН-ын аль аль нь бие биендээ найр тавих шаардлагагүй. Аяганы хариу өдөртөө, агтны хариу жилдээ гэдэг шиг МАН өгөө, авааны сэтгэхүйтэй харьцаж болохгүй л дээ. Бид хэдий гараад явсан ч гэсэн ор залгах зургаан сайд өндөр ёс суртахуунтай байх ёстой. Улс төрийн өндөр соёл, улстөрийн өндөр ёс зүйтэй хүмүүс Засгийн газрын босгыг давна гэсэн байр суурийг бид илэрхийлж байгаа. Ийм л хүмүүсийг оруулаад ирвэл дэмжихгүй гэж гэдийж суух хэрэг бидэнд байхгүй.

-Тэгвэл нэр дэвшсэн хүмүүс сайдад тохирохгүй гэж хэлэх гээд байна уу?

-Тийм ээ. Сайдад нэр дэвшигч ямар нэгэн мөнгө төгрөг, хар бараан асуудалтай нэр холбогдсон байх ёсгүй.

-Та Хонгорын асуудлыг хэлээд байна уу?

-Тийм ээ. Өнөөдөр хүртэл миний ширээгээр дүүрэн Хонгорын иргэдийн өргөдөл байна. Ихэнх нь цианитын архаг хордлоготой гэсэн гомдол илгээж.

-Яагаад Хонгорын асуудал танд ирдэг билээ?

-Байгаль орчны байнгын хорооны гишүүний хувьд ийм асуудлаар иргэд над руу ханддаг юм.

-Газар дээр нь очоод ирсэн сэтгүүлчид үгүйсгээд л бичээд байсан даа?

-Архаг хордлогын шинж тэмдэг үнэхээр байсаар байгаа юм билээ. Тухайн иргэдэд нөхөн төлбөр, эмчилгээний зардал гэх мэтээр шийдэгдээгүй асуудал зөндөө бий. Гэвч орон нутагт нь энэ бол зүгээр л арьсны өвчин зэргээр асуудлыг намжааж байгаа юм билээ. Цианитын хордлого экзем хэлбэрээр гарч, хуурайшиж, загатнаж болно. Мэдээж иргэд бүгдээрээ экземтэй, арьсны өвчтэй байж болохгүй. Нийтээрээ экземтэй байгаа нь хордлогын шинж тэмдэг яваад байна гэсэн үг. Харамсалтай нь энэ бүхэн зарим тохиолдолд хавдраар дуусаж байна. Ерөнхийлөгчийн хэлсэнчлэн 2011 оны 12 дугаар сарын 7, 8-нд хоёр хүн хавдраар дараалаад нас барсан нь үнэн шүү дээ.

-Та яаж мэдэж байгаа юм бэ?

-Өвчнийх нь түүхийг судлаад үзэхэд цианитын хордлого нь хүндэрч явсаар хавдраар нас ба-рахад хүргэсэн байсан. Монгол Улсад уул уурхай буруу хөгжиж байгаагийн нэг хэлбэр нь Хонгор сум. Ийм байдалд орсон олон сум бий. Хонгор эдгээр сумдын зөвхөн ил харагдаж буй мөсөн уулын оргил нь юм.

-Тэгэхдээ улстөрийн ёс зүйн босгоос илүү УИХ дотроос сайдад нэр дэвшигчийг тодрууллаа гээд дургүйцээд байсан шүү дээ. Үнэндээ АН-аас сонгогдсон гишүүн сайд хийж болдог, МАН-ынх бол болдоггүй юм уу гэж бухимдаж байгаа хүмүүсийн зөв л санагдсан?

-МАН-ынхан ч, манай намын-хан ч тэр УИХ-ын гишүүн хүн Засгийн газрын гишүүн байх нь зохисгүй юм байна гэдгийг өмнө нь ярьж байсан. Энэ утгаараа Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Засгийн газрын гишүүдийг гаднаас томилох нь зүйтэй гэдгээ илэрхийлсэн. Миний хувьд ч энэ асуудлыг дэмжиж байна. Ингэж байж Засгийн газар УИХ-д ажлаа тайлагнадаг, УИХ-ын хяналтад орж ажиллах орчин нь бүрдэнэ.

-Та Ерөнхийлөгчийг л өмгөөлж, хамгаалаад байх юм. Гэвч Монголын ард түмний эв нэгдлийн бэлгэ тэмдэг болсон Ерөнхийлөгч аль нэг намын өмнөөс амбицалж, улстөржөөд байж болохгүй биз дээ. Сүүлийн үед их л намчирхах болж?

-Ерөнхийлөгч огтхон ч улстөржөөгүй. Ерөөсөө л Ерөнхийлөгчийн ярьж байгаа зүйл өөрөө эрүүл учраас хэсэг бүлэг хүмүүс айж байгаа юм. Засгийн газрыг гаднаас бүрдүүлье' гэж ярьж байгаагийн буруу юу байна аа.

-Тийм л дээ. Тэгэхдээ АН-ын дарга Н.Алтанхуяг хамтарсан засгаас гарахдаа «Цаашид дэмжиж ажиллана» гэдгээ илэрхийлж байсан. АН-ын бүлгийн байр суурийг Н.Алтанхуяг дарга илэрхийлэх ёсгүй ч АН-ын гишүүд хэлсэндээ хүрсэнгүй гэж иргэд харж байна?

-Хэнийг ч оруулж ирсэн бид дэмжинэ гэж манай намын дарга хэлээгүй байх. Зарчмын хувьд ажлыг чинь дэмжинэ ээ гэж хэлсэн болов уу. Чадварлаг хүмүүсийг оруулахын төлөө өндөр шалгуур тавьж байгаа. Үүнд буруу юм байхгүй.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.