“Тогтвортой хөгжил-байгаль орчны засаглал” үндэсний чуулганы  хаалтын ажиллагаанд зориулан БОАЖ-ын сайд Л.Гансүхийн хэлсэн үг
2012.01.16

“Тогтвортой хөгжил-байгаль орчны засаглал” үндэсний чуулганы хаалтын ажиллагаанд зориулан БОАЖ-ын сайд Л.Гансүхийн хэлсэн үг

Юуны өмнө өнөөдөр та бид хамтран зохион байгуулсан үндэсний чуулганы үйл ажиллагаанд идэвхтэй оролцсон нийт хүмүүст зохион байгуулагчдын нэрийн өмнөөс болон хувиасаа баяр хүргэж талархал дэвшүүлье!

Монгол улсын эдийн засагт байгалийн нөөц баялагт суурилсан үсрэнгүй өсөлт гарч улс орны амьдралд томоохон эргэлт өөрчлөлт авч ирэх хөгжлийн энэ чухал үед та бид хамтран тогтвортой хөгжил-байгаль орчны тулгамдсан асуудлыг олон талаас нь тунгаан хэлэлцсэн нь үнэхээр цаг үеэ олсон чухал арга хэмжээ боллоо гэж дүгнэж байна. Монголын ард түмний нийтлэг эрх ашгийн үүднээс манай орны ойрын ирээдүйн хөгжлийг хангах байгалийн нөөц баялагт тулгуурласан олборлох үйлдвэрлэлийн эдийн засгийн өсөлтийг аль болохоор байгаль орчинд хор хохирол багатай байлгах, амьд байгалийн өөрийн жамаараа нөхөн сэргэх нөхцлийг хангасан дэлхий нийтийн хүлээн зөвшөөрсөн тогтвортой хөгжлийн суурь зарчимд үндэслэн явуулахаас өөр арга зам байхгүй. Энэ арга замаа тодорхойлохын тулд олон талаас нь шүүн тунгаан хэлэлцэх нь өнөөдрийн чуулган болон түүний 3 салбар хэлэлцүүлгийн үндсэн зорилго байсан юм. Бид хамтдаа үндсэн зорилгоо бүрэн биелүүлж чадлаа.

Уул уурхайн хөгжил тойрсон асуудлууд, хүрээлэн буй орны бохирдол доройтол, уур амьсгалын өөрчлөлт, дэлхийн дулаарал зэрэг нь үнэхээр Манай засгийн газрын өмнө төдийгүй манай улс орны өмнө тулгамдсан томоохон сорилтууд болоод байна. Эдгээр сорилтыг зөв даван туулах үндсэн арга замууд нь байгаль орчны салбарын эрх зүй, эдийн засгийн шинэчлэл, удирдлага зохион байгуулалтын төгөлдөршил, сайн засаглалын төлөвшил гэдэгтэй та бид санал нэг байгаа нь чуулганы хэлэлцүүлгийн явцаас тодорхой байлаа.

Хэлэлцүүлгийн явцад та бүхний тодорхойлон хэлсний дагуу Засгийн газраас УИХ-д өргөн бариад байгаа байгаль орчны салбарын эрх зүйн шинэчлэлийн багц хуулийн төслийг цаг алдалгүй хэлэлцүүлэн батлуулахад БОАЖЯ санаачилгатай ажиллаж, УИХ-ын гишүүдтэй нягт хамтран ажиллах болно. Эдгээр хуулийн төсөл нь Байгаль орчны салбарын  эрх зүйн орчинг боловсронгуй болгож одоо мөрдөгдөж буй хуулийн эрх зүйн чадамжийг сайжруулж эдийн засгаа байгаль орчинд ээлтэйгээр хөгжүүлэх тогтвортой хөгжлийн нийтлэг зарчмыг хангахад чиглэсэн байгаа юм. “Ашиглагч нь хамгаалагч байх, бохирдуулагч нь хохирлыг нөхөн төлөх” суурь зарчимд тулгуурлан байгалиас баялаг хүртэгч нь хамгаалагч байж, байгалийн нөөц, баялгийн үнэлэмжийг эрс нэмэгдүүлэх, байгаль хамгаалахад зарцуулах хөрөнгийн найдвартай, хангалттай эх үүсвэр бүрдүүлэх  зэрэг зохицуулалтыг эдгээр хуулийн төсөлд тусгаж байгаа.

Байгаль орчны салбарын удирдлага, зохион байгуулалтын асуудлаар олон санал гарлаа. Байгаль орчны асуудлыг үндэсний хөгжлийн тэргүүлэх ач холбогдолын түвшинд авч үзэж байгаль орчны нэгдсэн бодлогын тогтолцоог бүрдүүлэх энэ хүрээнд газрын нөөцийн нэгдсэн бодлого, байгаль орчны төрийн хяналтын бүтэц зэргийг төвлөрүүлэн байгаль орчны асуудлыг үндсэн чиг үүргийн яамны статустай байх хэмжээнд авч үзсэн бүтэц зохион байгуулалтын санал боловсруулах нь зүйтэй гэсэн олонхийн саналыг сайшаан дэмжиж байна. Энэ асуудлыг манай яам сайтар судлан холбогдох яам, газартай зөвшилцэн тодорхой санал боловсруулан 2012 оны УИХ-ын сонгуулиас өмнө Засгийн газарт хүргүүлэх арга хэмжээ авах нь зүйтэй гэж үзэж байна.

Байгаль орчны салбарт сайн засаглалыг хөгжүүлэх талаар та бүхнээс олон үнэтэй санал гарлаа. Сайн засаглалын үндсэн элемент болох хүний болон санхүүгийн нөөцийг тогтвортой байлгах эрх зүйн орчин хангалтгүй байгаа үүнд бид ихээхэн анхаарч ажиллах болно. Энэ чиглэлээр томоохон төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх  замаар олон улсын туршлага, сургамжийг ч нэвтрүүлэхэд илүүдэх зүйл байхгүй гэж үзэж байна.

Ингээд чуулганаас гарсан санал зөвлөмжийг ажил хэрэг болгоход миний бие болон манай яам бүх бололцоогоо дайчлан ажиллах болно гэдгийг та бүгдэд уламжилъя. Маргааш та бид Байгаль орчны ажилтны улсын зөвлөгөөн зохион байгуулж төр засгийн байгууллага ард иргэдэд хандсан тодорхой уриалга гаргахаар төлөвлөж байгаа гэдгийг мэдэж байгаа байх аа.

Монгол орныхоо байгалийг үеийн үед цэвэр, ариун байлгахын төлөө бүгдээрээ хамтран зүтгэе! Байгаль хамгаалах ариун үйлс улам дэлгэрэх болтугай!