2011.12.16
Улсын онцгой комисст ирүүлэх мэдээллийн уялдаа холбоог сайжруулах хэрэгтэй
Монгол Улсын Шадар сайд М.Энхболд 2011 оны 12 дугаар сарын 15-ны өдөр аймаг, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Засаг дарга нарын семинарт оролцож, өөрийн эрхлэх асуудлын хүрээний харъяа байгууллага, агентлагуудын үйл ажиллагааны талаарх мэдээллийг хийж, орон нутгийн удирдлагуудад үүрэг даалгавар өглөө.
Юуны өмнө өнгөрсөн оны сүүлчээр УИХ-аар батлагдсан Төрийн хяналт шалгалтын тухай хуулийг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор Мэргэжлийн хяналтын байгууллагын үйл ажиллагааны өөрчлөлтийг танилцуулж, ирэх 2012 онд дээрх өөрчлөлтийг хэрэгжүүлэх чиглэлд анхаарч ажиллахыг хүслээ. Мэргэжлийн хяналтын байгууллагын ажлын хэрэгцээнд зориулж техник, тоног төхөөрөмжөөр хангахаар ирэх жилийн төсөвт 2,5 тэрбум төгрөг тусгасан. Мөн ажиллах орчин нөхцлийг дээшлүүлэх чиглэлээр байр савны засвар үйлчилгээнд 300 гаруй сая төгрөг тусгасан. Эдгээр ажлыг хэрэгжүүлэхэд орон нутгийн удирдлагууд тухайн аймгийн мэргэжлийн хяналтын байгууллага бүр дээр хяналт тавьж, тусалж дэмжиж ажиллахыг хүслээ.
Үүнээс гадна ирэх 1, 2, 3 дугаар саруудад олон жилийн дунджаас 1-1,5 дахин илүү см цас орно гэж цаг уурын байгууллагаас анхааруулж байгаа тул орон нутгийн удирдлагууд өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах, нөөц бүрдүүлэх тал дээр онцгой анхаарч ажиллахыг үүрэг болголоо. Өвөлжилт хүндрэх буюу улсын хэмжээнд гамшгийн байдал нүүрлэсэн тохиолдолд орон нутгийн удирдлага буюу аймгийн Онцгой комиссын даргын албан ёсны мэдээллийг цаг тухайд нь авч байх шаардлагатай гэдгийг Улсын Онцгой Комиссын дарга, Шадар сайд М.Энхболд хатуу анхаарууллаа. Ямар нэгэн байгалийн үзэгдэл болсон тохиолдолд орон нутгийн удирдлагын албан ёсны мэдээ ирээгүй байхад сумын Засаг дарга буюу, УИХ-ын гишүүд мэдээлэл өгөх тохиолдол элбэг байгаа. Иймд ажлын уялдаа холбоогоо сайжруулж ажиллахыг үүрэг болголоо.
Ирэх жилийн төсөвд тусгаснаар: Онцгой байдлын чиглэлээр Улаанбаатар хотод 3 газарт, Ховд аймгийн Булган суманд гал унтраах ангийн барилга барих, Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн улсын нөөцийн газарт засвар үйлчилгээ хийх болсон тухай мэдээллийг өглөө.
Хүүхдийн байгууллагын үйл ажиллагааны тухайд энэ жил Хүүхдийн эрхийн хэрэгжилтийн талаар мэдээллийн сантай болох томоохон ажлыг хэрэгжүүлж эхэлсэн. Гэтэл зарим орон нутгийн удирдлагууд цаг тухайд нь мэдээллээ ирүүлдэггүй, 2011 оны 3 дугаар сард эхлүүлсэн “Хүүхдийг болзошгүй эрсдлээс хамгаалах, урьдчилан сэргийлэх” олон нийтийн санаачилгын хүрээний ажлыг дэмжин ажиллахгүй байгаа тохиолдлыг сануулж, цаашдын үйл ажиллагаандаа тусган ажиллахыг хүслээ.
2011 оны 11 дүгээр сард Монгол Улсын Шадар сайдын 61 тоот тушаал гарч, өвлийн улиралд бага насны хүүхдийг аливаа эрсдэлд учруулахгүй байх, дулаан тохь тухтай орчинд өвөлжүүлэх ажлыг эхлүүлсэн. Одоогоор Улаанбаатар хотын удирдлагууд энэ тушаалыг хэрэгжүүлж, эхний ээлжинд 157 хүүхэд хүлээн авч, тодорхой хөрөнгө гарган ажиллаж байна. Аймаг, орон нутгийн удирдлагууд энэ чиглэлд мөн анхаарлаа хандуулан ажиллахыг хүслээ.
Үүнээс гадна өнөөдрийн уулзалт дээр Монгол Улсын Шадар сайдын эрхлэх асуудлын хүрээний харъяа байгууллагын үйл ажиллагааг танилцуулж, 100 мянган айл орон сууц хөтөлбөрийг орон даяар хэрэгжүүлэхэд аймаг орон нутгийн удирдлагууд ямар чиглэлд хэрхэн анхаарч ажиллах заавар зөвлөмжийг өглөө.
Уулзалтын төгсгөлд Шадар сайдын эрхлэх асуудлын хүрээний үйл ажиллагаатай холбогдсон асуудлаар аймаг орон нутгийн удирдлагууд тодорхой асуултыг асууж, саналаа хэлснээр уулзалт өндөрлөсөн юм.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.